Дональд Трамп тоглоомонд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Дональд Трамп тоглоомонд ялагдлаа

Дональд Трамп тоглоомонд ялагдлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотноо болж өчигдөр /2019.02.28/ өндөрлөө. Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг уулзалтын үр дүн дэлхий нийтийн таамаглалаас зөрж, дэлхийд энх тайвныг авчрахаар очсон Дональд Трампын  оролдлого бүтэлгүйтлээ. Түүнийг хэвлэлүүд “тоглоомонд ялагдлаа” хэмээн бичиж байна. Ингээд дээрх уулзалтын үеэр ямар үйл явдал өрнөсөн талаар товчлон хүргэе.

-Удирдагчид Вьетнамд хүрэлцэн ирэв-

Уулзалт эхлэхийн өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өглөө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн хуягт галт тэргээр Вьетнамд хүрэлцэн ирэв. Тусгай шат суурилуулж, улаан хивс дэвссэн Донгданг өртөөний төмөр замын тавцан дээр Ким Жон Уныг Вьетнамын Засгийн газрын тамгын газрын дарга Май Тиен Зунг тэргүүтэй төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийнхэн хүндэтгэлтэйгээр угтан авсан бол хүндэт зочдыг төмөр замын буудлаас гарахад БНАСАУ-ын төрийн далбааг барьсан сургуулийн сурагчид болон дотоод, гадаадын 100 гаруй сэтгүүлч хүлээж байв. Сайн дурынхан болон хэвлэлийнхэн түүнийг ирэхийг хүлээж Донгданг өртөөн дээр хоносон байна.

Ким Жон Ун Вьетнамд ирэхийн тулд галт тэргээр 70 цагийн турш аялсан бөгөөд замдаа галт тэргээ зогсоон тамхилсныг хэвлэлүүд онцолсон нь сонирхолтой үйл явдлуудын нэг байлаа.

Харин орой нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын онгоц Ханой хотын олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар оройн 21 цагийн үед газардав. Түүнийг Вьетнамын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Ханой хотын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга тэргүүтэй албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн угтан авчээ.

-Уулзалтын эхний өдөр хөтөлбөрийн дагуу үргэлжлэв-

Хөтөлбөрийн дагуу эхний өдрийн уулзалт хоёрдугаар сарын 27-ны 18:30 цагаас эхэлж, угталтын үйл ажиллагаа явагдсаны дараа АНУ-ын талаас Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны төсөв хариуцсан дарга Мик Малвэни, БНАСАУ-ын талаас тус улсын удирдагч Ким Жон Ун, Хөдөлмөрчдийн намын дэд дарга Ким Ён Чол зэрэг  дагалдагчдын хамт оройн зоог барьсан. Уулзалтын гол яриа хэлэлцээр маргааш өдөр нь болох байсан тул оройн зоог 90 минут үргэлжилсний дараа удирдагчид өөр өөрийн байрлаж буй зочид буудал руу буцацгаасан юм.  Оройн зоогны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп залуу удирдагч Ким Жон Уныг “агуу удирдагч” хэмээн магтан сайшаасан юм.

-Дональд Трампын өмгөөлөгч асан Трампын булхайг зарлав-

Уулзалтын хоёр дахь өдөр буюу сүүлийн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хамгийн чухал яриа хэлэлцээндээ орж байх үед АНУ-ын конгрессийн танхим сонсгол зохион байгуулж, тус сонсголд Дональд Трампын шадар хүмүүсийн нэг, түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Майкл Коэн оролцож Ерөнхийлөгчийн эсрэг мэдүүлэг өгч, түүний сонгуулийн луйвар, гэр бүлээс гадуурх харилцаа, өрсөлдөгчдөө сүрдүүлдэг байсан зэрэг сөрөг мэдээллийг олонд ил болгов. Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн сонгуулийн төсвийг зүй бусаар захиран зарцуулсан, татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэд дуудагдах болсон цагаас эхлэн Ерөнхийлөгчийн эсрэг сөрөг мэдээллүүдийг мэдээлэх болсон юм. Түүний энэхүү үйлдлийг Дональд Трамп ялаа хөнгөлөх гэсэн оролдлого, утгагүй, огт ор үндэсгүй худал мэдээлэл, нэр хүндийг нь унагахын тулд зохион байгуулсан Ардчилсан намынхны зүй бус үйлдэл хэмээн няцаагаад байгаа юм. Мөн түүхэн чухал уулзалтын дундуур ийм мэдэгдэл хийж байгаа нь үнэхээр ичгэвтэр хэрэг төдийгүй, уулзалтын үр дүнд ч сөргөөр нөлөөлж байгааг анхааруулсан.

-Хоёр тал зөвшилцөлд хүрсэнгүй уулзалтыг өндөрлүүлэв-

Хоёр дахь өдрийн уулзалт орон нутгийн цагаар өглөө 09:00 цагт эхэлж, хөтөлбөрийн дагуу хэвийн үргэлжилж удирдагчид өөрсдийн дагалдагчдын хамт сэтгүүлчдийн төлөөллийг байлцуулан нээлттэй яриа хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаа эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад Ким Жон Ун “Би бэлэн биш байсан бол энд ингээд суухгүй байх байсан шүү дээ” гэж хариулж Дональд Трамп Түүний хариултыг “Амьдралдаа сонссон хамгийн сайхан хариулт байлаа” хэмээн сайшаан дэмжиж байлаа. Мөн АНУ-ын төлөөлөгчийн газар Хойд Солонгост нээгдэхийг зөвшөөрөх эсэхийг нэгэн сэтгүүлч асуусан юм. Ким Жон Ун энэ асуултад мөн л нааштай хариу хэлж дэмжиж ажиллахаа илэрхийлж, Дональд Трамп ч мөн “сайхан санаа байна” хэмээн хэлэв. Ийнхүү уулзалтын уур амьсгал маш таатай үргэлжилж байсан бөгөөд удирдагчид 14:00 цагт ажил хэрэгч өдрийн зоог барьсныхаа дараа 16:00 цагаас сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол болох байв. Гэтэл гэнэт уулзалтын хөтөлбөрт өөрчлөлт орж, өдрийн зоог цуцлагдаж, тунхаг бичигт гарын үсэг зурах эсэх нь ч тодорхойгүй болсон юм.

 

 

Уулзалт үр дүнгүй болж, хамтарсан тунхагт гарын үсэг зурахгүй гэсэн мэдээ гармагц Азийн, тэр дундаа Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл савлаж, томоохон индексүүд, корпорациудын хувьцаа огцом унаж эхэлсэн юм. Мөн воны ам.доллартай харьцах ханш ч 0,6 хувиар буурсан байна.

Удирдагчид хамтарсан мэдэгдэл хийх байсан ч Ким Жон Ун ирсэнгүй Дональд Трамп ганцаараа ирж, ирэхдээ товлосон цагаасаа 10 минут хоцорч ирээд талууд зөвшилцөлд хүрээгүй талаар мэдэгдсэн юм. Зөвшилцөлд хүрээгүй гол шалтгаан нь Хойд Солонгосын талаас АНУ тавьсан бүх хоригоо цуцлахыг шаардаж, оронд нь цөмийн реакторуудаа бүгдийг нь устгахыг санал болгосон ч АНУ талаас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүйд байсан талаар хэлсэн юм. Гэхдээ хоёр улсын удирдагчдын харилцаа сайн хэвээр үлдсэн, хамтарсан тунхагт гарын үсэг зураагүй болохоос уулзалт үр дүнтэй болсон, яриа хэлэлцээ цаашид ч үргэлжилнэ, Ким Жон Ун дахин цөмийн зэвсэг үйлдвэрлэж, пуужин туршихгүй гэдгээ амласан гэх мэт үр дүнг танилцуулав.

-Ханой хот энх тайвны бэлгэ тэмдэг болж чадсангүй-

Дональд Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь түүхэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Вьетнамын нийслэл Ханой хот өөрийгөө “Энх тайвны хот” гэж нэрлээд байсан юм. Ханой хотын өнцөг булан бүрт “Ханой-Энх тайвны хот” гэсэн бичиг харагдаж байв. Харамсалтай нь энхийн хэлэлцээрийг байгуулах зорилготой уулзсан удирдагчид тодорхой зөвшилцөлд хүрч чадалгүй уулзалт өндөрлөлөө. Тиймээс “Ханой хот энх тайвны хот мөн үү” гэсэн тохуурхангүй асуулт дэлхийн  хэвлэлүүдийн нүүрэнд гарч байна.  Өндөр хүлээлттэй байсан уулзалт ийнхүү төгссөнд дэлхий нийтээрээ сэтгэл гонсгор үлдлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж