Хэнтийд гарсан түймэр унтраагүй байна

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Хэнтийд гарсан түймэр унтраагүй байна

Хэнтий  аймгийн Баян овоо сумын I багаас баруун зүгт 30 километрийн зайтай “Яруу” гэдэг газар энэ сарын гарсан хээрийн түймэр дэлгэрч багагүй газар нутгийг хамраад байна. Түймрийг унтраахаар нийтдээ 579 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамарч уг түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн онцгойгоос

34 албан хаагч, дөрвөн автомашинтай, Хэнтий аймгаас 47 алба хаагч гарч ажиллаж байгаа гэнэ. Мөн түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн төвөөс болон Түмэнцогт, Мөнххаан сумдаас 201 иргэн, 22 автомашинтай, Баян-Овоо сумаас 165 хүн,14 автомашинтай, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан овоо сумдаас 72 хүн, найман техниктэйгээр унтраахаар туслаж буй гэнэ.

Тухайн түймрийг унтраах нэмэлт дуудлагаар НОБГ-аас 12 албан хаагч, Говьсүмбэр аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, Дорноговь аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, нэг автомашинтай нэмэлтээр гарч түймрийн голомтонд очжээ.

НЭМЭЛТ:

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад энэ сард гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ажлын хэсгийг Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар ажиллах бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтаж байгаа гэнэ.

Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ажлын хэсэгт үүрэг болгоод сумдад гарсан ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зорилгоор Улсын нөөцөөс орон гэргүй болсон 22 айл өрхөд гэр олгох асуудлыг мөн шийдвэрлэлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр/04.15/ зүүн аймгуудыг зорьсон бөгөөд гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөгөө өгөх, шуурхай удирдлагаар ханган ажиллах юм. Мөн хээрийн түймрийн улмаас хорогдсон малын тоо толгойг тодорхойлох, малчид, иргэдийн эд хөрөнгө болон байгаль экологит учирсан хохирдыг тогтоох, хор уршгийг арилгах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, түймрийн шалтгаан, эзэн холбогдогчдыг тогтоох ажлыг эрчимжүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг газар дээр нь шуурхай зохион байгуулах ажээ.

Дашрамд, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатсан аж. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна.

 

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж