"Хэвтүүл"-ийнхэн Бямба гариг бүр жагсана

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

Live"Хэвтүүл"-ийнхэн Бямба гариг бүр жагсана

"Хэвтүүл"-ийнхэн Бямба гариг бүр жагсана
16 : 30
2019-3-2

"Хэвтүүл"-ийнхэн Бямба гариг бүр жагсана

Сүхбаатарын тайлбад өглөөний 10.00 цагаас эхэлсэн ЖДҮ-чдийг эсэргүүцсэн жагсаал товлосон цагтаа өндөрлөв. Жагсаалд оролцогчид долоо хоног бүрийн Бямба гариг бүр тайван жагсаал зохион байгуулж, ЖДҮ-чдэд хариуцлага тооцож, хэвтүүлтэл нь тэмцэлээ илэрхийлнэ гэлээ. 

13 : 44
2019-3-2

Э.Тамир: Үнэт зүйлээ хамгаалах гэсэн ард иргэдийн цуглаан боллоо

“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн жагсаалын  үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр бямба гариг бүрийн 11.40 цагт жагсана гэдгээ мэдэгдсэн юм. Жагсаалын үеэр Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид өндөр хамгаалалттай ажиллаж байна.

Төв талбайн төмөр хашлагаар хамгаалалт хийж, нийгмийн хэв журмыг алдагдуулахгүй, аюулгүй байдлыг хангахын тулд  жагсаалд ирсэн хүмүүсийн цүнх болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж оруулж байлаа. Жагсаалын гол зорилго нь  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ өөртөө болон хамаарал бүхий хүндээ зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардаж буй. Энэ үеэр  жагсаалыг зохион байгуулагчид болон  жагсаалд оролцогч иргэдийн  байр суурийг сонслоо.

Тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир “Сүхбаатарын талбайд хууль бус зүйлийг илчилж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг хуулийн өмнө хэвтүүлэх ёстой гэсэн бодол дээр нэгдсэн хүмүүс цугласан гэж бодож байна. Дэмжиж ирсэн хүмүүс  ч  олон байна. УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах жагсаалын үеэр Ж.Батзандан 6000 хүн ирсэн  гэсэн. Бид  зохион байгуулалтайгаар хүмүүсийг урьж авчраагүй учраас хэдэн хүн ирэхийг хэлж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 400 гаруй хүн ирсэн байх. Өнөөдөр бид мөнгөний цуглаан хийгээгүй. Сэтгэл санаагаар дэмжиж үнэт зүйлээ хамгаалах гэсэн ард иргэдийн цуглаан болж байна.  Ард иргэдийг эвлэлдэн нэгдээд хууль   зөрчиж байгаа эрх мэдэлтнүүдийг хуулийн өмнө хэвт гэж шаардана. УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзээд хуулийн өмнө шалгуул гэдгийг жагсаалд ирсэн хүн бүр хүсч байгаа. Жирийн иргэд жилийн 20-30 хувийн зээл авч байхад эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүс гурван хувийн зээл авч байна. Авлигатай тэмцэх газраас /АТГ/ ЖДҮХС-аас  зээл гишүүдийг шалгаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч гишүүд   бөөнөөрөө хамгаалаад үлдсэн. Төр гэдэг ард түмнээс үүсэлтэй. Ард түмэн тэднийг хуулийн өмнө хариуцлага хүлээгээсэй гэж хүсч байхад өөрсдийгөө хамгаалаад үлдэнэ гэдэг монголчууд  буруу зүг рүүгээ яваад байгааг л харуулж байна”  гэв.

Нэгэн баримт дурдахад ЖДҮХС  1993 онд  байгуулагдсанаас хойш 26 мянга 454 төсөлд, 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл  ирүүлжээ. Үүнээс 18 хувь буюу 7536 төсөлд 832.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосон байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд 18 мянга  918 төсөл ЖДҮ-ийн зээлийн шалгуурыг хангаж чадаагүй бүдэрчээ. ЖДҮХС-аас  зээл аваад, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж  яваа хэсэг байхад олон удаа төслөө шалгаруулалтад өгсөн ч, нааштай хариу авч чадаагүй хүмүүс олон бий. Тэдний нэг нь Б.Төрбат  юм. Тэрбээр хэлэхдээ “ЖДҮХС-аас  зээл авах гэж хоёр  удаа төслөө өгсөн.  Ерөөсөө шалгараагүй. Тэвэр дүүрэн магтаалтай л гарч ирдэг. Сайхан хэрэгжих боломжтой төсөл байна, даанч дэмжигдсэнгүй гээд гараад ирдэг. Сүүлдээ танил тал байхгүй учраас дэмжигддэггүй юм болов уу гэж бодох болсон.  Тиймээс  бид байгаа барьцаа хөрөнгөө бариад банк дээр очдог. Банк зээл судалж байна гээд 2-3 сар болдог. Хамгийн хурдан шийдэх байх гээд ББСБ дээр очдог,  4.8 хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл дарга нар ажилтныхаа тоог голчлоод, жилийн нэг хувийн хүүтэй зээл авчихдаг. Тэр авсан зээлээ өөрсдийнхөө банк, ББСБ-аар дамжуулаад жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд хүүлж, мөнгө олдог” гэсэн юм.

Харин иргэн Б.Түвшинбат хэлэхдээ  “Би 20 гаруй жил  бизнес эрхэлж байна. Хувиараа бизнес эрхэлж байгаа хүний хувьд  2018 оны тавдугаар сард ЖДҮХС-ийн төсөл хөтөлбөрт хамрагдах гээд нэлээн хэдэн удаа төслөө  бичиж өгсөн ч зээлд хамрагдаж чадаагүй. Уг нь мах боловсруулах жижиг үйлдвэрийн зээл хөөцөлдсөн юм.  Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс надад “Мах хүнсний эрчимжсэн аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа” төсөл нь төсөлд тавигдах шаардлага шалгуурыг хангах түвшинд бэлтгэн боловсруулсан хэдий  ч төслийн санхүүжилт хүрэлцэхгүй байна” гэх хариуг өгсөн. Жирийн иргэн жилийн 36 хувийн зээл, хөгшчүүд 30 хувь, малчид 24-30 хувийн хүүтэй заал авч байхад  ЖДҮХС-аас  зээл авсан төрийн их хурлын гишүүд жилийн  гуравхан хувийн хүүтэй зээл авч байна. Би  үүнийг л эсэргүүцэж өнөөдөр жагсаалд ирсэн” гэлээ. Түүнтэй ижил бэрхшээл хэлэх хүмүүс олон байсан юм. ЖДҮ-г дэмжих ёстой хөрөнгө мөнгө “бай”-гаа олж очихгүй байгаад олон иргэд гомдолтой байгаагаа жагсаалын үеэр хэлж байлаа. 

Хэвтүүл хөдөлгөөний удирдах  зөвлөлийн гишүүн Б.Ган-Эрдэнэ хэлэхдээ  “Эрх баригчдын зүгээс ЖДҮХС-аас  хувьдаа завшсан улс төрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. ЖДҮХС-нд хамрагдахаар төсөл нь шалгарсан 360 гаруй аж ахуй нэгжид санхүүжилт байхгүй гээд зээл  өгөөгүй атлаа Засгийн Газар болон УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамаарал бүхий 120 аж ахуй нэгжид мөнгө шилжүүлэн авсан. Энэ бол санхүүгийн луйвар.  Найман жил хүртэл хорих ялтай албан тушаалын  гэмт хэрэг. Хамгийн аюултай нь эртнээс хууль дүрмийг нь өөрчилж зохин байгуулалттайгаар олноороо сүрэглэн оролцож түүн дотор нь  намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий аудитор Монгол Улсын прокурор зэрэг оролцсон. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй. Зээл авсан 20 гаруй гишүүн саналаараа огцрох ёстой. Тиймээс ард иргэд та бүхнийг тэмцэлд нэгдэн, төр дэх хулгайчдыг хуулийн өмнө, ард түмний өмнө хэвтүүлтэл тэмцэж байна. Түмэн олныхоо итгэлийг авч төрд шургалсан хулгайч нарыг хэвтүүлэхийн төлөө тэмцье” хэмээлээ.

Монголын худалдаа аж үйлдвэрийн гаргасан судалгаагаар  “ЖДҮХС-аас  зээл авахын  тулд аж ахуй нэгж байгууллагууд есөн байгууллагаар  орж, 30 төрлийн  бичиг баримтыг цуглуулж 36 үйл явцаар дамждаг гэжээ. Нэг ЖДҮ  эрхлэгч 200-1.5 сая төгрөгийг  зарцуулж 33 хоногийн хугацаанд зээл авахад зарцуулдаг байна. Нийт жижиг  дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сангийн хэрэгцээг нь аваад үзэхээр 60 орчим хувь нь  100 хүртэлх сая төгрөгийн зээл хүсдэг ч дийлэнх нь буюу 80 хувийг төр болон яамдын төлөөллүүд эзэлж байна” гэжээ.

 

12 : 08
2019-3-2

ЖДҮ-чдийг хэвтүүлэх жагсаал үргэлжилж байна

ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэж, Хэвтүүл хөдөлгөөний бүх нийтийн жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд эхэллээ. Иргэд индер дээрээ өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж, ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардаж, уриа лоозон барьсан байна. 

Хууль хүн бүрт тэгш үйлчилж, иргэдийнхээ боломжоос хулгайлсан улстөрчдөд, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг онцолж байлаа. Мөн тэд нэг удаа ингээд жагсаад өнгөрөх биш, цаашид ч тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

09 : 56
2019-3-2

ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардаж жагсана

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардан өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсана.  Жагсаал 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Энэхүү жагсаалыг “Хэвтүүл” хөдөлгөөнөөс зохион байгуулж байгаа бөгөөд тэдний зүгээс иргэдийн тайван жагсаалд нэгдэж, хамтдаа хариуцлага нэхэхийг уриалж байгаа юм.

Тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир “ЖДҮХС-ийн асуудалтай холбоотой хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж,  ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад жирийн ард иргэд авч яагаад болдоггүй юм. Тэр утгаараа ЖДҮХС -ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Мөн “Сошиал жагсаал” зохион байгуулах хөдөлгөөнийхөн болон бусад төрийн бус байгууллага, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, нэгдэхээ илэрхийлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж