ШУТИС-д менингитийн тохиолдол илэрлээ гэх мэдээллийн дагуу бид тус сургууль дээр очлоо.
Сургуулийн гадна маск зүүхийг анхааруулсан, менингитийн халдвараас сэргийлэх бичиг наасан байв.
Сургуулийн үүдэнд зогссон маск зүүсэн хоёр оюутан “Маскаа зүүгээрэй, маскгүй бол оруулахгүй шүү” гэж байлаа. Гэтэл ард зогсож байсан оюутан цүнхнээсээ ууттай маск гаргаж ирээд нэгийг нь сугалж өгөөд, дахин нэгийг аваад өөрөө ч бас зүүв.
ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалаас сургуульд гарсан менингитийн талаар тодруулахад эрүүл мэндийн ажилтнаас тодруул гэсэн юм. Харин эрүүл мэндийн ажилтан н.Ононтуул нь “Энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгнө. Манайхыг энэ талаар мэдээлэл өгч болохгүй гэсэн. Өмнө нь улаанбурханы талаар мэдээлэл өгөөд буруудсан” гэсэн юм.
Түүнчлэн нийтийг хамарсан тархалт болоогүй байхад энэ талаар мэдээлэх хэрэг байна уу гэж байсан юм.
Бид Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дээрх мэдээллийг лавлахад “ШУТИС-иас менингитийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Менингит мөн эсэх болон халдвартай нь уу, үгүй юу гэдгийг шинжилгээгээр тогтооно. Шинжилгээний хариу тун удахгүй гарна” гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр гурав хоногийн өмнө ШУТИС-ийн инженерийн ангийн оюутан менингитийн халдвараар өвчилсөн бөгөөд тухайн оюутны ангийн бүх оюутанд урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн оюутнуудыг тогтмол маск зүүхийг шаардаж байгаа ажээ.
Хаврын улиралд хүний дархлаа суларснаар аливаа хурц халдварт өвчний дэгдэлт нэмэгддэг. Үүний нэг нь менингитийн халдвар. Менингитийн шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт хандахгүй бол амь нас минутаар хэмжигддэг. Тиймээс менингитийн халдвараар урьдчилан сэргийлж, тус өвчний шинж тэмдгийг мэддэг байх шаардлагатай байна.
МЕНИНГИТИЙН ВАКЦИН 13500 ТӨГРӨГ
Менингитээс урьдчилан сэргийлэх аргын нэг нь вакцин хийлгэх юм. Тус вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад ажлын өдрүүдэд 08.30-14.30 цагт хийж байна. Үнийн хувьд 13500 төгрөгөөр вакциныг хийж байгаа ажээ.
Шинж тэмдэг
Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандсанаар бүрэн эдгэх боломжтой юм
- Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжинө
- Гэрлээс айх, маш цочимтгой болно
- Хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих, хоолонд дургүй болох
- Хүзүү хөшиж, ухаан санаа самуурах
- Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог аж
- Улмаар цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл болдог байна.
Урьдчилан сэргийлэх
- Хоолой нь өвддөг, ангинатай хүн хоолойгоо эмчлүүлэх
- Давс, царван, сода, лимоны уусмал, тамединаар хоолойгоо зайлах
- Хүүхдийн хоолой, амыг зөгийн балаар арчих
- Хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах
- Хүүхдийг үнсэхээс татгалзах
- Бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраар явахгүй байх
- Хүүхдийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах
Холбоотой мэдээ