Төрийг төрлүүдээс цэвэрлэе

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Төрийг төрлүүдээс цэвэрлэе

Төрийн аль нэг албаны цэвэрлэгч нь хүртэл сайдын хамаатан гэдэг оргүй ч биш бололтой. Тэгээд ч монголчууд овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж  хэлдэг.

Сүүлийн жилүүдэд төрийн алба хээгээ барсан. Нэг хүний компани шиг болчихсон яам хүртэл байна. Бас бүхэл бүтэн нэг дүүрэг нэг хүний халаасанд орсон явдал ч байна. Үүнээс болж монгол төрийн дархлаа алдагдлаа хэмээн улстөрчид  шүүмжилдэг хэрнээ, өөрсдөө  төрийн албыг төрлийн алба болгоход үлгэрлэн манлайлдаг нь харамсалтай.

Үнэндээ хорон муу үгтэйгээрээ Ц.Нямдорж хэлсэн болохоос “МАН ичингүйрч иддэг, АН ил иддэг” гэдгийг батлах мэт зарим яам , харъяа агентлагууд нь тэр чигтээ сайдын хүнээр дүүрсэн гэх юм билээ. Сайд аавгүй, ахгүй, хамаатан садангүй бол төрийн яаманд үлдэнэ, ажиллана гэдэг үнэхээр бэрх болсон.  Тиймээс  төрийн албанд сайд, даргын хамаатан биш хүн байвал тоон дотор үсэг цохиж байгаа мэт харагддаг болсон гэнэ лээ.

Баянгол дүүрэг гэхэд л С.Эрдэнэ сайдын авгай хүүхэд, ах дүүгээр дүүрсэн гэдэг шүүмжлэл тасардаггүй. Хэдийгээр чадаж байгаа юманд арга байхгүй ч бүхэл бүтэн нэг дүүрэг нэг хүний гарт орно гэдэг Монгол төрийн дархлаа алдагдсаны шинж. Нөгөө талаар нэг хүний авгай хүүхэд, амраг саданг нь сонгож байдаг баянголчууд ч гэж баянголчууд.

Хүчээр буу тулгаж байгаад саналыг нь авчихаагүй хойно, нэг хүний халаасанд орсоны дараа мянга халаглаад хэрэггүй биз.

УИХ-ын дарга “Төрийн алба намаас хамаардаггүй. Гэхдээ намууд сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд Төрийн албаны тухай хуулийг зөрчдөг. Сая би чуулганы нээлтэд үг хэлэхдээ С.Чинзориг сайдын тушаалыг буруу, залруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Яагаад буруу вэ гэвэл сайд болонгуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин бол зөвхөн Чинзоригийнх биш. Манай намынхан ч ийм” гэж төрийн албанд байгаа “өвчин”-ий талаар илэн далангүй хэлсэн.

Төрийн алба цалин багатай гэгддэг ч яагаад цэвэрлэгч нь хүртэл сайдын хамаатан байна вэ гэдэг цаана нэг учир шалтгаантай байж таараа. 

Төрийн албаны эдэлж байгаа хангамжийг хувийн хэвшлийнхэнтэй харьцуулашгүй. Авдаг цалингийн хувьд төрийн албанд ажиллаж байгаа цэвэрлэгч нь хүртэл олон жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс энэ тэр гээд  багагүй мөнгө авчихдаг юм билээ. Үндсэн цалин нь бага мөртлөө нэмэгдэл цалин сайтай, дээр нь жилдээ13 дахь сарын мөнгө авчихдаг, тэтгэвэрт гарахаараа 36 сартай тэнцэх мөнгө халаасалдаг гээд тоочоод байвал төрийн албаныхан халамжаар мөнхийн угжуулаастай.  Орон сууцны хөнгөлөлт эдэлнэ, сайдын ах дүү бол яам, агентлагийнхаа барьсан байрыг зах зээлээс хэд дахин хямдаар авна.  Дээр нь төрийн албанд 3 жил ажилласан бол 50 хувийн урьдчилгааг нь төр даахаар болж байна шүү дээ. Төрийн мөнгө гэдэг үнэндээ баялаг бүтээгчдийн мөнгө. Сайд, дарга нарын авгай хүүхэд, ах дүү хамаатан саднаар дүүрсэн Монголын төр том бас “тэнэг” байхаас яах билээ. Том төрөөс ухаалаг төр рүү шилжихийн тулд төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад цус сэлбэх цаг болжээ.  Цус ойртсон төр ямар шийдвэр гаргах нь тодорхой.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж