Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өнөөдөр /2019.03.01/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид түр хугацаагаар саатуулагдах үед амиа алдсан Л.Бямбаагийн хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар сэтгүүлчдэд хандан “Зөвхөн прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгнө” гэдгийг санууллаа.
Тэрбээр “Хэрэг болсноос хойш мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахыг завдсан зарим талаар мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах зорилготой гэж ажиглагдахаар бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл олон нийтэд хүрлээ. Мэдээллийг тодорхой хэмжээнд эх сурвалжаас нь мэдээлэхгүй бол нийгэмд төөрөгдөл үүсээд байгаа учраас та бүхэнд зарим мэдээллийг өгье.
Хоёрдугаар сарын 21-ний өдөр 12.00 цагт бид прокурорын дуудах хуудсаар АТГ-т талийгаачийг дуудаж ирүүлэн гэрчийн мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй зарим газарт нэгжлэг хийх шаардлага гарсан.
Ингээд нийслэлийн прокурорын газарт хүсэлтээ танилцуулаад талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, амьдардаг гэрт нь нэгжлэг хийсэн. Нэгжлэг 14.00 цагаас 21.00 цагийг дуусах хүртэл хугацаанд болсон.
Нэгжлэгийн явцад хэрэгт холбогдол бүхий баримтууд хураагдаад, баримтуудын үндэслэл болгоод талийгаачийг Эрүүгийн хэрэгт сэжиглэн, зайлшгүй шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах үндэслэлүүд тогтоогдсон. Бид тухайн өдрийн шөнө сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоолоо үйлдээд прокурорт хянуулсан. Прокурор хэргийн материалтай танилцаж зөвшөөрлийг олгосон. Үүний дараа талийгаачийг Цагдан хорих 461 дүгээр анги буюу баривчлах байранд хүргэсэн. Баривчилсан цаг хугацаанд мөрдөн шалгах олон ажиллагааг мөн явуулсан.
Үүний үндсэн дээр тухайн хэрэгт таван хүнийг Эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татах үндэслэл тогтоогдоод тэдгээр хүмүүсийг яллагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Прокурорын байгууллагаас бидний саналыг хүлээж аваад хэргийг татаж хянаад үндсэндээ нотлох баримтууд хангалттай цугларсан байна гэж үзээд тухайн нэр бүхий хүмүүсийг яллагчдаар татах тогтоол гаргаад бидэнд ирүүлсэн. Тухайн өдөр мөрдөн шалгах ажиллагаа 24 цагийн хугацаанд хуулийн дагуу бүрэн хийгдээд шүүхэд хүргэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол тухайн баримт мэдээлэл болон бусад хэргийн материалтай танилцаж үзээд шүүх шийдвэрээ гаргах ёстой. Шүүхийн шийдвэрийг хүлээсэн ч тодорхой шийдвэр гараагүй учраас 48 цагийн хугацаа дууссан. Бид талийгаачийн хэргийг прокурорт танилцуулахаар, түүнийг авахаар очтол нас барсан байдалтай олдсон" гэв.
Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Прокурор зөвхөн 24 цаг саатуулах заалттай байдаг гэсэн. Тэгэхээр АТГ-ын цагаа бариагүй гэж яригдаж байна.
-24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулаад сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тогтоолоо прокурорт нэн даруй мэдэгдсэн. Прокурор тухайн тогтоолыг шүүхэд хүргүүлнэ. Шүүх хэргийг хянаж үзээд шийдвэрээ гаргах ёстой. Үүн дээр баривчилсан сэжигтнийг суллах үндэслэлийг мөн заасан байгаа. Ингэхдээ шүүхээс шийдвэрээ гаргаагүй бол баривчилснаас хойш 48 цаг дууссан тохиолдолд прокурор мөрдөгчид мэдэгдээд цагдан хорих байрны дарга өөрөө суллах хуулийн зохицуулалттай.
–Талийгаачийн хүү С.Төмөрбат АТГ- очоод ээжтэйгээ уулзъя гэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч уулзуулаагүй гэж мэдэгдэж байсан. Энэ үнэн үү?
-Талийгаачийн хүү болох С.Төмөрбатын хувьд АТГ-т ирж ээжтэйгээ уулзъя гэсэн хүсэлт тавьсан гэдэгт би эргэлзэж байна. Ар гэрийнхэнд нь баривчилж байгаа учраас хувцсыг нь солих шаардлагатай байна гэхэд ар гэр нь уулзаад хувцсыг нь сольсон. Хувцас солиулахаар ирсэн хүмүүсийнх нь бичлэгүүд нь манай байгууллагад бий.
–Өнөөдөр өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийхдээ шаардлага хүргүүлнэ гэж байсан. Ямар шаардлага тавьсан бэ?
-Тухайн хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцох мэдэгдэл өмгөөлөгчөөс ирэх ёстой. Гэтэл Ц.Баасандоржоос мэдэгдэл ирээгүй. Манай байгууллагын дарга удирдлагуудтай уулзалгүйгээр буцаад гараад явсан. Ц.Баасандорж бидэнд ямар нэгэн шаардлага тавиагүй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ