Хүүхдүүдийн “аймшиг” МОМО ба хакеруудын даажигнал

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийн “аймшиг” МОМО ба хакеруудын даажигнал

Хүүхдүүдийн “аймшиг” МОМО ба хакеруудын даажигнал

Нийгмийн сүлжээнд хүүхдүүдтэй харьцаж, тэднийг өөрийгөө гэмтээх, улмаар амиа хорлох үйлдэлд уруу татаж байгаа гэх “Момо” дүрсийн тухай мэдээлэл гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, сургууль, эцэг эхчүүдэд "Момoгийн сорилт"-оос сэргийлэхийг анхааруулсаар байгаа билээ.

Хүүхдүүд түүний улмаас амиа хорлосон тохиолдол гарлаа гэсэн мэдээлэл цацагдсан ч энэ нь үнэн хэрэгтээ худал болохыг гадны хэвлэлүүд онцолж байна. Тухайлбал, ВВС агентлаг дэлхийн хаана ч “Момо” сорилтын улмаас хүүхэд амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүйг уламжлав.

Хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийг айдаст автуулсан энэхүү мэдээллийг нийгмийн сүлжээнийхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэвэргэж буйг мэргэжилтнүүд анхааруулж буй юм. Өмнө нь "Момо сорилт" нь анх 2018 оны зургадугаар сараас нийгмийн сүлжээгээр тархаж, WhatsApp мессенжер хэрэглэдэг хүүхдүүдийн хаягаар нэвтэрч, улмаар "Момо таны талаар бүх зүйлийг мэднэ. Та хэд хоногийн дараа үхэх болно" гэх зэрэг агуулгатай зурвас илгээх магадлалтай” гэсэн мэдээлэл цацагдаж байв.

“Daily Mail” Лин Диксон гэх эмэгтэйн найман настай хүү “Момо сорилт”-ын хохирогч болсон тухай мэдээлсэн билээ. Эмэгтэйн ярьснаар, түүний хүүхэд харанхуйгаас, ганцаараа үлдэхээс айгаад байна гэх болжээ. Гол буруутан нь Youtube-ийн Момотой видео байсан аж. Хүүг "Пеппа торой" хүүхэлдэйн кино үзэж байхад нь Момо гэнэт гарч ирсэн байна. Лин Диксон “Хүү маань утасныхаа жагсаалтад момогийн зураг байсныг үзүүлээд, момо өөрт нь гал тогооны өрөөнөөс хутга авч, хоолой руугаа хатгах заавар өгсөн тухай надад хэлсэн” гэжээ. Тэднийг момо-гийн хохирогч болсон байх магадлалтай гэж үзэж байв.

ВВС агентлаг саяхан 12 настай аргентин охин, Энэтхэгт 18 настай хүү, Колумбад хоёр хүүхэд, Бразилд нэг, Францад нэг хүүхэд амиа хорлосон тухай мэдээлсэн билээ. Мөн Украинд нэг хүүхэд амиа хорлох оролдлого хийсэн ч аврагдсан хэмээн бичиж, тэднийг мөн л момо-гийн хохирогч болсон байх магадлалтай гэж уламжилж байсан билээ.

Их Британийн Челтенхэмд таван настай охин YouTube-ээр бичлэг үзэж байгаад момогийн даалгавраар үсээ хайчилсан тухай мэдээлэл фэйсбүүк нийгмийн сүлжээгээр цацагдсан. Үсчний хэлснээр, хүүхэд нь момо-гийн талаар тасралтгүй ярьж байсан аж. Энэ мэтчилэн момо нь хүүхдүүдэд үсээ тайрах, хоолой руугаа хутгаар хатгах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэлд уриалсан зэрэг мэдээллүүд хөвөрч байв.

“Moмo сорилт” буюу аймшигт энэ дүр нь Японы уран бүтээлч Мидори Хаяшигийн 2016 онд бүтээсэн “Ээж шувуу” бүтээлийн эх дүр бөгөөд япон залуусын дунд алдаршжээ. Нэг метр гаруй өндөртэй “Ээж шувуу” баримал нь асар том толгойтой, шингэн үс, бүлтгэр нүд, шувуун хөлтэй бөгөөд хөлийнх нь дунд ээж гэдгийг нь илэрхийлэх хоёр хөх дүрслэгджээ.

Уран бүтээлч Мидори Хаяши хакерууд өөрийнх нь бүтээлийг аймшигт үйлдэлдээ ашиглаж буй талаар ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийгээгүй байгаа аж. “Ээж шувуу” баримлын дүрийг нүүр царайгаараа сонгосон хакеруудын жинхэнэ зорилго, цаад санаа нь зөвхөн муу муухайд, амиа хорлолтод уриалж байгаад бий гэдгийг гадны орнуудын цагдаагийн албанаас анхааруулж буй билээ.

-ХҮҮХДҮҮДЭЭ АВРАХ УУ, АЛДАХ УУ-

Монголд фэйсбүүк нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд Youtube сувгийн бичлэгүүдийн дундуур хүүхдүүдийг гэнэт айлган цочоож буй момо-гийн тухай мэдээлэл эрчээ авсан. Момо хэмээх аймшгийн царайт нь Youtube сувагт байршсан, бага насны хүүхдүүдийн үзэх дуртай “Peppa Pig”, “My Little Pony” тэргүүтэй хүүхэлдэйн кинонууд, видео тоглоомуудын үе давж буй бичлэгүүд дундуур гэнэт гарч ирж, хүүхдүүдэд өөрсдийгөө гэмтээх аймшигт даалгаварт уриалдаг байна.

АНУ, ОХУ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд “Момогийн цаана хакерын бүлэглэл бий. Тэд зөвхөн хүүхэд айлгаад зогсохгүй ийм аргаар хүний хувийн мэдээлэл цуглуулах зорилготой” хэмээн мэдэгдэж, тэднийг шалгаж эхэлжээ. Мөн "Пеппа торой" хүүхэлдэйн кино, "Fortnite", "Minecraft" тоглоомын тухай бичлэгийн үеэр энэхүү дүрс гарч ирж байгаагийн цаана эдгээр бичлэгийг түгээдэг сувгуудыг хакердсан байж болзошгүй гэж үзэж буй юм байна.

Оросын хэрэглэгчид “Момо ихэвчлэн 2-10 насны хүүхдүүдийн үздэг бичлэг дундуур гарч ирэх бөгөөд хэдхэн хормын хугацаанд эхлээд мэндчилж танилцана. Дараа нь хүүхдүүдийг сонирхолтой, хөгжилтэй зүйл хийхэд эелдгээр уриалж, хүүхдүүд тоохгүй бол айлган сүрдүүлдэг. Момо-гийн бичлэг дундуур гарч ирэх хугацаа нь нарийн үе шатлалтайгаар дээр бичсэнчлэн мэндчилж, танилцахдаа хэдхэн хормоос эхлээд дараа дараагийн удаа гарч ирэхдээ хугацаа нь уртсаж эхэлдэг” гэж бичжээ.

“Mомо сорилт” хэмээн нэрлэгдээд буй аймшигт энэ дүр анх испани хэл дээрх бичлэгүүд дундуур гарч ирсэн бол удалгүй англи хэл дээрх бичлэгүүд рүү шилжсэн байна. Момо-гийн айлган сүрдүүлж, хүүхдүүдийг өөрсдийгөө гэмтээхэд уриалсан анхны бичлэг Аргентинд бүртгэгдсэн гэсэн албан бус мэдээлэл бий. Youtube сувгийнхан момо-гийн талаар мэдээлэл цацагдсан даруй яаралтай арга хэмжээ авч, сэжигтэй болон бичлэг дундуур момо гарч ирсэн 400 хаягийг хаажээ.

Монгол эцэг эхчүүдийн хувьд монгол хүүхдүүд испани, англи хэлтэй хүүхдүүд шиг момо-гийн зааврыг бүрэн гүйцэд ойлгох хэмжээнд хүрээгүй гэж санаа амарч болохгүйг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Хүүхдийнхээ нэхсэн зоргоор гар утас, компьютерээ өгч эрхлүүлэн, Youtube-ийн бичлэгүүд үзэхийг бүрэн зөвшөөрдөг бол таны хүүхэд зөвхөн момо ч биш цахим гэмт хэргийн хохирогч болоход ойрхон байна гэсэн үг. Иймд хүүхдээ хайрладаг л бол та ялангуяа бага насны хүүхдэдээ ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байх нь хамгийн зөв арга гэдгийг сануулъя.

Эх сурвалж: ВВС, Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
20
ХарамсалтайХарамсалтай
14
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж