Дэлхийн эрчим хүчний дөрөвний нэгийг Монгол хангах боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн эрчим хүчний дөрөвний нэгийг Монгол хангах боломжтой

Дэлхийн эрчим хүчний дөрөвний нэгийг Монгол хангах боломжтой

Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн  олон улсын уулзалт  өнөөдөр /2019.03.01/ Улаанбаатар хотноо болж байна.

Оросын Холбооны Улсад болсон “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эрчимжүүлэх зорилго, зохицуулалтын үүрэг бүхий байгууллагыг  Улаанбаатар хотноо байгуулах  саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан билээ.

Дээрх олон улсын уулзалтыг нээж  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ  “Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд  ч Монгол Улс асар их нөөцтэй, уудам нутагтай, жилийн 300 илүү хоногт нартай учир нар, салхи, нүүрс болон бусад эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Өмнөд Солонгос улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой юм. Хэлэлцэгдэж буй санаачилгын үр дүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл маш хямдаар хэрэглэгчдэдээ хүрэх боломжтой. Ингэснээр эцсийн хэрэглэгчид, хүмүүс өөрсдөдөө зарцуулах цаг улам их болж, амьдралынх нь чанарт эерэг өөрчлөлт гарах болно” гэв.

МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДАВХИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР БҮС НУТГИЙН НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫГ БАГАСГАНА 

“Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийг Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд  Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөл, Азийн супер сүлжээ Монгол нийгэмлэг, Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциациудтай хамтран зохион байгуулж байна.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЁЛАНДА Ф.ЛОММЕН "Зүүн Хойд Азийн бүс нутаг дэлхийн нүүрсхүчлийн хийн 40 хувийг дангаараа ялгаруулдаг нь сэтгэл түгшээсэн асуудал. Харин Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний чадавхийг хөгжүүлснээр бүс нутгийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах боломжтой. Энэ боломжийг бий болгохын тулд бүс нутаг даяар эрчим хүчний холбоосыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой, энэ нь өнөөдрийн уулзалтын гол сэдэв" гэдгийг тэрбээр онцоллоо.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан Захирал Гурбуз Гонул Монгол Улсын идэвх санаачилгыг үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийлээд, Шинэ дэлхий-Эрчим хүчний шилжилт болон геополитик” сэдэв илтгэлийг тавилаа. Уг судалгааг тэрбээр бүтэн жилийн хугацаанд дэлхийн нэр хүндтэй улсуудтай хамтран хийж, сэргээгдэх эрчим хүч дэлхийн геополитикийн харилцаанд том нөлөө үзүүлнэ мөн хүн төрөлхтний амьдралд юу авчирч, ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг судалгааны үр дүнгээ танилцуулсан юм.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БЯМБАСАЙХАН:

Эдийн засгийн хувьд хамгийн их ач холбогдолтой. Зүүн хойд Азийн улсууд хоорондоо цахилгаан эрчим хүч худалдаалах нь ач холбогдолтой гэсэн дүгнэлтүүд гараад байна. Хамгийн шилдэг, сүүлийн үеийн дамжуулах сүлжээний, өндөр хүчдэлийн ухаалаг сүлжээний технологийг ашиглах бүрэн боломжтой нь тогтоогдсон. Эдгээр сүлжээг хооронд нь аль цэгээс аль цэгт нь яаж холбох вэ гэдэгт маш тодорхой зураг, схемүүд гарчихлаа. Мэдээж, таван улсыг нэгтгэсэн, таван улсын хамтарсан байгууллага байгуулна гэдэг бол нүсэр ажил. Энэ байгууллагын зорилго нь ямар байх, дүрэм журам нь юу байх, хэн хэн нь яаж оролцох билээ гэх мэтээс эхлээд шийдэл хайх, зохицуулах өчнөөн ажил бий. Энэ ажил дээр 2019 онд нэлээд хөдөлмөр зарах төлөв харагдаж байгаа. Бүгдийг Монголтойгоо ойртуулах, хийх нь бидний гол зорилго. Ингэж чадвал эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө нь тэр хэрээр ихэснэ.

СУДЛААЧ, ДОКТОР Г.ПҮРЭВДОРЖ:

Зүүн хойд Азийн  эрчим хүчний хамтын ажиллагааг дэлхий ертөнцөд ашигтайгаар зохион байгуулах ажлыг ярьж байгаа нь маш ач холбогдолтой. Манай улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй. Энэ нөөцөө зөв зохистой ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх ёстой. Өнөөдөр зөвхөн судалгааны түвшинд байна. 1.7 тэрбум  хүн амьдардаг бүс нутагт эрчим хүчний хэрэглээг яаж зөв хэрэглэх вэ гэдэг талаар олон улсын хамтарсан судалгаа хийж байгаа нь сайшаалтай. Ерөнхийлөгч Х.Баттулга “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн хариуцах байгууллагыг  Улаанбаатар хотноо байгуулах  саналыг тавьсан юм билээ. Хэрэв энэ төв манай улсад байгуулбал олон талын ашигтай.

ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР ДА.ГАНБОЛД:

Монгол Улс дотроо нэгдмэл бодлого, байр суурь, аливаа үйл ажиллагааг олон жил тууштай хэрэгжүүлдэг залгамж холбоо байдаггүйгээс шав тавихаас цааш хэтэрдэггүй. Сүүлийн 28 жил өчнөөн олон цахилгаан станц барих шав тавьсан. Засаг солигдох бүрт, гишүүд нь солигдох бүр  шав нь тавьдаг ч бодит хэрэгжсэн томоохон төслүүд явсангүй. Засаг төрөөс хамаарсан бүх ажил өнөөдөр гацаж байна.  Эсрэгээрээ засгаас хараат бус хувь хүмүүсийн санал санаачилгууд бүгд хэрэгждэг. Тийм учраас улс төрийн томоохон зарчмын нэгдсэн ойлголтод бүгд хүрэх ёстой. Төр засаг гэдэг улс орон, ард түмнийхээ хөгжлийн төлөө ажиллах  үүрэгтэй атал өнөөдөр хөгжил дэвшлийн гацаа, түгжээ, чөдөр тушаа болж байна.

МОНГОЛ НАР САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ ОЙРТЛОО

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН:

Монгол Улс  эрчим хүчний асар баялагтай орон. Бидэнд атомын эрчим хүч, нүүрс, нар, салхиа цахилгаан болгон хувиргаж экспортлох боломж бий. 2015 онд УИХ-ын тогтоолоор Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Үүний хүрээнд 2030 он хүртэл  эрчим хүчнийхээ дотоод хэрэгцээг бүрэн хангаж цаашлаад эрчим хүчээ экспортолно гэж томоохон зорилт тавьсан. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгос гэсэн таван улс хамтран цахилгаан дамжуулах бүс нутгийн томоохон хүчин чадалтай цахилгаан  эрчим хүчний сүлжээ байгуулж цахилгаанаа солилцох бодлогыг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Энэ ажлыг дэмжиж судалгааны хөрөнгө санхүүг нь Азийн хөгжлийн банкнаас гаргасан. Судалгааны ажлыг Францын компани хийж  ирэх тавдугаар сард  судалгааны тайлангаа тавина. Судалгааг бодит ажил хэрэг болгосноор манай улсад маш ирээдүйтэй. Жилийн 365 хоногт нар салхитай. АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар Манай улсыг  асар их эрчим хүчний нөөцтэй  буюу дэлхийн цахилгааны нийт хэрэглээний дөрөвний нэгийг дангаар Монголын эрчим хүч хангах боломжтой гэсэн судалгааг гаргасан байдаг. Мөн Монголд хамгийн хямд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой.  Өөрөөр хэлбэл,  хямд цахилгаан эрчим хүчийг Монголд үйлдвэрлэж цахилгаан дамжуулах шугамаар Хятад, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгос хүргэх нь дээрх улсуудад өөрт нь ашигтай.

Дээрх төслийг хэрэгжүүлснээр манай улсад  уул уурхайгаас илүү их валют орж ирэх боломж бүрдэнэ гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа.

Монгол Улс  цахилгаан эрчим хүчийг 1 кв-ыг зургаан цент, түүнээс багаар үйлдвэрлэх боломжтой байгаа нь бүс нутгийн зарим хэрэглэгчдийн одоогийн үнэтэй харьцуулахад гурав дахин хямд юм.

Зүүн хойд Азийн бүс нутгийн яг төвд нь байрладаг Монгол Улсад уг байгууллага байрлах боломжтой бөгөөд Монгол Улс Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүсийнхээ аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортлох боломж ойртсоныг уг уулзалт баталгаажууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж