Дөрвөн сарын хугацаанд удирдлагагүй байсан нийслэлчүүд өнгөрсөн долоо хоногт шинэ хотын дарга болон НИТХ-ын даргатай боллоо. Нийслэлийн Засаг даргыг томилох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ ээлжит бус VII хуралдаан хоёрдугаар сарын 25-ны өдөр болж хотын даргаар НИТХ-ын дарга асан С.Амарсайханыг сонгосон.
Ийнхүү шинэ даргын төлөөх хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын марафон өндөрлөсөн юм. Санал хураалтын дүнгээр гишүүдийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон. Тодруулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас НИТХ-ын дарга С.Амарсайханд 25 санал, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч санал өгсөн юм.
Өмнө нь буюу нэгдүгээр сарын 16-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхын дэмжлэг буюу 24 хүний санал авч, хотын даргад нэрийг нь дэвшүүлсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлалгүй буцаасан. Ерөнхий сайд түүнийг хотын даргаар батламжлахгүй гэдгээ яг нэг сарын дараа мэдэгдсэн. Харин С.Амарсайхан хурлаас хойш хоёр хоногийн дараа тамга тэмдгээ албан ёсоор гардаж авсан юм. Энэ нь мэдээж хүмүүсийн дунд байсан “С.Мөнхчулуун Ерөнхий сайдын захиалсан хүн биш” гэсэн яриаг баталсан гэхэд буруудахгүй байх. У.Хүрэлсүхийн төдийгүй намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон нь энэ юм.
МАРГААН ДАГУУЛСАН НИТХ-ЫН ДАРГЫН СУУДАЛ
С.Амарсайхан дэвшиж Хотын дарга болсноос хойш ердөө гурван хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын даргаар МАН-ын бүлгийн дарга Р.Дагва сонгогдсон.
Намынхаа Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад нэр дэвших эрх өвөртлөн өрсөлдсөн түүний хувьд 28 хүний саналаар буюу нийт төлөөлөгчдийн 66.67 хувийн саналыг авсан.
Хурлын үеэр болсон тоймтой үйл явдлаас дурдвал НИТХ-ын даргад Р.Дагваас гадна тус намын гишүүн Ц.Байгальмаа нэрээ дэвшүүлсэн. Гэсэн ч тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгох гэж төлөөлөгч нар санал зөрөлдөн шийдэлд хүрэхгүй байсан нь Р.Дагва, Ц.Байгалмаа нарын тохиролцох шалтаг болсон юм. Учир нь тэд 20 гаруй минут тооллогын комисст оруулах төлөөлөгчдийн талаар ярилцсаны эцэст Ц.Байгальмаа нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн.
Өөр нэг зүйл гэвэл тус хуралдаанд нэр бүхий хэдэн төлөөлөгч согтуу байсан нь олны эгдүүцлийг хүргээд буй. Нүүр нь улайж, хэл яриа нь эвлэхгүй 4-5 төлөөлөгч нарт ёс зүйн арга хэмжээ авах ёстой хэмээн хурлын үеэр сөрөг хүчний зүгээс үг дайж байсан юм.
Мөн НИТХ-ын даргыг сонгох ээлжит XXII хуралдааныг хууль бус болсон хэмээн сөрөг хүчин болох АН-ын бүлгийн зүгээс шүүхэд хандана гэдгээ өчигдөр /2019.0.3.01/ мэдэгджээ. Хуралдаанаар Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонгохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчсөн гэж тус намын бүлэг үзсэн байна.
Ингэхдээ “НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 09.00 цагт зарлагдсан ч эхлэлгүй удсан. МАН-ын бүлгийн дарга Р.Дагва 11.00 цагийн үед орж ирээд эхлүүлээгүй хуралдаанаас 15.00 цаг хүртэл завсарлага авсан. Эхлүүлээгүй хуралдаанаас завсарлага авч болохгүй. НИТХ-ын даргад Р.Дагва, Ц.Байгалмаа нар өрсөлдөхөөр саналын хуудаст нэрээ бичүүлсэн. Ингээд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар баталж, шийдвэрээ гаргаад тооллогын комиссоо батлахаар маргалдах хооронд Ц.Байгалмаа төлөөлөгч нэрээ татсан. Саналын хуудаст нэрээ бичүүлснээс хойш нэр татахыг хуулиар хориглодог. Үүний дараа Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжих эсэх санал, хураалтыг илээр явуулсан” зэрэг нь АН-ын шүүхэд хандах шалтгаан болоод байгаа аж. Ямартай ч удахгүй НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын төлөөх хуралдааны тов гарах биз ээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон бас нэг онцлох томилгоо бол МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн эзэн О.Амартүвшинг сонгогдсон. Тэрбээр хамгийн олон санал буюу 259 санал авсан бөгөөд ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах юм. Санал хураалтын удаах байранд Б.Лхагважав 127, Хас-ын Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна. МХАҮТ-ын ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Өгөөж компанийн захирал н.Түмэнгэрэл нар өрсөлдсөнөөс н.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болсон юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ