Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байгаа юм.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 57 улс гишүүнээр, 17 ажиглагч улс, 23 улс холбоотон орон гэсэн статустай байдаг.
Харин Монгол Улс 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм. Түүнчлэн Олон улсын Иргэний хамгаалалтын тусламжийн тухай конвенцид 2004 онд нэгдэн орсон байна.
“Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.