Кофе нь зөвхөн “аяга уух юм” төдий зүйл биш. Үүний цаана асар олон соёл буй. Дэлхийн том хотуудтай адил нийслэлд ч бас булан тойрох төдийд кофе шоп үүдээ нээж, энэ соёлыг бусдад түгээж буйг та харж байгаа байх. Гэхдээ энэхүү амтат ундааг дагалдах дисирт буюу бэйкэри ч бас соёлын нэг хэлбэр болж, өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон. Кофе шоп, кафе дахь шилэн хоргоны ард эгнээтэй байх төрөл бүрийн бялуу, бейкери нүд булааж, хорхой хөдөлгөх авч үйлдвэрлэсэн огноо, компанийн нэр, хадгалалтын хугацааг нь шалгах шаардлагатай. Энэ нь та бидний эрүүл мэндтэй салшгүй холбоотой учраас тэр. Гурилан бүтээгдэхүүний нийт зах зээлийн 60 гаруй хувийг хангадаг “Талх чихэр” ХК нь 100 гаруй нэр төрлийн бейкери бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр болжээ. Энэ талаар тус компанийн ерөнхий менежер С.Тамираатай ярилцлаа.
-“Талх чихэр” ХК-ныг хүмүүс магадгүй дугуй талх, “Та Чи” нэрийн бүтээгдэхүүнээр нь илүү мэднэ байх. Танайх 100 гаруй нэр төрлийн бэйкери үйлдвэрлэхээр болсон гэв үү?
– “Талх чихэр” ХК 35 дахь жилдээ талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Салбартаа олон улсын хүнсний аюулгүй байдлын ISO22000:2005 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бид гурилан бүтээгдэхүүний салбарт техник, технологийн суурь баазын хувьд арвин туршлага, мэдлэгт хүрчээ.
Хүний амьдралын хэв маяг, хэрэглээний онцлог болон кофены хэрэглээний соёлыг дагаад Монголд бейкерийн төрлийн бүтээгдэхүүний эрэлт хурдацтай өсөн нэмэгдэж байна. Тийм ч учраас нарийн мэдрэмж, технологи ажиллагаа, эрүүл ахуйн өндөр хяналт шаардсан бялуу, бэйкерийн төрлийн бүтээгдэхүүний “Хотол” үйлдвэрийг төлөвлөж, ашиглалтад оруулаад байна. Түүхий эд болон бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн үндсэн дээр 100 гаруй бүтээгдэхүүнийг одоогоор худалдаанд гаргахад бэлэн болсон байна.
– “Хотол” бялууны үйлдвэрийн тухай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
– “Хотол” үйлдвэрийн нэрийн тухайд товчхон тайлбарлая. Бялууны нэрээр үйлдвэрээ нэрлэсэн байгаа. Анх Бямбын Ринчен гуай хотол олноороо бялуурч идэх гэсэн утгыг илэрхийлж “Хотол бялуу”-ны нэрийг өгч байсан түүхтэй. “Хотол” бялууг Талх Чихрийн Комбинат байх үед анх удаа үйлдвэрлэж Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэж байсан. Одоо ч 35 жилийн өмнөх “Хотол” бялууны жор, технологи ажиллагаа анхны байдлаараа хадгалагдан үлдсэн байдаг.
Хотол үйлдвэр нийт дөрвөн давхар бүхий 1000-аад мкв талбайтай, үйлдвэрлэлийн орчин олон улсын стандарт, Хассп зарчмын дагуу төлөвлөгдсөн онцлогтой. Тухайлбал, зоорийн давхартаа түүхий эд материалаа хадгалах гүн хөлдөөх болон хөргөх хөргүүртэй. Давхар болгонд технологи дамжлагын онцлогоос шалтгаалан орчны агааржуулалтыг ердийн болон зохиомол аргаар бүрдүүлсэн. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний урсгал болон ажилчдын урсгал зэргийг оновчтой шийдсэн гээд олон давуу талтай.Бүтээгдэхүүний танилцуулгыг бид албан өнөөдрөөс хэрэглэгч, харилцагчдаа зориулан зохион байгуулж байна.
– Бялууг гар аргаар үйлдвэрлэдэг гэв үү?
– Бэйкерийн төрлийн бүтээгдэхүүний нэр төрөл хязгааргүй, өдөр тутам хөгжиж, өөрчлөгдөж байдаг учраас мэргэжлийн хүний ур чадвар, хурд, мэдрэмж их шаарддаг. Ер нь бол гар хийцийн бүтээгдэхүүн гэж хэлж болно. Технологийн хувьд олон улсад ид ашиглагдаж байгаа хагас бэлэн бүтээгдэхүүний хүйтэн болон гүн хөлдөөх технологийг зориулалтын хөргөх, хөөлгөх, хөлдөөх төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд байна. Технологи ажиллагаанаас гадна үйлдвэрлэлийн эрүүл ахуй, орчин маш чухал байдаг.
– Хүнсний манлай үйлдвэрийн хувьд бейкерийн түүхий эд, бүтээгдэхүүнээ хаанаас авдаг нь сонин байна?
– Түүхий эдийн тухайд талх, нарийн боовтой харьцуулахад маш ялгаатай. Олон төрлийн түүхий эд ашигладаг. Нэг бүтээгдэхүүнд хамгийн багадаа л 10-аад нэр төрлийн орцоос бүрддэг. Заримдаа үүнээс ч олон түүхий эд орох бүтээгдэхүүн бий. Бэйкерийн бүтээгдэхүүний амт, өнгө үзэмж түүхий эдээс шууд хамаарна, чанар, аюулгүй байдал найдвартай, томоохон ханган нийлүүлэгчээс шалтгаалдаг. Гол түүхий эд болох амтлаг крем, төрөл бүрийн шанз, бэлэн хольц зэргийг ХБНГУ-ын Ирекс компани, АНУ болон Хятад улсын-ын хамтарсан Рич компани, ОХУ-аас шууд үйлдвэрлэгчээс татан авдаг. Мэдээж дотоодын үйлдвэрлэгчээс зориулалтын гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийг хангадаг.
– Дэлхийн улс орнуудад бейкери урлагийн бүтээлийн төвшинд хүрсэн байдаг. Монголд энэ төвшинд хүрсэн үү?
– Бялуу болон бейкерийн төрлийн бүтээгдэхүүн өдөр бүр хөгжиж байдаг нэр төрөл л дөө. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад удсан туршлагатай үйлдвэрүүд бий. Салбартаа манай улс олон улсад хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна. “Талх чихэр” ХК бол энэ салбарт мэргэшсэн ОХУ, ХБНГУ, Франц улстай хамтын ажиллагааны хүрээнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж, туршлага судлах, ажилтнуудаа дадлагажуулах, мэргэшүүлэх зэргээр ажилладаг. Мөн хэрэглэгч ямар амт чанар, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн хүсч буйг эрэлхийлж бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт хийгдэж байгаа. Тийм учраас олон улстай эн зэрэгцэж байгаа гэж бодож байна. Судалгааны дүнгээр нийслэлийн гудамж талбай өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй кофе, Бэйкери шопуудыг дурьдвал нэлээн их тоо гарна. Нөгөө талаас бид Бэйкерийн үйлдвэр байгуулж, энэ төрлийн бүтээгдэхүүнээр хүчээ сорьж буй шалтгаан нь бид хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай, гарал үүсэл тодорхой, тээвэрлэлт, хадгалалтын нөхцлийг бүрдүүлсэн бүтээгдэхүүнийг санал болгож буй юм. Бэйкерийн төрөл нь түргэн гэмтдэг, эрсдэлээрээ өндөр учраас стандартын дагуу үйлдвэрийн орчинд зайлшгүй үйлдвэрлэх ёстой. Хувь хүмүүс бялуу, бейкерийг ам бүлийнхээ хэрэгцээнд зориулж хэрэглэнэ үү гэхээс биш худалдаалж, түгээх, тээвэрлэх боломжгүй.
-Хүнсний салбар гэдэг дотоодын ариун цэврийг дээд хэмжээгээр сахиж аюулгүй хүнсийг үйлдвэрлэх үүрэгтэй. Энэ тал дээр ямар хяналт тавьж ажилладаг вэ?
– Хүнсний аюулгүй байдал гэдэг ойлголт олон улсад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж байгаа. Манай компани Монгол улсад хүчин төгөлдөр хууль, дүрэм, стандартуудыг мөрдөхөөс гадна ОУ-ын стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Өдөр тутмын хүнсний хэрэглээ болсон талх, гурилан бүтээгдэхүүн болон бэйкерийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлж, хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлснээр хэрэглэгчдэд эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг хангаснаар онцлог, давуу болж чадна. Хүнсний чанар, аюулгүй байдалд тавигдах хяналтын тухайд компанийн хэмжээнд төв лаборатори болон үйлдвэрийн гэсэн хоёр лабораторитой. Төв лаборатори нь химийн болон микро биологийн лабораториос бүрдэнэ. Ялангуяа кремтэй бүтээгдэхүүнд нян судлал маш чухал. Микробиологийн шинжилгээ нь маш хугацаа авсан шинжилгээний уламжлалт аргууд байдаг. Сүүлийн үед өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнд олон цаг зарцуулдаг шинжилгээний арга хугацааны хувьд дутагдалтай тал бий. Бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт очсон хойно бид шинжлээд яах билээ. Тиймээс бид эрсдэл талаас нь түргэвчилсэн шинжилгээний аргуудыг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.
–Бэйкерийн бүтээгдэхүүний тухайд хэрэглэгчдийн гар дээр очих хүртэл тодорхой хугацаа зарцуулдаг. Үйлдвэрээс гарсан даруйд хадгалалтын хугацааны горим алдагдах хүртэл асуудал яригдана?
-Кремтэй бүтээгдэхүүн нь дулааны боловсруулалтад ордоггүй. Бэлэн болсон бисктвитэнд / жигнэмэг/ чимэглэл хийж хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэхдээ ердийн нөхцөлд бус тусгай зориулалтын машинаар тээвэрлэж 0-4 хэмийн орчинд хадгалан худалдаанд гаргана. Энэ хадгалалтын нөхцөл худалдан борлуулах цэгүүдэд бас хамааралтай. Бялууны төрлийн бүтээгдэхүүн стандартын дагуу 48 цаг хүртэл хадгалах хугацаатай. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүнийг савлаж буй сав баглаа боодол чухал. Сав баглаа боодол нь шууд бүтээгдэхүүнтэй харьцдаг тул нэгдүгээрт анхдагч түүхий эдийн, хүнсний зориулалттай цаас байх, хоёрдугаарт, түүний хэвлэл хүнсний зориулалттай будаг ашигласан байх шаардлагатай.
– Ирэх гуравдугаар сарын 1-нээс нийлэг уутыг хориглох хуулийн заалт хэрэгжинэ.Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн танил болсон “Атар” талхны савлагааны уут солигдох уу гэсэн асуудал яригдаж эхэллээ. Хэрэв цаасан сав баглаа боодол ашиглавал үнэ нь өсөхгүй байх баталгаа байхгүй?
– Энэ шаардлага нэг удаагийн хальсан уут буюу 0.035 мм-ээс доош гэсэн тоон үзүүлэлтээр хязгаарласан. Бидний бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа уут нь нэг удаагийнх биш, тухайн заасан тоон үзүүлэлтээс зузаан, анхдагч түүхий эдээр хийсэн хүнсний зориулалттай тул худалдан авсны дараа ахуйн хэрэгцээндээ дахин ашиглах боломжтой. Бэйкерний бүтээгдэхүүнд цаасан болон нийлэг материалтай сав баглааг ашиглаж байгаа. Компанийн энэ жилийн төлөвлөгөөнд одоо ашиглагдаж байгаа сав баглаа бодлыг өөрчилж, шинэчлэхээр баг томилогдон ажиллаж байгаа.
Холбоотой мэдээ