Газар хөлдүү, мөстөлттэй тул аврах ажиллагаа удаашралттай байна

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Газар хөлдүү, мөстөлттэй тул аврах ажиллагаа удаашралттай байна

Газар хөлдүү, мөстөлттэй тул аврах ажиллагаа удаашралттай байна

“Эко алтан заамар” ХХК-ны  осол болсон уурхайд дарагдсан дөрвөн иргэнийг аврахаар аврагчид ажиллаж байна. Газар бүрэн гэсээгүй байгаа учраас мөстэй, нуранги нь том чулуутай байгалийн эрсдэл ихтэй тул аврах ажиллагаа удаашралтай байгаа ч  мөстэй хэсгийг экскаватороор хусаад шумбагчид дотор нь шумбан ажиллаж байна гэж Заамар сумын Засаг дарга Б.Самбуу хэллээ.

 

Газар хөдлөлт осолд нөлөөгүй

“Эко алтан заамар” компанийн ашиглалтын талбайд осол гарахад газар хөдлөлт нөлөөлсөн байж болзошгүй гэх урьдчилсан таамгийг Онцгой байдлын газраас дэвшүүлсэн ч Одон орон геофизикийн хүрээлэнгээс няцаалаа. Тус хүрээлэнгээс газар хөдлөлт нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх цаг хугацаа, орон зай харагдахгүй байгаа гэж тайлбарлав.

Газар хөдлөлт нь өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд 23.00 цагийн орчимд Заамар сумаас 32 км-ын зайд “Эко алтан заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын  уурхайд  осол болохоос 17 цагийн өмнө болсон юм.

“Эко алтан заамар” компанийн ойролцоо нутагладаг малчид “Уул уурхайн компаниуд нь рашаан булгийн усны олмыг тасалснаас болж, мал усгүйдэж, бэлчээргүй болсон” гэлээ.

Тухайлбал, Заамар сумын гуравдугаар багийн малчин З.Адъяажав “Бид дөрвөн жилийн өмнөөс “Эко алтан заамар”, “Мон дулаан” ХХК-иудын үйл ажиллагаа явуулах, ашигт малтмал олборлохыг эсэргүүцсэн ч хүчрээгүй. Эдгээр компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж рашаан булаг амь тасарч, мал усгүй, бэлчээргүй болсон. Уул уурхайн компаниуд булаг шандын “тархинд” нь л газар малтаж, олмыг нь тасалдаг. Улаанбаатарынхан утаан дунд амьдарч байгаа бол бид битүү манан шиг тоосон дунд л амьдарч байна. Мал гаргахаар уушги нь устсан байх юм. Тиймээс дээрх уул уурхайн компаниудын үйл ажиллагаа явуулахыг бүр мөсөн хориглож, бэлчээрийг сэргээмээр байна” гэдэг хүсэлт тавьж байна.

Уурхайд осолдсон иргэд амьд байх боломж хомс боллоо

Төв аймгийн Заамар сум, Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд өчигдөр 16.00 цагийн орчимд нуралт болж зургаан хүн дарагдсан осол болсон юм.  Онцгой байдлын албаныхан осол болсон газар руу Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е нисдэг тэргээр очиж, аврах ажиллагааг явуулснаар хоёр иргэнийг аварсан. Аврагдсан иргэд нь Налайх дүүргийн харьяат иргэн 34 настай Б, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн 28 настай Н  нар байжээ.

Харин үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх аврах ажиллагааг одоо ч үргэлжлүүлсэн хэвээр байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай  Г,  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн 38 настай П,  Булган аймгийн Хангал сумын харьяат иргэн 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Б нарыг аврахаар ажиллаж байгаа юм.

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Мөн "Осол газар хөдлөлтөөс болсон байхыг үгүйсгэхгүй. Нурангид дарагдсан дөрвөн иргэн амьд байх магадлал тун бага. Гүн ус тогтож, дээрээс нь нурангид даруулсан учраас амьсгалах боломжгүй”  гэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эко-Алтан Заамар”-ын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон ба ослын газарт ажлын хэсэг гарч, ажилтнуудын ажиллаж байсан нөхцөл байдал ямархуу байсан, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй учраас ямар нэгэн таамаг дэвшүүлэх боломжгүй гэдгийг хэллээ. Үүнтэй холбогдуулан тус компанитай холбогдсон боловч “ Ослын талаарх мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариуг өглөө.

Ослын газарт Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч , мөн хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч өнөө өглөө ослын газарт очин, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж