Цагаан сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга зарим хүнийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнасны дотор “Гавьяат малчин” цолыг Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун хүртсэн юм. Домогт шарга азарганы эзэн гэдгээр нь монголчууд түүнийг андахгүй. Шинэхэн гавьяатыг сониныхоо хүндэт зочноор урихад уриалгахан зөвшөөрсөн юм.
-Сар шинийн босгон дээр Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэнд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Гахай жилийн босгон дээр ийм эрхэм цолоор шагнуулсандаа их баяртай байгаа. Миний хувьд гавьяат болно гэсэн хүлээлт байгаагүй. Адуу гэж энэ сайхан малтай харьцаж, маллаж эхэлснээс хойш 30 гаруй жил болжээ. Энэ хэдэн адууны төлөө бүхнээ зориулж, нойр хоолгүй ажиллаж, амьдарч ирлээ. Эцэст нь хийсэн хөдөлмөрөө төрөөрөө үнэлүүлэхээс илүү сайхан зүйл гэж юу байхав.
-Адуу руугаа яваад ирсэн гэж сонслоо. Зүүн зүгийн нутгаар хаваржилт ямархуу байна?
-Энэ жил сайхан дулаахан өвөл боллоо. Адуу мал онд сайхан орсон. Отор нүүдэл хийж явсангүй, нутагтаа л өвөлжлөө. Манайх Хэнтийн Баян хутагийн их уул гэдэг газар өвөлждөг юм.
-Бөхчүүд жилийн дөрвөн улирлын турш бэлтгэл хийж барилддаг болсон. Уяачид бас бүтэн жилийн турш адуу малтайгаа ноцолдож байна уу?
-Хуучныг бодвол бөх, хурдан морины уралдаанд аль илүү бэлтгэл хийсэн нь амжилт гаргадаг болж. Тиймээс морь уяхад ялгаагүй жилийн дөрвөн улирлын хөдөлмөр орж байна. Өрсөлдөөн ширүүн болсон учраас бэлтгэл сайн хийхгүйгээр дээгүүр уралдана гэж саналтгүй. Ерөөсөө мэргэжлийн тал руугаа орчихлоо гэж болно.
–Өвөл, хаврын цагт юун дээр илүү анхаарч ажилладаг юм бэ?
-Өвөл нэлээд эдэлж, адуу малаа хөнгөрүүлнэ. Хаврын цагт гол бэлтгэлээ хийж байж төрийн наадмаар уралдана даа.
-Одоогийн уяа сойлго таныг анх уяач болж байсан үеийнхээс хэр өөрчлөгдсөн бэ?
-Өдөр, шөнө шиг ялгаатай. Сүүлийн үед морины хурд улам сайжирлаа. Энэ хэрээр уяа сойлго, бэлтгэлийг өндөр түвшинд хийдэг болж. Дээр үед таван хошуу малаа маллаж байгаад зундаа морь уядаг байсан бол одоо дийлэнх нь зөвхөн хурдан адуугаар дагнадаг болсон. Манай уяачид эхнээсээ гадаадад гарч уралдаад том тэмцээний түрүү авдаг боллоо. Энэ бол уяачдын эрдэм өндөр түвшинд хүрсний л илрэл.
-Та хэчнээн адуу сойж байна вэ?
-Би жилдээ зургаан насны хорь гаруй адуу уядаг юм. Эндээс бэлтгэл гайгүй хэдийг нь ялгаж аваад төрийнхөө наадамд ирдэг. Хурдны адуу хаврын ногоонд цадаж байж уяа сойлго нь жигдэрдэг. Тиймээс хаагуур ногоо байна, түүнийгээ дагаад бэлчээнэ.
-Наадмаар гайгүй уралдах морьдын өнгө хэзээнээс тодордог бол?
-Үндсэндээ дөрөв, таван сараас морьдын өнгө тодроод эхэлдэг юм.
–Өвөл, хаврын морин уралдаан маргааны сэдэв болсоор удлаа. Хүйтний улиралд морь уралдуулах тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Би хувьдаа өвөл морь уралдуулахын эсрэг байр суурьтай байдаг хүн. Нэгдүгээрт, унаач хүүхдээ бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, морь малаа хайрлах ёстой. Зарим өвөл айхтар хүйтэрдэг бол зарим үед жигтэйхэн их цас дарчихдаг. Заримдаа цас эрт хайлж, битүү шалбааг болох нь бий. Энэ мэтээр байгалийн эрс тэс нөхцөл байдал хүндрэл учруулдаг юм. Харин урин дулаан цаг ирэхээр тодорхой хэмжээний дүрэм журам, тогтоол шийдвэрийн дагуу уралдах нь зөв. Ер нь ямар ч юм дүрэм журманд захирагдах ёстой шүү дээ. Хэн нэг нь одон медаль авлаа гээд жалга довондоо морь уралдуулаад байгаа нь буруу гэж боддог.
-Хүүхдүүд мориноос унаж гэмтэх, амь насаа алдах тохиолдол хүртэл гарах боллоо. Энэ юутай холбоотой вэ. Өмнө нь хүүхдүүд ингэж унаж, гэмтдэг байсан уу?
-Нэг үеэ бодвол уралддаг морины тоо олон болсон. Мөн аймаг, сум, баг, бригад гээд хаа сайгүй уралдаан зохиогддог боллоо. Энэ нь эрсдэл үүсэх нэг шалтгаан гэж болно. Миний бодлоор зохион байгуулалт муу, нөгөө талаар уяачдын өөрийнх нь хариуцлага сул байна. Уяач хүн эмээлийн олом жирэм, унаач хүүхдийн хувцас хэрэглэл гээд бүгдийг тааруулах ёстой. Энэ бүгдийг тооцоотой, зөв хийвэл хүүхэд унаж бэртээд байхгүй л дээ. Гол нь уяач хүний хариуцлагатай л холбоотой. Дээр үед хөгшчүүд “хүүхэд, морь эсэн мэнд сайхан наадлаа” гэж ярьдаг байсан. Бид ингэж л наадах ёстой юм.
-Монгол морийг эрлийзжүүлэх нь зөв, буруу гээд маргадаг. Та энэ тал дээр хувийн бодлоо хуваалцаач?
-Хурдны адууг хурдан цусаар сайжруулах л ёстой. Нэгэнт адууныхаа хурдыг үзэж байгаа болохоор дэргэдэх хүнээсээ арай хурдан хүлэг гаргаж ирэхийг бодно шүү дээ. Одоо уяач нар гаднаас хурдан адуу оруулж ирэн нутгийн адуутайгаа үржилд оруулаад яг монгол адуу шиг мөртлөө илүү хурдан, бэлчээрээр өөрийгөө аваад явчих чадвартай морь гаргаж авах гээд л оролдоод байгаа юм. Онцгой сайхан хурдан адуутай болъё гэсэн хүсэл хүн бүрт бий. Үүнийг хийх ганц гаргалгаа нь хурдан цусаар адууныхаа хурдыг сайжруулах юм.
-Таныг унаган хотын хүүхэд гэж сонссон. Хэний нөлөөгөөр уяач болсон юм бэ?
-Би хоёрдугаар 40 мянгатад төрж, өссөн хүүхэд. Хар багын моринд дуртай байлаа. Эмээ маань Архангайх. Зуныхаа амралтаар эмээгээ дагаж Архангай руу явна. Хөдөө гараад морь маланд улам хорхойсох болсон. Ингээд арван жилээ төгсөхдөө адуучин болно гэж шийдчихсэн байлаа. Манайд адуу мал гэж юу байхав. Тиймээс 1986 онд хүнээс эр, охин хоёр даага худалдаж авснаар адуун сүргийн маань эхлэл тавигдсан. Чанартай цөөн адуу үржүүлж, гарсан үр төлийг нь уралдуулна гэсэн бодолтой байв. Би дээд тал нь 200 гаруй адуутай л байсан. Хурдны чиглэлийн үүлдэр угсааг нь сайжруулах зорилготой болохоор ихээр өсгөе гэж бодоогүй юм. Би цэрэгт байхдаа БХТН-д генералын тэрэг барьдаг байлаа. Ингэж явахдаа Морин тойруулганаас хурдан азарга олж авсан. Дараа нь Хэнтийн галшар нутгаас гүү авч, дундаас нь хурдан адуу гаргаж авна гэж тооцсон. Үнэхээр сайхан хурдан адуунууд гарсан шүү. Хүмүүс унаган адуу гэж ярьдаг даа. Тэгвэл миний унаган адуунууд төрийн наадмаас 12 түрүү, есөн айраг авсан байдаг. Бага шарга маань төрийн наадамд ес мордож, наймд нь барианд орсон. Нийтдээ зургаа түрүүлж, хоёр айрагдлаа. Сайхан адууны буянд сайхан амьдарч байна аа.
-Шарга азарга хурдан хүлэг болно гэдгийг та анхнаас нь мэдэж байсан уу?
-Шарга азарганы аав нь морин тойруулгын гаралтай, ээж нь галшарынх. Би өөрөө ээжийг нь олж ирж байлаа. Аятайхан бие хаатай, цовоо сэргэлэн сайхан унага байсан. Даага болоход нь хүн бүр “Ямар сайхан адуу вэ” гэдэг байв. Ах шарга нь даагандаа айрагдаж байсан. Харин бага шаргыг дааганд нь уяж чадаагүй. Тэгээд шүдлэн насанд нь уралдуулахад улсад шууд түрүүлсэн дээ.
-Тэр жил түрүүлнэ гэдэгт нь хэр итгэлтэй байв?
-Налайхын голд сунгаа болоход хол зайтай өнгөлж ирээд л байсан. Би тэр үед залуухан, адууны уяа сойлгыг айхтар сайн тааруулж сураагүй байж. Үнэнийг хэлэхэд улсын наадамд ирээд түрүүлчихнэ гэсэн итгэл байгаагүй. Гэтэл наадамд ирж түрүүлээд л шарга азарганы түүх эхэлсэн дээ.
-Айрагдсан жилүүдэд нь та уяа сойлгыг нь тааруулж чадаагүй юу, эсвэл бие тэнхээ нь тааруухан байв уу?
-Амьд амьтан юм болохоор биеийн байдал янз бүр болно. Бас уяаны алдаа оноо гэж байна. Хязаалан насанд нь гүйцэд сайн уяж чадалгүй дутуудуулаад дөрөвт оруулсан юм.
-Шарга азарга ямар зан ааштай байв?
-Сайхан номхон дөлгөөхөн шүү. Дангаар нь унаад явахад хашиндуу. Харин морины ханьтай бол сайхан явна. Ер нь анзаараад байхад сайн хурдан адуу нөөцтэй байдаг юм уу гэж бодогддог. Ажил болон бусад юманд хурдан түргэн хөдөлдөг адуу амархан турж, тамир тэнхээгээ бардаг. Харин шарга азарга маань жаахан залхуу, лазандуу, үндсэн тамир тэнхээгээ тэр бүр гаргадаггүй онцлогтой. Тиймдээ ч уяаны гарын ая сайн даадаг. Би ер нь арваннэгдүгээр сарын сүүл хүртэл амраагаад бусад үед нь байнга эдэлж, нухдаг байлаа.
-Шарга азарга улсын наадамд дахин түрүүлэх нөөцтэй байсан гэж боддог. Арай эрт болиулчихлаа гэж бодогддог уу?
-Улсын наадамд хамгийн сүүлд түрүүлэхдээ 12 настай байсан шүү дээ. Энэ бол уралддаг адуунд бол өндөр. Багаасаа завсаргүй уралдсан хүлэг. Бас хөлний үенд нь жаахан сэв орчихсон байсан. Ер нь эрсдэлтэй шүү дээ. Хэрэв гай таарвал хөлгүй ч болж мэднэ. Ингээд бид нар ярьж байгаад бүр доголон болгоод яахав гээд дахиж уралдуулахгүй байхаар шийдсэн юм. Шарга азарга маань монгол түмнээ хангалттай л баярлууллаа. Зургаа түрүүлж, хоёр айрагдана гэдэг Монголд байхгүй амжилт шүү дээ.
-Зургаан түрүү дундаас хамгийн онцгой санагддаг нь аль вэ?
-2004 он миний сэтгэлд тод үлджээ. Тэр жил дөрөв уралдаж дөрөв түрүүлсэн юм. Хавар дорнодод уулын тахилгад анх уралдуулсан. Багцааг нь үзье гэж бодож байтал түрүүлээд ирсэн. Тэндээс хөлөөр нь туусаар байгаад төв аймагт ирсэн. Ингээд Налайхын голдоо сунгаж байгаад улсын наадамд уралдуулахад түрүүллээ. Дараа нь Өвөрхангайд болсон их хурд уралдаанд мөн түрүүлсэн. Би яагаад тэр жилийг онцлоод байна вэ гэвэл дараа нь их хурдад уралдана гэж тооцоод улсын наадамд арай дутуу уяатай орсон юм. Харин жинхэнэ торгон ир гэдэг нь их хурдын үеэр орсон доо. Хамгийн хурдан, онцгой жил нь тэр байж дээ. Их хурдад түрүүлсний дараа Алтан овооны тахилгад түрүүлж байлаа.
-Улсад дээгүүр уралдаж буй морьдын дундаж хурд 40-42 км/цаг байдаг гэж сонссон. Та шарга азарганы дундаж хурдыг хэмжиж байв уу?
-Өөрийнхөө тааваар давхихад 42-43 хүрдэг байсан. Жаахан хүчлэхэд 44-45, заримдаа тэрнээс илүү ч хурдалж байсан үе бий. Ер нь цуг уралдаж байгаа адуунаас шалтгаална л даа. Тархины адуунууд хурдан байвал илүү хурд гаргана. Өөрөө хурдаа тааруулаад уралдчихдаг адуу байсан юм. Арын морь жаахан зайтай бол айхтар хүчлэхгүй, биеэ нөөгөөд давхиад байна. Дөхөөд ирвэл холдоод алга болно. Хүн заагаад өгчихсөн юм шиг хурдаа тааруулж уралдана гэдэг адуунд тэр бүр заяадаг чадвар биш байх аа.
-Шарга азаргыг үндэсний бөхөөр бол б.бат-эрдэнэ аваргатай зүйрлүүлж болно. Б.Бат-Эрдэнэ аваргыг ид үед нь О.Балжинням аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёр л арай ойрхон өрсөлддөг байлаа. Харин шарга азарганд өрсөлдөгч байсан уу?
-Байлгүй яахав. Сүхбаатар аймгийн даатгал хээр гэж мундаг азарга байлаа. “Макс”-ын Д.Ганбаатарын хүрэн азарга гээд өгөө аваатай үзчихээр хэд хэдэн сайн азарга байсан. Гэхдээ шарга маань нөгөө хэдээсээ яах аргагүй илүү байж дээ.
-Шарга азарга маань одоо хаана байдаг вэ. Нас хэдтэй билээ?
-Одоо Сүхбаатар аймгийн нутагт байна. Энэ жил 22 хүрч байгаа юм байна. 22 нас гэдэг азарган адуундаа өндөрт орно. Гэхдээ угаасаа мундаг төрсөн юм болохоор 20 гарсан гэхээргүй тэнхээтэй шүү.
-Одоо шарга азаргыг хүн унадаггүй биз дээ?
-Их сайн уралдаж байсан хурдан хүлэгт хүн бүр хамаагүй хүрдэггүй эртний уламжлал бий. Уралдахаа больчихсон хурдан адууг хүн унах ёс ч байхгүй. Одоо шарга азарганы хувьд ёстой л салхинаас өөр юм нуруундаа хүргэхгүй ижил сүрэгтээ эрх дураараа явж байна.
-Шарга азарга шиг хурдан буян дахиж төрөх найдвар байна уу?
-Сайхан хурдан адуутай болох нь уяач болгоны мөрөөдөл. Гэхдээ шарга азарга шиг хурдан хүлэг дахиж төрнө гэдэг хэцүү. Онцгой юм гэдэг өөрөө байгалийн бүтээл юм. Ёстой л бүх юм нь таарч, бүрдэж байж хурдан адуу төрдөг байх. Хурдан адууны ачаалал даах чадвар гэдэг чухал нөлөөтэй. Зарим хурдан адуу нэг, хоёр уралдаад л дараагийнхаа уралдаанаар зүрх нь үхээд явж өгдөггүй. Харин хэзээ ч халирдаггүй зүрх, эрүүл саруул бие, эд эрхтэн нэг дор заяана гэдэг ховорхон тохиол байхгүй юу.
–Шарга азарганы үр төлөөс өндөр амжилт гаргасан ямар алдартай морьд байна вэ?
-Байна аа, байна. Би бусадтай адилхан хойноос хэдэн эрлийз гүү авчраад шарга азаргандаа хураалгасан. Хэдэн төлүүд нь бараг бүгд л улсын наадамд түрүүлж, айрагдлаа. Шарга азаргыг ид үед нь байнгын бэлтгэлтэй байлгах үүднээс цөөхөн гүү хураалгаж байсан болохоор харьцангуй цөөхөн төлтэй л дөө. Гэхдээ гарсан эр төл болгон нь уралдана гэнэ шүү.
-Том цолтой бөхчүүдийн амьдрал ахуй ерөнхийдөө сайхан болоод ирдэг. Харин уяачдын хувьд нөхцөл байдал ямархуу байдаг вэ?
-Миний хувьд адууны буянаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй болж л байна. Угаас би адуу руу орохдоо мориор мөнгө хийхийг зориогүй. Үнэхээр адууны төлөө зүрх сэтгэлээ зориулаад, ихийг хийж байгаа хүнийг адууны бурхан тэнгэр харж үздэг юм. Би үүнийг биеэрээ мэдэрсэн хүн. Сүүлийн үед зах зээлийн буянаар адууны арилжаа наймаа их явагддаг болж. Миний хувьд хэдэн адуугаа үржилд оруулж, өөрөө авахыг нь авч үлдээд заримыг нь тав гурван төгрөгөөр зарчихна. Энэ мөнгөөрөө хэдэн морио арчлах зардлаа олж байна. Ер нь хурдан морь уяхад замбараагүй их зардал гардаг. Уяач хүүхдийн цалин, туслах адуучны цалингаас авахуулаад тэжээл бордоо, эм тариа гээд явж өгнө.
–Үнэхээр сайхан хурдан хүлэг хэдээр зарагддаг бол. Монголд хамгийн өндөр үнэ хүрсэн морь хэдээр зарагдсаныг мэдэх үү?
-Би өөрөө өгч, авч байхыг нь нүдээр үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ сураг сонсох нь ээ бараг тэрбум төгрөг хүрч байсан тохиолдол байдаг гэсэн. Уяач нар олон жилийн хөдөлмөрийн үр дүнд аргагүй хурдан хүлэг гаргаж чадаж байна. Нөгөө талд моринд дур сонирхолтой хүмүүс түүнийг нь үнэлж авч чадаж байгаа нь зөв гэж боддог.
-Энэ жил таны уяан дээр дээгүүр уралдчих найдлагатай морьд хэр байна вэ?
-Жилийн жилд л хэдэн морьдоо харуулдаж суудаг юм. Баараггүй дээгүүр уралдах адуу байсан ч болохгүй үе гэж байна. Энэ жилийн тухайд гавьяат малчин гээд сайхан цол авлаа. Их урам ордог юм байна. Хань ижил, гэр бүлийнхэн, ээж маань их урамшлаа. тиймээс энэ жил хичээж байгаад төрийнхөө наадамд адуу айрагдуулчих юмсан гээд л зүтгэж байна даа.
-Сайхан ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ