Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг, зөрчил гаргасан бол үүргээ ухамсарлан хариуцлага хүлээдэг төрийн албан тушаалтнуудтай болохын төлөө жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар “Хэвтүүл” хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.3.1/ мэдээлэл хийлээ.
Жагсаал маргааш буюу гуравдугаар сарын 2-нд Сүхбаатарын талбайд 10.00-16.00 цагт болох юм.
60 ТЭРБУМЫН СХЕМЭЭР ГАРЧ ИРСЭН ГИШҮҮД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
“Хэвтүүл” хөдөлгөөний гишүүн Б.Баянмөнх “Монгол Улсад амиа хорлолт ихсэж байна. Энэ нь нийгмийн байдалтай шууд холбоотой. Төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагаас энэ бүхэн үүсч байгаа. Монголын хамгийн баян хүмүүс Засгийн газрын ордонд сууж байна. Төрийн эрхийг 60 тэрбумын схемийн дагуу авсан УИХ-ын гишүүд хууль, ёсзүйн дүрмийг зөрчиж, хариуцлага хүлээж чадахгүй байна” гэсэн юм. Мөн “Хэвтүүл” хөдөлгөөний ард нам, улс төрч хэн нэгэн байхгүй гэдгийг тодотгож байлаа.
ХУУЛЬ ЖИГД ҮЙЛЧИЛДЭГ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ
"Хэвтүүл" хөдөлгөөний гишүүн Л.Алтансүх “Бид үүсээд байгаа нөхцөл байдалтай тэмцэхгүй бол бусармаг байдалд хүрлээ. Засгийн газар 29 санг нэгтгэж, 15 сан болгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай мэт харагдавч, өөрсдийн хийсэн хэргийн нотлох баримтыг устгах, ул мөрөө баллах хэлбэр болж байна. Баримтуудаа хаяж, шатаах нөхцөл байдлыг үүсгэж байна. Иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдал энгийн мэт байгаа явдалд цэг тавих цаг болсон. Маргааш 10.00 цагаас бид тэмцлээ эхлүүлнэ. Хууль жирийн иргэн, эрх баригчдад жигд үйлчилдэг ирээдүйн төлөө тэмцэнэ” гэлээ.
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮД ДАРХАН ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД ШАЛГУУЛАХГҮЙ БАЙГАА НЬ БУХИМДАЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат “Хэвтүүл" хөдөлгөөнийг дэмжиж нэгдэхээр миний бие шийдсэн. Баянзүрх дүүрэг ажил амьдралаа дээшлүүлэхээр тэмцдэг олон хүн янз бүрийн зээл хөөцөлдөж явдаг. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд нь тэр боломжийг нь хулгайлчихлаа. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд дархан эрхийнхээ хүрээнд хамгаалагдаж, шалгуулахгүй байгаа нь бухимдал төрүүлж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байх хэрэгтэй. Би олон жил Японд сурч, ажиллаж байгаад ирсэн. Тэр улсад хариуцлага хүлээх гэдэг маш чухалд тооцогддог. Хувийн ашиг сонирхлыг төрийн өндөр албан тушаалтнууд ялгаж салгах ойлголтгүй болчихжээ. Одоо зүгээр л үүссэн нөхцөл байдалд дасаад явдгаа больцгооё. Маргаашийн жагсаалд бүх хүмүүсийг оролцоосой гэж уриалж байна. Би төрийн албан хаагч биш. Иргэдээсээ итгэл хүлээн төлөөлж гарч ирсэн хүн. Тиймээс иргэдийнхээ өмнөөс тэмцэнэ” гэсэн юм.
ЖДҮХС- 1178 төсөл хүлээн авч, түүний 480-ыг нь шалгаруулжээ. Шалгаруулсан төслийн 136-д нь жилийн гурван хувийн хүүтэй зээл олгосон юм. Эдгээр зээлдэгчдийн 122 нь УИХ-ын гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтны өөрийн болон түүний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжүүд байсан юм.
Холбоотой мэдээ