Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн 70 насны ойд зориулсан “Их яруу дуун” цэнгүүн ирэх ням гаригт болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, уран сайхны удирдагч, ардын жүжигчин А.Дашпэлжээ, Хөгжим бүжгийн коллежийн ерөнхий захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар тоглолтын талаар хэвлэлийнхэнд дуулгав. Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүний нэг нь Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай юм. Тэрээр дуулахаас гадна 1984 онд Б.Ямпиловын “Шидэт ваар”, 1991 онд Дж.Пуччиний “Чио Чио Сан”, 2002 онд Д.Лувсаншаравын түүхэн “Хар Хорум” дуурийг найруулан тайзнаа амилуулсан бөгөөд “Хар Хорум” дуурийг анх удаа Хархоринд очиж, гадаа тоглож байжээ. Мөн 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны Х их наадамд тэргүүн байр эзэлж байжээ. Түүний тухай урлагийн мастерууд ийн ярьж байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган: ОЛОН САЙН ШАВЬ БЭЛДЭЖ БАЙГАА УРАН БҮТЭЭЛЧ
-Өөрийнхөө цаг үед манлайлж дуулж байсан дуучин. Өнөөдөр сурган хүмүүжүүлэгч, олон сайн шавь бэлдэж байгаа уран бүтээлч. Аливаа цаг үед ямар уран бүтээлч ямар чадлаар авьяасаа үзүүлэх шаардлагатай байна. Түүнд тулгуурлаж театрын урын сангийн цаашдын үйл ажиллагаа шийдэгддэг нь нууц биш. Тэгэхээр Х.Уртнасан бол 1980-аад оны бүх уран бүтээлд голлож, гоцлол дуучин Д.Банди, A.Хавлааш нартай хамтран дуулдаг байсан. Бидэнд цаг, боломж олдсонгүй. Олон сайхан хамтран дуулсан гадаадын уран бүтээлчид ирэх хүсэл, сонирхол байсан гэдгийг хэлмээр байна.
Хөгжим бүжгийн коллежийн ерөнхий захирал Г.Эрдэнэбат: ҮЕ ҮЕИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ОРОЛЦОНО
-Уртаа багшийг ажиллаж байх үед би сургуулиа дөнгөж төгссөн юу ч мэдэхгүй хүүхэд ирж байлаа. Тэр үеэс энэ хүний урлагт хэрхэн хоёргүй сэтгэлээр зүтгэх, дээр нь урлагийн хүн зарчимтай, хатуу байр суурьтай байж амжилтад хүрдгийг мэдэрсэн. Тэр чанараараа өнөөдөр 70 нас хүрчихээд Д.Жаргалсайхан багштай хамт Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн салбарыг үүсгэн байгуулаад 17 жил болоход шавь нар нь олон улсын уралдаанд байр эзэлж байгаа нь энэ хүний гавьяа гэж хэлмээр байна. Энэ тоглолтод урлагийн бүх байгууллага тэр дундаа хамтран ажиллаж байсан уран бүтээлчид, үе үеийн шавь нар нь оролцоно.
Уран сайхны удирдагч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ: ОН ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН САЙН ДУУЧИН
-Он цагийг эзэлсэн сайн дуучин. Түүгээр ч барахгүй олон улсын тайзнаа монголын дуурийн дуучдын салхийг хагалсан. Х.Уртнасан гуайн тухай өгүүлэхэд чадал, авьяас гээд олон зүйл ярина. Хэвлэлийн хурал дээр энэ тухай ярьж барахгүй. Мөн найруулах авьяасыг нь цухасхан дурдах нь зүйтэй. Зохион байгуулах чадвар, хатуу сахилга батыг өөрөө хэрэгжүүлээд зогсохгүй өрөөлөөс шаардаж чаддаг зарчимч, ажил хэрэгч хүн. Энэ бүхэн нэг хүн дээр төвлөрнө гэдэг том ачаа. Өнөөдөр түүний 70 насны ойг тэмдэглээд өнгөрөх бус дэлхийн хэмжээний том уран бүтээлчдээ мартахгүй, хойч үедээ үлдээх юмсан гэв.
Р.ОЮУН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин