"Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг"-ийг Дундговь аймагт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

"Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг"-ийг Дундговь аймагт зохион байгууллаа

"Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг"-ийг Дундговь аймагт зохион байгууллаа

Үндэсний хөгжлийн газар нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулах “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хоёр дахь аймаг болох Дундговь аймагт Үндэсний статистикийн хороо, МУИС-ын Эдийн засгийн хүрээлэн болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр нар үг хэллээ.

“Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийн үеэр 3 салбар хуралдаан зохион байгуулагдсан. Үүнд:

Нэгдүгээр салбар хуралдааны эхэнд ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д. Эрдэнэбаяр, МУИС-ийн ЭЗХ-ийн захирал Х.Цэвэлмаа, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, МУИС-ийн ЭЗХ-ийн судалгааны зөвлөх С. Намжилмаа,  ҮХГ-ын газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын Ахлах мэргэжилтэн Д. Мөнхжаргал нар МУ-ын эдийн засгийн бүсчлэлд Төвийн бүсийн өмнөд дэд бүсийн гүйцэтгэх үүрэг, Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, Дундговь аймгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын явц, үр дүн, хүн амын нутагшил суурьшлын өөрчлөлт сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн зүгээс Дундговь аймгийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд нилээн өртсөн, цаг агаарын аюултай үзэгдлийн тоо, гангийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан бэлчээрийн мал аж ахуй голлодог аймгийн хувьд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох талаар анхаарч ажиллах саналыг дэвшүүллээ.

Мөн Дундговь аймгийг цаашид инновацийн төв болон хөгжих бүрэн боломжтой аймаг гэсэн саналыг дэвшүүлсэн. Энэ чиглэлээр аймагт хийгдэж байгаа олон ажлууд байгаа бөгөөд ҮХГ-аас хийгдэж буй холбогдох ажлууд, судалгаануудтай уялдуулан цаашид судалгааг нарийвчлах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаар салбар хуралдааны үеэр ҮСХ-ны Үндэсний тооцоо, судалгаа шинжилгээний газрын дарга А.Дэмбэрэл, МУИС-ийн ЭЗХ-ийн захирал Х.Цэвэлмаа, МУИС-ийн ЭЗХ-ийн судалгааны зөвлөх Б.Батболд нар Дундговь аймгийн эдийн засгийн өнөөгийн байдал, Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр болон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, байршлын төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Дундговь аймагт мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх их дээд сургуулийг байгуулж, хүн амын өсөлтийг бий болгох болон оюуны хөдөлмөрийг дэмжиж, тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх саналыг дэвшүүллээ.

Мөн торомны ноос, мах, хуурай сүү, тэмээний хөөвөр боловсруулах хөнгөн үйлдвэрийг Дундговь аймагт хөгжүүлэх боломж бий, харин мал аж ахуй түүхий эдийг гадагш экспортлох асуудлыг бууруулах гэсэн саналыг дэвшүүлсэн тул дээрх саналын хувьд илүү нарийвчилсан тооцоо судлагааг хийж, нөөц бололцоог тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаар салбар хуралдааны үеэр МУИС-ын ЭЗХ-ийн судалгааны зөвлөх Д.Готов, Ц. Жаргалсайхан нар Зам тээвэр болон эрчим хүчний салбарын хөгжил, байршлын төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлгийн үр дүнд Дундговь, Өмнөговь аймгуудыг холбосон замыг Шивээхүрэн боомттой холбох, замын оновчлолыг сайжруулах, зам дагуух байгууламж болох “Мичи но эки”-ийг санаачилж барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл, МУИС-ын Эдийн засгийн хүрээлэнгийн судлаачид, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, сумдын Засаг дарга нар болон иргэд оролцсон нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Үндэсний статистикийн хороо, МУИС-ын Эдийн засгийн хүрээлэн, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлийн хэлтэс болон сумдын Засаг дарга нар,  хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нартаа талархсанаа илэрхийлж, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д тусгах саналыг идэвхтэй өгч тухай бүрт нь Үндэсний хөгжлийн газарт хүргүүлэн, тус бодлогыг боловсруулахад нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлгийг хаалаа.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж