“Хөгжлийн төлөө түншлэл” уриатай төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын талаар хэлэлцсэн “Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015” форум өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдрийн форумд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд мянга орчим төлөөлөгч оролцлоо. Соёлын төв өргөө”-нд эхэлж, “Блю скай”-д үргэлжилсэн энэхүү форумд мөн 2015 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой үзэсгэлэн гарч, нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төсөл, худалдан авалтыг мэдээлж байсанд хувийн хэвшлийнхэн олзуурхаж байлаа.
Өнөөдрийн хурлыг нээж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нээж эхний илтгэлийг тавьсан юм. Тэрээр “Төр хувийн хэвшлийн түншлэл эрх тэгш байх ёстой. Төр, захиргааны байгууллага, албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээдэггүй нь тэднийг өөхшүүлэх том хөшүүрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил бүх эрсдэл, хохирлыг ямар ч нөхцөлд хүлээдэг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс төр хувийн хэвшлийн хоорондох гэрээнд өөрчлөлт оруулж, яг адил торгууль, шийтгэвэрийг оногдуулдаг болно” гэж илтгэлийн үеэр мэдэгдсэн юм. Энэхүү шийдвэрийг бизнес эрхлэгчид тун таатаай хүлээн авч буйгаа мэдэгдэж байлаа.
Илтгэлийнхээ төгсгөлд мөн нийслэлийн Засаг даргын зүгээс “Намайг ажилтай байлгаж, цалин олгож буй та бүхэндээ баярлалаа. Та бүхний татварын мөнгөөр амьдралаа залгуулж байна шүү дээ бид. Хүч хөдөлмөрөөрөө олсон ашгийн тодорхой хувийг татвар болгон өгч байгаа нь “бидэнд хүндрэл чирэгдэл, хүнд сурталгүй үйлчлээрэй” гэсний илрэл” гээд хувийн хэвшлийнхэнтэй цаашид нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
Хурлын дараагийн илтгэлийг ганцхан сарын өмнө байгуулагдаад байгаа 70 гаруй бизнес эрхлэгчдээс бүрдсэн “Улаанбаатар хотын Худалдааны танхим”-ын удирдлагууд болох тус танхимын ерөнхийлөгч Ж.Од, гүйцэтгэх захирал О.Амартүвшин нар тус бүр илтгэл тавьлаа. “Бид анхныхаа чуулга уулзалтыг хотын захиргаатай хамтран хийж байгаагаараа илүү онцлогтой байна. Монгол Улсын хөгжил бол хотын хөгжилтэй шууд холбоотой. Улсыг, хотыг хөгжүүлэх нь хувийн хэвшилтэй хамтран ажиллахад оршино. Хотоос худалдан авалт, төсөл хөтөлбөрөө хувийн хэвшлүүдэд ил тод болгосноор бизнес эрхлэгчдэд илүү боломж олгож байна” гэж танхимын удирдлагууд онцолж байсан юм.
Мөн төрийн хүнд суртал, хүндрэл чирэгдлээс үүдэн эрсдэл хохирлыг байнга хүлээж үүрдэг бизнес эрхлэгчдийг баярлуулсан нэгэн шийдвэр нь олон улсын жишигт нийцсэн Арбитрийн шүүхийг “Худалдааны танхим”-ын дэргэд байгуулах явдал байсан юм. “Өнөөдрийн хурлаар Хотын дарга төрийн үйлчилгээг цаашдаа шударга хариуцлагатай байлгах үүднээс анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Үнэндээ төр хувийн хэвшлийн хооронд үүссэн маргаан, гэрээ гээд асуудлуудад шударга бус зүйл цөөнгүй байсаар ирсэн шүү дээ. Тиймээс Худалдааны танхимын дэргэд олон улсын Арбитрийг хуулийн дагуу гадаадад байгаа жишгийн дагуу ажиллуулах шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Олон улсын Арбитрийн шүүхийг байгуулах юм. Энэхүү шүүхээр төр хувийн хэшлийн хооронд үүссэн маргааныг тус шүүхээр хэлэлцэнэ” гэж Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин илтгэлийнхээ үеэр онцолж байсан юм.
Энэхүү шийдвэрийг сонсон суусан бизнес эрхлэгчид “Хууль эрхзүйн орчны тогтворгүй байдал болон хүнд сурьтал хувийн хэвшлүүдэд тулгардаг хамгийн том асуудал. Төр үүргээ хүлээхгүй бол ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс цаашид хувийн хэвшилтэй хийсэн гэрээнд ямар нэгэн байдлаар хүндрэл үүслээ гэхэд асуудлаар Арбитраар шийдүүлэн төр ч гэсэн эрсдэлээ хүлээж, торгууль төлдөг болох” талаарх шийдвэрийг сайшааж байгаагаа ярилцаж байсан юм.
Энэхүү чуулганаар цаашид хотын хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг бол хувийн аж ахуйн нэгжүүд гэж тодорхойлж байсан юм. Үүнийг ч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа баталж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бидэнд 25,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Эдгээрээс нийслэл болон улсын төсвөөс ердөө хоёр их наяд төгрөгийг олгох боломжтой байгаа юм. Иймээс бид хувийн хэвшилгүйгээр хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Тиймээс өнөөдрийн чуулга уулзалт зохиогдож байна” гэж хэлсэн юм.
Дээрх 25.4 их наяд төгрөгийг шууд бэлнээр тоолоод өгөх боломж улс, нийслэл, хувийн хэвшлийн алинд ч байхгүй нь мэдээж. Тиймээс ерөнхий төслөө ирээдүйн бүтээн байгуулалтаа барьцаанд тавих аргаар хувьцаа, бонд босгох замруу орж байгаа нь зах зээлийн хэвийн, байх ёстой үзэгдэл гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүн Б.Лхагважав ярьсан юм. Мөн тэрээр “Нөгөө талаасаа 2006 онд хувь хүний орлогын албан татварыг орон нутгийн татвар болгосон. Үүгээр Улаанбаатар хотын захиргааны төсвийн 64 хувь бүрдэж байгаа юм. Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүр аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийн төлөө татвараа өгч байна. Буцаагаад тэр татвар нь өөрсдийнх нь амьдрах орчинг сайжруулахад зориулагдаж байгаа юм. Нийтийн мөнгийг нийтэд ашигтай зүйлд зарцуулах механизмыг бид улс даяараа хайж явна. Түүнээс нийтийн мөнгө нэг хэсэг хүмүүсийг баяжуулахад зориулагдвал бид дампуурал руу явж байна гэсэн үг юм” гэж онцолж байлаа.
Мөн чуулганы үеэр нийслэлээс хэрэгжүүлэх гэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг нийслэлийн удирдлагууд мэдэгдэж, бүгд илтгэлдээ дурьдсан юм.
Ямартай ч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүхий эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдсэн, байгальд ээлтэй бүс нутгийн бизнес, санхүү, аялал жуулчлалын төю Ухаалаг, Авлигагүй, Найрсаг хот болгон хөгжүүлэх зорилготой форум ийнхүү өндөрлөлөө.
Д.ЖАРГАЛ