Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ
ИНГЭН ШИЛРЭЭ

"Шинэ ном" булангийнхаа энэ удаагийн дугаарт зохиолч, сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрахын "Ингэн шилрээ" дурсамж, өгүүллэгийг хүргэе.


Хавар цаг. Ирж яваа цаг. Ингэ ботголоод эхэлчихсэн энхэр урин цаг. Манайх Хөх хадынхаа Бяцханы хаваржаа, хөлөөр хөглөрч нургисан хөх бууцан дундаа.
Үүр цүүрээр, унтаа сэрүүний завсраар гаднаас орж ирсэн Баваа зүүн хойморт завилан суунгаа цай чанаж буй Өгөөд хандан хэлж байна. Бид аавыгаа Баваа, ээжийгээ Өгөө гэж авгайлдаг юм. Манай говийнхны заншил хүндлэл юм даа, аав ээжийгээ авгайлан дууддаг нь.
-Бага хүрэн ингэ шилэрчихсэн бололтой… Бараа алга.
-Ээ, урд орой нэг л тогтвор алдаад уулын толгой шилбүүрдэж хараад байсан юм аа. Ботголох арай болоогүй байлтай. Бага хүрний эхээс унасан газар хаана билээ дээ.
-Барчингийн энгэрийн хэдэн буйлстэй ам. Тийшээ явсан нь тодорхой. Нар хөөрөхөөр хойноос нь мордоё доо. Ойрд “тэнгэрийн амьтан”-ы гүйсэн мөр энд тэнд харагдаад байгаа…
Бавааг гарсны хойно хорхой хөдлөөд:
-Өг-өө…
-Аа-йн…
-Ботголох дөхөхөөрөө ингэ яагаад шилэрдэг юм бэ?
-Хөөрхий дөө, төрөх гэж байгаа хүнтэй адил дуншиж өвдөөд байж ядахаараа алхуулчихдаг биз дээ. Эхээс унасан газрыг нь мэдэхгүй болохоор хаа хамаагүй явдаг гэж ярьдаг.
Түүнээс биш ингэ ботголох гээд шилрэхээрээ өөрөө эхээс унасан газар руугаа л амь тэмцэн зүтгэдэг амьтан. Хэдэн өртөө холоос ч унасан газартаа хүрээд ботголчихсон зогсч байдаг…
Сонин юм. Гүү унагалах гээд эхээс унасан газар руугаа гүйчихэж гэж сонсоогүй. Үнээ, хонь, ямааны тухайд бүүр ч үгүй. Гэтэл тэмээ… гагцхүү ингэ л аминаасаа амь, биенээсээ бие таслах болохоороо чухам яагаад газар тамгалан унаж, амьсгал анх залгилсан тэр алгын чинээхэн хонхор руугаа тэмцэн тэмцэн зүтгэдэг юм бол?!
Ямар нэгэн нарийн учир, нандин утга, ахуй байгаль, амьдрал мөнхийн үл тасрах алтан шижим, далд амьсгал тэнд шүтэлцэн байнам бус уу.
Салхидаж яваа, сайр уруудан тэшиж байгаа, үнсэн дээр шавааралдан зогсч байгаа, налж, хөрвөөж байгаа тэмээд зүүдэнд харагдаж, сэтгэлийн хаяа хөвсөлзөн нутаг санагддаг. Санагддагийн учир нь ингэн сүүний хүүхэд юм, би.
Хорвоод мэндлэх цаг үед нэгдэл, нийгмийн олон зуун хонины хойноос Баваа минь морин дэл дээр, Өгөө минь хурга ишиг, өвс, хужир… гээд өдрийн ихэнхийг хороо хотондоо өнгөрөөдөг байж.
Улаан цурав би Зээрэн гэж ингэний сүүгээр хүн болсон юм билээ. Бусад ингэнээс ганцхан Зээрэнг тусад нь сааж сүүг нь хөөрүүлээд намайг угждаг байж. Зээрэн минь багад, зэлний дэргэдүүр явах бүрийд нэг л уяхнаар гунганан ирж үнэрлэнэ. Мэдэхгүй юм даа, сүүг нь ууж өссөн надаас ямар нэгэн дотно “юм” үнэртдэг байсан болов уу.
Тээр хойно, сургуульд орсны дараа хөөрхий миний “сүүн ээж” Зээрэн өтлөөд, мэлзэн хоншоор нь бууралтаад. Өвөл сургуулийн амралтаар ирэхэд Баваа минь намайг дагуулан хороо хотны хормойд очоод аминчлан “Миний хүү, муу Зээрэн чинь өтөлчихлөө. Одоо энэ өвөл нэг л сөхөрчихвөл босохгүй. Зовоогоод яахав, хүнсэнд авчихъя” гэж билээ. Учирлаж, урьдчилж хэлэхгүй бол хүүхэд гэнэт үгүйлж, төхөөрснийг сонсоод “хэрэг тарьж” мэднэ гэж болгоомжилсон биз дээ, аав минь.
Зээрэн гэснээс манайх Хүрэн буур, Хонгор ингэ, Бор ингэ, Гоёо түүдэг, Хоёр ивлэдэг, Дарваан, Хурдан шар ингэ, Хар ат, Халтар ат, Хонгор ат, Хонины бор, Эрх бор, Их бөхт, Шөвгөр, Тэнэг, Шаахай, Сампаг, Дэгдээхэйн тайлаг, Тэрэгний хүрэн, Бахираа хар, Өндөр улаан… гэхчилэн сүрлэг сорлог, омголон, амгалан нийлсэн амины хэдэн сайхан тэмээтэй. Ёстой л хүчирхэг туурвигч Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэнчлэн
“Бударганаар сэвхэтсэн талын
Буйлдаг улаан уулс”-тай айл.
…Шөнө шилрээд ганийсан бага хүрний хойноос явсан Баваа хонь бэлчих үед ирж “Ботголчихсон байна, харчихаад ирлээ” гэж байв.
Хэд хоногийн дараа юм. Халзан овоо, Алаг овооны дундуур Бага хүрэн ботгоо дагуулаад гараад ирсэн. Усандаа ирж яваа нь тэр. Бараа нь харагдаад л, удсаан. Ботго нь явж өгөхгүй, газар хороохгүй. Эхийнхээ хойно өмнө бөртөлзөөд л…
-Бага хүрэн худаг дээр ирчихлээ.
-Миний хүү яваад услаад туугаад ир. Ботгыг нь барьж уяна.
Худаг дээр тавиад хүрлээ. Хөөрхөн юм аа, ботго. Гайхсан, дүрлэгнэсэн нэг их том хүрэн нүд, шөмбөлзсөн цоровгор хошуу, бөх гэж шалчгар хоёр согсоо, чацархаг урт хөл… эхийнхээ омруун доогуур орж нуугдаад л. Барихаар дөхтөл уруул жилэмдэн хуйхарч учиргүй тийрч байна. Урьд өмнө хараагүй амьтан довтлохоор айх гайхах нь арга байж уу.
Ботгоны хүзүүнд цагаан даавуу уячихсан байхыг анзаарвал Баваагийн хөлийн ороолт байх юм.
Манай Баян-Овоогийн “Хангай” Мижиддорж гэж хангай шиг дүнхгэр тэмээчин байх. Алдартай уяач. Сум, аймгаар тогтохгүй суу алдраа мандуулсан улсын аварга малчин.
Миж аварга их хөгжилтэй, адал явдал арвинтай хүн. Идэр эрмэг цагтаа шинэ мотоцикль худалдаж аваад сумын төвөөс гэрээдээ салхи татуулан гарч өгч. Давхиж хариад барааны газраас “Охион, хөөе Охин (эхнэр нь) зогсоогоорой, зогсоогоорой” гэж хашгираад гэрээ тойроод давхиад байсан ч гэх шиг, арай гэж зогсоон буугаад харахнаа нь төмөр хүлгийнх нь хармаа онгойгоод акумлятороо гээчихсэн байсан ч гэх шиг, “Ээ хайран акумлятор, ээ хайран акумлятор” гэж хэнийг хэлээд байгаа нь мэдэгдэхгүй шогшроод байсан ч гэх шиг хоршоонтой хууч олны салхинд хамхуул шиг хийсч явах. Их багагүй л тэгж ярьдаг сан. Томчууд “явуулсан” ч байхаа магад.
Тэмээчин аварга нэгэнтээ хаврын хуйсагнасан хуурай салхитай борлог өдөр манайд дөрөө мултлахдаа “Нэг тумай гунж шилэргэж алдаад. Танай энэ зүүн урдах хэдэн шовх улааны ботго юм. Нэхээд гүйцсэнгүй. Ирээд аль хэдүйнээ ботголчихжээ. Ботгыг нь явдлын ая даахтай болохоор ирж авья даа. Чоно нохой гайгүй байгаа. Эргэж тойрч байгаарай, Баваа минь” гэж суусан сан.
Тэднийх манайхаас жар, далан км-ын алсад нутагладаг айл. Тийм газрыг хоногт туулсан гэхээр шилэрсэн ингэ зам харгуйг ямархан хурдтай туулдгийг төвөггүй мэдэж болох.
Хонинд явж байхдаа аваргын ботголсон ингийг очиж харж л байсан. Ботгоных нь хүзүүнд цагаан даавуун ороолт зүүгээтэй л байсан. Бодвол, Миж аваргад Баваа ботгоных нь хүзүүнд хөлийн ороолтоо уяад орхи гэж хэлсэн ч болов уу.
Дан ганц ботго гэлтгүй хол бэлчээрт гүү унагалсан байхад аав минь хөлийн ороолтоо нялх унаганы хүзүүнд уячихаад ирдэг байв. Энэ нь ямар нэг дом биш л дээ. Хээрийн амьтнаас л хамгаалах ардын арга.
Боохой хүний үнэрээс дайжаад халдаж чадахгүй тойрч байгаад явчихсан байдаг гэж Баваа минь сүүлд өгүүлж байсан сан. Хүний хөлийн ороолтыг хүзүүндээ уяуллаа гээд адуу малын тэнгэр уруудаж буруудсан нь ер үгүй.
Хүний үнэр… “тэнгэрийн амьтан” хүртэл жийрхдэгийг бодоход хүчтэй, эхүүн сэхүүн үнэр дэг ээ.
Ирж яваа цаг ингэ ботголохын тоолон зэл уртасна.
Хороо хондны ойр тойронд хэвтэх шилний хагархай, ширхэг хадаасны хугархайг ч Баваа Өгөө хоёр минь алгаахгүй түүнэ. Бидэнд ч түүж авч байхыг үргэлж сануулна. Нялх ботгоны ул таваг хүүхдийн зулай шиг нимгэн зөөлөн болохоор хадаас шааж, шил зүсчих вий гэсэндээ л тэр.
Дөнгөж эхээс унасан ботгоны сүүлний үзүүрт мухар сөөмөөс уртгүй уйланхай шиг хальсан ууттай ус унжиж байх. Удаж төдөлгүй хагараад алга болно. Ботгоны айраг гэж нэрлэдэг түүнийг хагарч алга болохоос нь өмнө амжиж авч чадвал машид эрхэмлэн гэртээ авчирч чагтаганаасаа уяж зүүнэ. Айрагны ус хэдийчинээ их байна төдийчинээ сааль сүү элбэг арвин байх нь гэж билэгшээж өегшинө.
Билэг арвидах хавар цаг. Үртэй бүхэн төллөж, үндэстэй бүхэн цэцэглэх урин хонгор цаг.
Дэлгэрлээ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж