Э.Бат-Үүл: Намайг ажилтай, цалинтай байлгаж буйд баярлалаа

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Намайг ажилтай, цалинтай байлгаж буйд баярлалаа

“Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015” чуулганы нэгдсэн хуралдаан “Блю скай” төвийн Даймонд танхимд үргэлжилж байна. Яг одоо дэд бүтэц санхүүжилтийн асуудлаарх салбар хуралдаан болж байгаа бөгөөд Улаанбаатар хотын авто сүлжээнд 2015 онд болон цаашид хэрэгжүүлэх төслүүдийг нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцуулж байна. Өнөөдрийн хурлаар хотын хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол гэдгийг чуулганд илтгэл тавьж буй албан тушаалтнууд онцолж буй. Мөн нийслэлээс 2015 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд, худалдан авалтыг ил болгосноор хувийн хэвшлүүдэд багагүй хувь нэмэр оруулж байгаа” гэдгийг хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компаниудын зүгээс илэрхийлж байгаа юм.

Чуулга уулзалт хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:

-Төр хувийн хэвшлийн түншлэл эрх тэгш байх ёстой. Төр, захиргааны байгууллага, албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээдэггүй нь тэднийг өөхшүүлэх том хөшүүрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил бүх эрсдэл, хохирлыг ямар ч нөхцөлд хүлээдэг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс төр хувийн хэвшлийн хоорондох гэрээнд өөрчлөлт оруулж, яг адил торгууль, шийтгэвэрийг оногдуулдаг болно. Хувийн хэвшлийнхний гаргасан оновчтой санал санаачлагыг зарим нэг бусармаг нөхдүүд хулгайлах, өөрийн болгох тохиолдол цөөнгүй байдаг талаар бизнес эрхлэгчид онцолдог. Тиймээс хувийн хэвшлийнхний гаргасан бүхий л санал санаачлалыг тухай бүрт нь баталгаажуулдаг болно.

Эцэст нь намайг ажилтай байлгаж, цалин олгож буй та бүхэндээ баярлалаа. Та бүхний татварын мөнгөөр амьдралаа залгуулж байна шүү дээ бид. Хүч хөдөлмөрөөрөө олсон ашгийн тодорхой хувийг татвар болгон өгч байгаа нь “бидэнд хүндрэл чирэгдэл, хүнд сурталгүй үйлчлээрэй” гэсний илрэл юм. Тиймээс бид төрийн үйлчилгээний томоохон төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна

Хувийн хэвшлийнхэнд мөн улс төрийн сонирхол, элдэв хүнд сурталгүй хандаж, хамтарч ажиллах нь чухал. Дампуурч, сөхөрсөн улс орон бүр улс төрчдийн фантазаас шалтгаалсан байдаг юм. Тиймээс эрсдэл, хариуцлагаа хүлээж буй хувийн хэвшлийнхнийхээ санал санаачлагыг дэмжин ажиллах болно гэж  мэдэгдсэн юм.

Дашрамд, 2015 онд хөрөнгө оруулалтын нийт 515 ажил төлөвлөгдсөнөөс 23,6 тэрбум төгрөгөөр зураг төсөл нь хийгдсэн 1,6 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй ажлууд байгаа юм байна. Эдгээрээс 142 ажилд 946 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж