“Өөрийгөө ялах” нэртэй зургаа ба 10 өдрийн хэт холын зайн олон өдрийн гүйлтийн ДАШТ дөрөвдүгээр сарын 19-29-нд АНУ-ын Нью-Йорк хотод болно. Тус тэмцээнд манай улсаас хөнгөн атлетик болон уулын спортын мастер Бямбаагийн Буджаргал оролцох гэж байна.
Б.Буджаргал гүйлтийн спортоор 19 жил хичээллэж байгаа манай улсын хэт холын зайн олон өдрийн гүйлтийн хамгийн шилдэг тамирчин юм. Тэрбээр нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011, 2012, 2013 оны улсын аварга. Ингэхдээ 2013 онд 24 цагт 180 км гүйж улсын дээд амжилт тогтоосон.
Өнгөрсөн жил Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн ДАШТ-д ямар ч бэлтгэлгүй оролцоод 485 км гүйж, тавдугаар байр эзэлжээ. Харин энэ жил арван өдрийн гүйлтийн ДАШТ-д оролцохоор эртнээс бэлдсэн тэрээр “Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд таниулахад бэлэн боллоо. Энэ жилийн тэмцээн 10 өдөр, 10 шөнө тасралтгүй болно. Би 1400-1500 км гүйж түрүүлэх бодолтой. Та бүхэн дэмжээрэй.” гэсэн байна.
Спортын мастер Б.Буджаргал он гарснаас хойш БНСУ-д нэг, АНУ-д гурван сарын бэлтгэл хийсэн байна. Түүнтэй санал солилцож, дэмжихийг хүсвэл https://twitter.com/Budjargal_com хаягаар холбогдоорой.
Ч.БОЛОР