“Өөр мэдээ” булангийн энэ удаагийн зочноор залуу жүжигчин А.Энхжинг урилаа. Тэрээр “Этик” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл “Цуурхал” киноны гол дүр дээр ажиллаж байгаа юм байна.
–Үзэгчид А.Энхжинг “Шинэ үе” продакшны жүжигчин гэдгээр нь сайн таньдаг. Харин ойрын үед тайзнаа харагдах нь багасч ээ?
-Түр хугацаанд хамтлагийн ажлаасаа чөлөө авсан. Учир нь “Этик” продакшны ээлжит уран бүтээл “Цуурхал” киноны зураг авалт эхэлсэн учир тоглолтод орж амжихгүй байна. Киногоо нээчихээд хамтлагийн уран бүтээлдээ орно.
-Таны хувьд энэ кинонд дүр бүтээхийн тулд дүр төрхөндөө нэлээд өөрчлөлт хийж байгааг ажсан?
-“Цуурхал” кинонд Итгэл гээд гол дүр дээр ажиллаж байна. Итгэл гүн дурлачихсан залуу. Дүрээ амилуулахын тулд үс, сахлаа ургуулахаас эхлээд өөртөө олон өөрчлөлт хийлээ. Удахгүй шинэ бүтээл, шинэ дүрээр үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа баяртай байна.
-Цахим ертөнцийн халдлага, сөрөг нөлөөллийн тухай өгүүлнэ гэсэн үү?
-Хэдийгээр инээдмийн гэж тодотгож байгаа ч кинондоо инээд, нулимс, омогшил, бахархал гээд бүгдийг нь багтаахаар зорьсон. Өнөөдөр цахим ертөнц хурдтай хөгжиж байна. Энэ нь олон давуу талтай ч үүгээр дамжуулж нийгэмд сөрөг мэдээлэл хурдтай тархдаг. Үүнээс гадна олны танил хүмүүсийн зургийг ашиглаж, хуурамч хаяг нээж, хүмүүсийг дарамтлах, мөнгө авах үйлдэл газар авч байна. Кинонд энэ бүхний тухай, буруу үлгэр дууриал үзүүлэх ямар хор уршигтайг хошин маягаар тусгасан.
-Монголын кино ертөнцийн отгон продакшнаар “Этик” тодроод байна. Нэг сургуулийн үе үеийн төгсөгчид нэгдсэн бил үү?
-“Этик” продакшны суурь хоёр жилийн өмнөөс эхтэй. Тухайн үед КУДС-ийг төгссөн нэг үеийн ах дүү нар нэгдээд фильм, нэгдэл байгуулъя гэсэн санаа гаргасан. Суурийг нь тавьж, үүсгэн байгуулсан хүн нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Даваазул бид хоёр. Бид анх “Хүний цаана” киноныхоо зохиолыг биччихээд зураг авалтаа эхлэх боломжтой үеийг хайж байсан. Дэлгэцийн анхны бүтээлээ өнгөрсөн аравдугаар сард амжилттай нээлээ.
–Өнөөдөр кино урлаг эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагаад хэн дуртай нь чанаргүй кино хийж байна гэсэн шүүмжлэл нийгэмд багагүй байдаг. Ийм үед залуу уран бүтээлчид нэгдээд продакшн байгуулна гэдэг эрсдэлтэй биш үү?
-Бид залуу уран бүтээлчид. Нэгэнт л урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бол чадахаасаа чадахгүйг нь хүртэл зорилго, мөрөөдлийнхөө төлөө хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. Мэдээж анхны уран бүтээл алдаа, оноотой байдаг. Харин алдаагаа дараагийн уран бүтээлдээ давтахгүйг хичээх ёстой. Бидний хувьд ч “Хүний цаана” киногоо хүмүүст хүргэхийн тулд хөрөнгө мөнгөнөөс эхлээд олон бэрхшээл туулсан. Гэхдээ урлаг гэсэн нэг сэтгэлийн дор нэгдээд, хөдөлмөрлөх юм бол болохгүй зүйл байдаггүй юм байна.
-Монголд одоогоор хамгийн амжилттай яваа кино продакшн бол “Фантастик”. Тэдэн шиг болохын тулд мэдээж тэднээс илүү хөдөлмөрлөх шаардлагатай байх?
-Бид “Фантастик” продакшны ах нараасаа үргэлж үлгэр дууриал авдаг. Тэдэн шиг сайн кино хийхсэн гэж хүсдэг. Манай уран бүтээлчид бүгд залуус. Амьдралын, урлагийн хаалгыг дөнгөж нээж байна. Цаашид сурах зүйл олон бий. Бүтээлээс бүтээлийн хооронд туршлагажина.
-А.Энхжингийн хувьд С.Болормаа багшийн шавь. “Хүний цаана” кинонд багштайгаа хамт тоглосон. Дөрвөн жил багшаараа ур чадварын хичээл заалгасны хувьд ямар санагдаж байв?
-Үнэнийг хэлэхэд их эвгүй юм билээ. Багшаасаа сүрдээд л. Юу гэж хэлэх бол гэж үгийг нь хүлээгээд л. Дөрвөн жил мэргэжлийн хичээлээс гадна уран бүтээлч байх ухааныг багш минь бидэнд заасан. Бид багшийнхаа хэлсэн “Миний хүүхдүүд юу ч болсон битгий шантраарай. Урагшаа зүтгэ. Угтах зам чинь гэрэлтэй байна” гэсэн үгнээс их урам авсан.
-“Цуурхал” киноны зохиолч, найруулагч Г.Даваазул та хоёрын хувьд оюутан цагийн ах дүүс. Харин одоо уран бүтээлийн хамтрагчид болжээ?
-Г.Даваазул манай доод төгсөлт. Аав нь бас уран бүтээлч, найруулагч байсан юм билээ. Биднийг урлаг гэдэг нэг үг нэгтгэсэн. Г.Даваазул их хөдөлмөрч. Жүжигчиддээ өндөр шаардлага тавьдаг. Хэдийгээр би дээд төгсөлтийн ах нь ч хааяа дүүгээсээ суралцах зүйл байдаг шүү.
-Тайзнаас дэлгэцийн бүтээлд шилжихэд жүжигчин хүнд арга барилаа өөрчлөх шаардлага гардаг уу?
-Би тайзны урлагт их хайртай. Сургуулиа төгсөөд хамтлагтаа орж, тайзан дээр тоглож эхэлсэн тул сэтгэлд их ойр санагддаг. Гэхдээ кино урлаг ч ялгаагүй сайхан. Залуу хүний хувьд аль алинд нь өөрийгөө сорих хүсэл бий.
-Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн уран бүтээлчийн хувьд “Шинэ үе” продакшнд багтана гэдэг аз, од байсан байх даа?
-Би хамтлагтаа, захирал Н.Ариунболд ахдаа насан туршдаа баярлаж явна. Учир нь юу ч мэдэхгүй залуу хүүхдийг хамтлагтаа авч, урлагт улам дурлуулж, гарыг минь ганзганд хүргэсэн. Манай хамтлагаас олон уран бүтээлч амьдралын зөв замаа олсон байдаг. “Шинэ үе” гэдэг нэр их сайхан. Би ч ялгаагүй энэ хамтлагийн нэг эд эс.
–Үе тэнгийн уран бүтээлч дундаа манлайлж яваа хүний нэг нь өөрийг тань гэж бодож байна. Ямар үед жүжигчин болсноороо хамгийн их бахархаж байв?
-Би төгс уран бүтээлч болоогүй. Цаашдаа ч олон зүйл сурна. Урлагийг цагаан толгойгоор төсөөлбөл “А” үсгийнхээ цэгийг л тавьж байна. Энэ хугацаанд миний хамгийн сайхан үе анх тайзан дээр гарчихаад, анхны киногоо нээчихээд аав руугаа ярих тэр мэдрэмж байлаа. Аав минь баярласандаа уйлсан.
–Өөрөө Дорнодынх бил үү?
-Би Дорнод аймгийн уугуул. Аав нутагтаа байгаа. Намайг бага байхад ээж минь бурхны оронд одсон. Тэр үеэс миний аав гадаа гарч эр, гэрт орж эм болсоор намайг өсгөсөн. Хэдийгээр би баян, тансаг байгаагүй ч аавынхаа агуу хайранд өссөн гэж боддог. Үргэлж шинэ хувцас өмсч чаддаггүй байсан ч хиртэй хувцастай явж үзээгүй. Намайг урлагийн хүн болоход их дэмжсэн.
-Аавынхаа ачийг хэрхэн хариулъя гэж боддог вэ?
-Миний амьдралд байгаа хамгийн эрхэм, үнэтэй хүн нь аав. Магадгүй “баярлалаа” гэсэн ганцхан үгээр ачийг нь хариулж чадахгүй байх. Ямар ч байсан хүний дайтай хүн болж хүслийг нь гүйцээхсэн гэж боддог.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ