Дизайнерын шил авах хэрэг байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Дизайнерын шил авах хэрэг байна уу?

Үгүй ч байж магадгүй. Ихэнхдээ дизайнерын ч бай нарны шилийг цаана нь нэг л компани үйлдвэрлэдэг байна. Худалдаж авахынхаа өмнө дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй байж магадгүй гэж “Wall Street”-ийн сэтгүүлч Brett Arends бичиж байна.

Зун зүүх шилээ хайн дэлгүүр хоршоогоор явж байна уу? Энэ бол нүдний шилний улирал бөгөөд дараагийн дизайнерын шилээ авахдаа хэдэн зуун ам.доллар зарцуулж магадгүй. Хэрвээ харааны шил зүүдэггүй бөгөөд шууд авч зүүх бол “Prada”, “Bulgari” зэрэг шилүүд ойролцоогоор 500 ам.доллар болох болно. Тийм ч үнэтэй биш “Ray-Ban”, “REVO” зэрэг шилүүд хэдэн зуун ам.доллар болж магадгүй.

Эдийн засаг хямралтай байгаа үед ч гэсэн дизайнерын шил том бизнес. Сүүлийн үед хүмүүс илүү хэмнэлт хийдэг болоод байгаа тухай мэдээ би сонсож байгаа ч худалдааны төвүүдээс үүнийг олж харахгүй байна. 2009 оны эхээр борлуулалт нь унаж байсан “Sunglass Hut”-ын борлуулалт энэ оны эхний улиралд 10.8 хувиар өссөн байна. Гэвч эдгээр үнэтэй брендүүд үнэхээр өөр үү, үнэтэйгээ дүйцэх үү? Тэд зүгээр хүнсний дэлгүүрээс 25 ам.доллараар авч болох нарны шилнүүдээс илүү сайн байж чадах уу? Дизайнерын шил авахаасаа өмнө дараах зургаан зүйлийн талаар бодож үзэх хэрэгтэй байж магадгүй.

1.    Ихэнх нарны шилнүүдийг нэг л компани үйлдвэрлэдэг.
“Ray-Ban” юм уу “Oakley”  шиг “чанартай” шил авахыг хүсэж байна уу? “Bulgari”-гийн нарны шил “Dolce & Gabbana”-гийнхаас илүү дээр гэж боддог уу? Эсвэл “Salvatore Ferragamo” “Prada”-гийнхаас дээр үү? Сэрээрэй! Тэднийг цөмийг нь нэг л компани, Италийн үйлдвэрлэгч “Luxottica” үйлдвэрлэдэг бөгөөд энэ бол хэрэглэгчид нэрийг нь бараг сонсоогүй дэлхийн хамгийн том компани юм. “Luxottica” мөн “Burberry”, “Chanel”, “Polo Ralph Lauren”, “Paul Smith”, “Stella McCartney”, “Tiffany”, “Versace”, “Vogue”, “Persol”, “Miu Miu”, “Tory Burch”, “Donna Karan” нарын нарны шилнүүдийг үйлдвэрлэдэг. “Бид бараг нийт бренд нарны шилнүүдийн 70 хувийг Итали дахь үйлдвэртээ үйлдвэрлэдэг”  гэж “Luxottica” компанийн хэвлэлийн төлөөлөгч Luca Biondolillo ярьж байна. “Бид өөрсдөө дизайныг нь гаргаж, үйлдвэрлэж, бас маркетингийг нь хийдэг” гэж тэр нэмж хэлсэн. Тэд дизайнерууд болон фейшин орднуудтай хамтарч ажилладаг. Тус компани мөн “Ray-Ban”, “Oakley”, “Oliver Peoples”, “REVO” гэсэн брендүүдийг эзэмшдэг.

2.    Ихэнх тохиолдолд нөгөө нэг л компани чамд нарны шилээ зарж байх болно. “Luxottica” мөн “LensCrafters”, “Pearle Vision”, “Sunglass Hut”-ыг эзэмшдэг. Энэ бол бараг босоо интеграц гэсэн үг. Чамд шинэ шил ав гэсэн зөвлөгөө өгдөг нүдний эмч,  чамайг сонголт хийхэд тусалдаг худалдагч, нүдний шилний дизайнерууд, үйлдвэрлэгч нар гээд бүх хүмүүс нэг л компанид ажилладаг. Юу хүссэнээ л өөрийнхөөрөө хий. Гэхдээ чамайг хувьцаа авахад тусалдаг санхүүгийн зөвлөх чинь өөрөө хувьцаа борлуулдаг хамтын санд ажилладаг бол чи ядаж энэ талаар нь мэдэхийг хүснэ биз дээ тийм ээ.

3.    Шинэ шил авах болгондоо би тухайн шил яагаад тийм үнэтэй байгаа талаар боддог. Линзнүүд яагаад үнэтэй байдгийг би ойлгож байна. Тэднийг тусгай материалаар, маш нарийн технологиор бүтээдэг. Харин шилний рааманд 100-200 ам.доллар? Тэдгээр нь бага зэрэг метал буюу хэлбэр оруулсан пластик байдаг. Нэг удаа би миний төлсөн мөнгөнөөс хамаагүй бага жинтэй титан раам авч байсан юм. Шинэ шилний үнэ мэдээж материал болон хөдөлмөрийн хөлсний үнэ цэнийг багтаасан байгаа. Гэсэн ч үнэ нь мөн тухайн брендын үнэ цэнэ, маркетингийн зардлыг мөн багтаасан байдаг. “Luxottica” нэг ам.долларын худалдаа бүрээс 64 центийн бохир ашиг олдог гэж мэдэгдсэн. Үүнээс хөдөлмөрийн хөлс, зардал, маркетингийн зардал, брендийн шимтгэл төлсөн ч гэсэн цаана нь 52 цент үлдэх болно. Энэ бас ч харьцангүй том дүн. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор тус компанийн өгөөж буурсан ч өнгөрсөн жил чамлахааргүй 11 хувийн ашигтай ажилласан байна. Хэдэн жилийн өмнө энэ хэмжээ 20 хувь хүртэл өндөр байжээ. Хөрөнгө оруулагчид тус компанийн ирээдүйд итгэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн жил 13 ам.доллар болж байсан хувьцаа нь энэ жил 25 ам.доллар хүрээд байна.

4.    Үнэтэй шилнүүд нүдэнд илүү сайн байж чадахгүй байж магад. “300 ам.долларын шил илүү сайн харагдаж, бренд нэртэй л байхаас биш 100 ам.долларын шилнээс илүү сайн байж чадахгүй” гэж “Tufts Medical Center” эрүүл мэндийн төвийн доктор Жей Дюкер ярьж байна. “Төлсөн мөнгөний чинь ихэнх нь линзны чанарт биш харин брендэд нь төлсөн төлбөр байгаа. Нүдэнд хортой хэт-яагаан туяаны (UV) хамгаалалтай шил хийх нь тийм ч үнэтэй технологи шаардахгүй” гэж Массачусетсын Нүд, Чихний эмч доктор Реза Дана ярьж байна. Илүү мөнгө төлснөөр чанартай раам авч болох ч улам илүү ихийг төлөх тусам өгөөж буурах хуулийн дагуу нэгж хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг багасах болно. 40 ам.доллар төлөөд хэт ягаан туяанаас 100 хувь хамгаалж чадах шил авч болно. Хэрвээ 70 ам.доллар төлбөл хэт ягаан туяанаас болон нарны гялбалтаас хамгаалах туйлшруулагчтай шил авч болно. Харин түүнээс илүүг төллөө гээд илүү чанартай байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

5.    Эмийн сан, дэлгүүрээс авах шил маш чанар муутай биш.
Ихэнх хүний хувьд ердийн шил хангалттай. Хүмүүс ердийн цагаан гэрлийг блок хийхийн тулд шил зүүдэг. Энэ үүднээс нь үзвэл хямдхан шилнүүд ч хангалттай. Тэд бүгдийг нь биш гэхэд ихэнх “UV” туяаг блоколдог.

6.    Тансаг шилнүүд арай л илүү үнэтэй. Хэрвээ нарны шилийг олон жил хэрэглэж болдог байсан бол өөр хэрэг. Гэвч хэн тийм шил үйлдвэрлэдэг билээ? Хүмүүс тухайн жилийн загвартай хөл нийлүүлэхийн тулд дизайнерын шил худалдаж авдаг. Гэвч сүүлд нь хаа нэгтээ хаяж, гээдэг. Далайн хөвөөн дээр ч юм уу. Эсвэл шилэн дээрээ суух юм уу гишгэдэг. Би хувьдаа нарны шилийг хэсэг хугацаанд хэрэглээд хаях зүйл гэж үздэг. Олон хүн надтай санал нийлнэ гэж бодож байна. Эдгээрийг амьдрал туршдаа хэрэглэнэ гэж тооцох юм бол зардал нь талийх болно.  4 хувийн хүүтэй хадгалах буюу хөрөнгө оруулалт хийхийн оронд жил тутам 200 ам.доллараар шил авна гэж тооцвол 50 жилд энэ мөнгө 30,000 ам.доллар болох болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж