Ц.Нямдорж: Би яг ном журмаар нь хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Би яг ном журмаар нь хариуцлага тооцно

Ц.Нямдорж: Би яг ном журмаар нь хариуцлага тооцно

NEWS агентлаг долоо хоног бүрийн Бямба гаригт өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэдэг билээ.


Ц.НЯМДОРЖ: БИ Л.БЯМБААТАЙ ОЛОН ЖИЛ НЭГ КОНТОРТ АЖИЛЛАСАН

Хорих 461-р ангид хоригдож байсан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хорих ангид хоригдож байсан хүн нас барсан нь хуулийн байгууллага хариуцлага алдсан асуудал гэж олон нийт шүүмжилж буй. Мөн үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч хариуцлага хүлээх ёстой гэх яриа гараад байгаа юм. Тиймээс энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хорих 461-р ангид хоригдож байсан эмэгтэй нас барсан хэрэг гарлаа. Энэ хэргийн талаар олон нийтийн дунд маш олон таамаг явж байна. Ялангуяа хүн амиа хорлож байхад хорих ангийн дотоод журам алдагдсанаас ийм зүйл болсон гэсэн мэдээлэл байна. Салбарын сайдын хувьд та энэ талаар мэдээлэл авсан уу?

-Одоогоор шалгалт хийгдэж байна, шалгалтын дүн гарсны дараа хариуцлагын асуудлыг ярина. Энэ асуудлаар одоогоор хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тодруулбал, хоригдож байсан хүн нас барсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ямар шалтгаантай, яагаад нас барсан талаар шалгалт явуулж байна. Түүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хяналт, шалгалт оруулаад ажиллаж байна. Энэ шалгалтын дүн өнөөдөр эцэслэн гарах байх. Хууль шалгалтын дүн тодорхой  болох үед нь асуудал ярина.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Д.ОЮУНХОРОЛ:ТЕНДЕРИЙН ХУУЛИЙГ ШИНЭЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Тендерийн хуулиар хийсэн хэлэлцүүлэг оролцоо, төлөөлөл сайтай их үр дүнтэй болох шиг санагдсан. Та өргөн барьсан төсөлд орж байгаа гол гол өөрчлөлтүүдээ дурьдахгүй юу?

-Тендерийн хуулийн хэлэлцүүлэгт 60 гаруй төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид идэвхитэй оролцож хуримтлагдсан асуудал, шийдвэрлэх арга зам, гарцыг илэн далангүй ярилцлаа. Хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож үнэтэй санал санаачилга гаргасан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Худалдан авах ажиллагааны түншлэл ТББ, Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл, ААН-үүдийн төлөөлөл, эрдэмтэн сулдаачиддаа  энэхүү завшааныг ашиглан талархлаа илэрхийлье. Тус хэлэлцүүлгээр Тендерийн өрсөлдөөний нэрийн дор худалдан авах ажиллагаанд эрх мэдэлтний эрх ашиг давамгайлж, тендер шалгаруулалтын олон нөхцөл, шаардлага нэрээр хүнд суртал гох дэгээ үүсгэж хэлбэртэх тал руугаа хазайж байгаа тухай нийгэмд бий болсон хардалт, авлига, ашиг сонирхлын зөрчил, бүлэглэл бий болсон зэрэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа бодитой алдааг түргэн засах шаардлага үүссэнийг ярилцлаа.

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийг 2005 онд батлан 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 23 удаагийн өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдан авах ажиллагаанд цахим систем ашиглахыг боловсронгуй болгох, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах тогтолцоог нэвтрүүлэх зэрэг олон шаардлагууд үүсээд байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд худалдан авах ажиллагааны олон дэвшилттэй шинэлэг алхмуудыг санал болгосон боловч орхигдуулсан олон асуудал байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярилцаж хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд ярилцахыг санал болголоо.

-Ээлжит бус хаврын чуулганаар тендерийн хуулийг хэлэлцэж батлахаар яригдаж байгаа юу?

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Татварын багц  хуулиудыг хэлэлцэж батлахаар ээлжит бус чуулган зарлагдахаар яригдаж байна. Тэгвэл тендерийн хуулийн одоогийн өргөн баригдсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах байх. Ингэснээр 2019 оны Төрийн худалдан авах ажиллагаа энэ хуулиар явагдах боломжтой болох юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"БИ ИРГЭНИЙ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД Л ИТГЭДЭГ"

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

өрвөн жилийн өмнө танхимын ерөнхийлөгчийн албыг авахад эдийн засаг хасахтай байсан билүү?

-Тэгсэн. Эдийн засаг тэг рүү орчихсон, дампуурах эсэхдээ тулсан, их хямралын оргил үе байсан. Хамгийн түрүүнд хямралаас яаж гаргах вэ гэж бодсон. 2009 оны хямралаас гаргалцсан туршлага байсан учраас цоо шинэ асуудалтай нүүр тулсан гэж хэлэхгүй. Би иргэний, аж ахуйн нэгжийн эдийн засгийн эрх чөлөөнд л итгэдэг. Эрх чөлөөг нь сэргээж өгвөл хямралаас гардаг л даа.

-Хямралаас гаргахын тулд хамгийн эхлээд юу хийе гэж бодсон бэ?

-Өршөөлийн хууль баталж компаниудад шинээр ажиллах, төрөх, идэвхжих эрхийг нээж өгье гэж бодсон. Эдийн засаг тэг зогсолттой үед санхүү, татварын реформ хийж болдгийг тухайн үеийн засагт ойлгуулж чадсан. Тэгээд Өршөөлийг хуулийг 2015 оны нэгдүгээр сард батлуулчих санаатай зүтгүүлсэн ч УИХ-ын дарга З.Энхболд “Б.Лхагважавын лобби” гэж байгаад унагасан л даа. Гэхдээ 2015 оны наймдугаар сарын 17-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж байж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлуулсан. 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар буюу хэдхэн сарын хугацаатайгаар баталсан юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ГОЛ ТОГЛОГЧ МОНГОЛ БОЛЖ БАЙНА"

Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүс нутгийнхаа аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортолж, ам.доллар олох цаг мөч ойртсоор байна. Ийм боломж ойртсоныг баталсан нэг арга хэмжээ маргааш  /2019.03.01/“Блю Скай” зочид буудлын хурлын танхимд болох нь. Товчхондоо Азийн супер сүлжээнд оролцогчид Монголд уулзалдахаар товложээ. Уг олон улсын хурлыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Монголын бизнесийн зөвлөл юм. Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай энэ сэдвээр ярилцлаа.

-Та Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачлагад эхнээс нь идэвхтэй оролцогчдын нэг. Энэ төслийн  судалгааны ажил удахгүй дуусна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй судалгааны үр дүнд Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага байгуулах зөвлөмж гаргаж байгаа гэж сонслоо. Манайхаас Япон, Хятад, Орос, Солонгост экспортлох эрчим хүчний экспортыг хариуцах байгууллагыг хэлээд байна уу?

-Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн 25 хувь буюу 21 их наяд ам.доллар, худалдааны 20 хувийг эзэлдэг, нийт 1.75 тэрбум хүн оршин суудаг том бүс нутаг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дэлхийн нийт хэрэглээний 37 хувь буюу есөн их наяд киловатт цаг байна. Иймд бүс нутгийн эрчим хүчний шинэ зах зээл бий болгох том зорилго бидний өмнө байгаа. Энэ зорилгоо ажил болохын тулд шат дараатай олон ажил хийгдэнэ л дээ. Судалгаанаас гарч байгаа нэг зөвлөмж бол зах зээлийг бий болгох зохицуулалтын байгууллага байгуулах. Тэр байгууллага нь Монгол Улсад төвтэй байвал зүгээр гэсэн санаа яригдаж байна. Европын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ сүүлийн 40 жилийн хугацаанд 36 орныг нэгтгэн олон үе шатлалтай хѳгжиж байна. Нэгдсэн зохицуулалтын бүтэц, журамтай, гурван янзын зах зээлийн аргачлалаар ѳнѳѳдѳр ажиллаж байх жишээтай. Анзаарвал Европын Холбооноосоо олон гишүүнтэй байгаа биз.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"СКАТ АСТАНА-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ХИЙНЭ"

-БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлддэг болсноор бий болох давуу тал юу вэ. Олон нийт бол тийзний үнэ буурах болов уу гэж хүлээж байна. Мөн Асиана эйрлайнзын тухайд тодруулбал?

-Асиана эйрлайнз нь 1988 онд байгуулагдсан Солонгосын хоёр дахь том авиа компани юм. Дэлхийн 30 авиа компанитай аяллын дугаар хамтран ашигладаг, 83 агаарын хөлөгтэй, олон улсын 76 чиглэлд нислэг үйлддэг дэлхийд дээгүүрт ордог авиа компани. Монгол-БНСУ хооронд хийгддэг агаарын тээврийн эрэлт сардаа дунджаар/аялал жуулчлалын бус улиралд/ 3000 суудал байдаг. МИАТ, Корейн эйр компаниуд энэ эрэлтийг хангаж ирсэн. Гэхдээ ачаалал ихтэй зуны улиралд суудал хүрэлцдэггүй. Харин ирэх сарын сүүлээс  Асиана эйрлайнз нислэг үйлддэг болсноор суудлын тоо 5000 болж нэмэгдэнэ, эрэлт хангагдана гэсэн үг. Эрэлтийг давсан нийлүүлэлт хийхээр зорчигчдод хамгийн таатай үйлчилгээ санал болгосон нь суудал дүүргэлт сайтай өрсөлдөөн бий болно. Энэ нь агаарын тээврээр үйлчлүүлэгч, зорчигчдод илүү таатай, сонголт хийх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"МИНИЙ ЭЭЖИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХӨНӨӨЧИХЛӨӨ"

Цагдан хорих ангид саатуулагдсан гавьяат хуульч Л.Бямбаа өнгөрөгч амралтын өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид дээрх асуудлаар талийгаачийн бэр Р.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр “Манай гэр бүлийн зүгээс өмгөөлөгч авчихсан ажиллаж байна. Тэд хэргийн үнэн мөнийг тогтоохоор явж байгаа” хэмээн ярилцлагаа эхлүүлсэн юм.

-Юуны түрүүнд танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Талийгаачийг саатуулсан өдөр юу болсон юм бол. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Би өнгөрөгч Лхагва гаригт ээжтэйгээ ярьсан. Тэр үед ээж минь “Манай дүүгийн хүүхэд бурхан болчихжээ. Ээж нь хөдөө явах юм байна. Хөдөө явж ирчихээд Бямба гаригт сургалт орох учраас эрт буцаж ирнэ” гэж ярьж байсан. Бид хоёр хамгийн сүүлчийн байдлаар ярьсан нь энэ. Ээж бид хоёр өдөр болгон утсаар ярилцаж ажил хэргээ зөвлөдөг. Ээж охин хоёр ямар харилцаатай байдаг билээ тийм сайхан харилцаатай явдаг. Маргааш нь буюу Пүрэв гаригт ажлаа тараад 18.30 цагийн орчимд ээж рүү залгахад утсаа аваагүй. Ээжийг хөдөө явна гэж байсныг санаад утсаа сонсоогүй юм болов уу гэж бодсон. Манай нөхөр 21.00 цагийн үед аавтай утсаар ярихад “Манай гэрт Авлигатай тэмцэх газраас хүмүүс ирчихсэн нэгжлэг хийж байна” гэж хэлсэн. Тэр үед ээж маань утсаа аваагүй. Хамт ажилладаг ах руу залгахад мөн л утсаа авахгүй байсан. Дараа нь дахин залгаад ээж хаана байгааг асуухад “Дарга хөдөө яваагүй. Ажил дээрээ байна. Манайд шалгалт орчихоод байна” гээд утсаа тасалсан. Ингээд оройн 23.00 цагийн үед дахин залгахад “Даргыг АТГ-аас аваад явлаа гэсэн. Утас нь яасан юм бол гэхэд утсыг нь аваад явсан” гэснээс өөр юм хэлээгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Б.САРАНДАВАА: БИ МӨНГӨТЭЙ БОЛГОДОГ ХҮН БИШ

"Монгол Аура” энергийн төвийн тэргүүн шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Сарандаваатай ярилцахаар Чингэлтэйд байрлах төвийг нь зорин очлоо. Тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг сайн, муу янз бүрээр бичих юм. Би сүүлийн нэг жил хэвлэлд огт ярилцлага өгөөгүй. Чамайг маш олон удаа утсаар залгасан болохоор зөвшөөрлөө. Та бүхэн эхлээд манай төвийн үйл ажилгаатай танилцсаны дараагаар яриагаа эхэлж болох уу" гэсэн юм. Ингээд түүний 2010 онд байгуулсан дөрвөн давхар "21 Дарь эхийн бодлын орон түлхүүр хийдийн энергийн таван өрөө, энергийн эмчилгээний өрөө, бясалгалын, ажлын өрөөнүүдээр үзэж сонирхож дууссанаар түүнтэй ярилцах боломж олдсон юм. 

-Та сайхан шинэлэв үү. Сар шинийн баяраар их ачаалалтай байв уу?

-Жил бүрийн цагаан сараар ачаалал ихтэй байдаг л даа. Анх 2010 оноос хойш жил бүрийн цагаан сарын шинийн 8,15-ны өдөр "Таван хишгийн даллага" лекцээ "21 Дарь эхийн хийд"-ийнхээ лам нартай хамтран зохион байгуулан уншдаг. Анх 2010 оноос эхлэн хийдийн лам нартайгаа хамтран 21 аймаг, Улаанбаатар хотдоо жил бүр "Таван хишгийн даллага" лекцээ уншсан. Монголчууд эрт дээр үеэсээ даллага авдаг уламжлалт ёс заншилтай ард түмэн. Даллага авна гэдэг нь "Буян хишгээ даллан дуудахыг, хурайлах гэдэг нь буян хишгээ хураан авах, уухайлах гэдэг нь энэ хоёрынхоо эрч хүчийг эрчимжүүлэн өөрийнхөө далд ухамсарт шингээн авахыг /кодлохыг/” хэлж байгаа юм. Үүнийг би өөрөө зохиогоод даллага аваад байгаа юм биш. Ард түмэн маань жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор багтаж даллагаа авахуулж засал номоо хийлгэвэл тэр жилдээ сайн явж, буян хишиг нь тогтож, ажил төрөл нь бүтэж, өвчин зовлонгүй, ууж идэх, өмсөх зүүхээр элбэг явна гэж бэлэгшээн засал номоо хийлгэдэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"АВСТРАЛИД БИ МОНГОЛ МОДЕЛЬ ГЭХЭЭР ГАЙХДАГ БАЙСАН"

Мисс, загвар өмсөгч Т.Туяамаатай ярилцлаа. Тэрбээр Монголын загварын ертөнцөд 14, 15-хан насандаа хөл тавьж, 2010 оноос эхлэн “Авьяаслаг мисс”, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байр, 2011 оны Азийн топ модель, 2012 онд Ази, Номхон далайн тэргүүн мисс, 2013 онд “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан чадварлаг загвар өмсөгч билээ. Мисс бүсгүй өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Австрали улсад суралцаж, мэргэжлээрээ дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царайгаар ажиллажээ. Тэрбээр эх орондоо богц дүүрэн ирж, сурсан мэдсэнээ Монголынхоо залууст хуваалцахаар зорьж буй юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Мисс бүсгүй маань эх орондоо хэзээ ирэв?

-Би эх орондоо өнгөрсөн зун ирсэн. Монголдоо ирээд нэлээд хэдэн сар болсон байна. Миний хувьд Австрали улсад бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, хичээлийнхээ хажуугаар загвар өмсөгчийнхөө ажлыг хийж байгаад ирлээ. Би өмнө нь эх орондоо Монгол Улсын Их сургуульд социологич мэргэжлээр төгссөн. Харин Австралийн “Universitу of New Castle” их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр дахин суралцсан. Би ирээдүйд эх орондоо бизнесийн салбарт хүч үзэхээр шийдэж, энэ чиглэлээр Австралид магистр хамгаалсан юм.

-Австрали улсын томоохон брэндүүдтэй хамтран ажилласан гэв үү?

-Моделийн чиглэлээр Австралийн хоёр агентлагтай гэрээтэй ажилласан. Одоо ч гэсэн гэрээ маань дуусаагүй, байнга холбоотой байдаг. Би Австралид маш олон брэндтэй хамтран ажилласан. Зарим брэндүүдийг нь би мөрөөддөг, ямар гоё юм бэ гэж хардаг байсан бол тэр брэндийнхээ үндсэн дизайнертай нь хамтарч ажиллаж үзсэндээ баяртай байгаа. Бас алдартай “Vogue” сэтгүүлийн ковер дээр ажилладаг стилист, дизайнеруудтай танилцаж, хамтран ажилласан. Мөн “Mercedes-Benz Fashion Week” шоунд болон Австралийн загварын долоон хоногт урилгаар хоёр жил дараалан оролцсон цорын ганц Ази модель болсон. Ер нь намайг анх Австралийн Сидней хотод очиход надаас өөр монгол модель байгаагүй. Харин Австралийн Мельбурн хотод маш олон жил ажиллаж байгаа ганц монгол эмэгтэй модель байсан. Би “Wink models”, “The Royal” агентлаг гээд хоёр моделийн агентлагт харьяалагдаж, гэрээтэй ажилласан. Миний хувьд “”Wink models” агентлаг бол нүдийг минь нээж өгсөн гэж хэлж болно. Уг агентлаг нь маш нарийн хөтөлбөрийн дагуу зураг авалтуудаа хийдэг, маш эмх цэгцтэй системээр моделиудтайгаа харилцдаг. Энэ агентлаг нь бага насны моделиос эхлэн ахимаг нас хүртэл бүх насны моделиудтай. Миний хувьд загварын агентлагийн энэ жишээг Монголдоо нэвтрүүлж, бүх насныханд зориулсан загварын агентлаг ажиллуулахыг зорьсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"НИЙГМИЙН ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТЛЫГ  “БҮСГҮЙН ЗУРВАС” ӨГҮҮЛНЭ"

Нэртэй төртэй төрийн түшээ сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр цаг тохирсон сэтгүүлч бүсгүй сайдын гэрт очиж буйгаар “Бүсгүйн зурвас” жүжиг эхэлнэ. Ийн ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэхэн бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байна . Ингээд тус театрын ерөнхий зураач Т.Ганхуягтай ярилцлаа.

-Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ бүтээл болох “Бүсгүйн зурвас” жүжгээ үзэгчдэдээ хүргэхээр тун завгүй ажиллаж байна. Шинэ жүжгийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байгааг сонирхож болох уу?

-Ер нь ямар ч жүжгийн бэлтгэл ажил 3-6 сарын өмнө эхэлдэг. Үүний адилаар “Бүсгүйн зурвас” шинэ жүжгийн маань зохиолын сонгон шалгаруулалт өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлчээр болж, зохиол дээрээ ажилласан. Харин жүжгийн ерөнхий зураачийн ажил эрт эхэлдэг. Театрын зураачийн ажил жүжгийн зохиол сонгогдсон өдрөөс л эхэлнэ. Тиймээс “Бүсгүйн зурвас” жүжгийн тайзны зураг эскиз гаргах ажилдаа арванхоёрдугаар сард ороод, оны дараа Уран сайхны зөвлөлөөрөө зураг эскизээ батлуулсан. Үүний дараагаар жүжгээ яг үзэгчдэд хүргэхээр бэлэн боллоо шүү гэж үзээд дахин Уран сайхныхаа зөвлөлд шалгуулдаг. Тэгэхдээ энэ жүжгийн анхны санаа гарсан байна уу, ярьсан шигээ зураг эскизээ хийсэн үү, өнөөдрийн нийгмийг хэрхэн өгүүлж байна вэ гэдгийг нягталж шалгадаг гэсэн үг. Өнөөдрийн байдлаар шинэ уран бүтээлийн маань тайз, бүх хувцас хэрэгсэл маань бэлэн болсон. Маргааш театрынхаа Уран сайхны зөвлөлд шалгуулах гээд байж байна даа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж