Дөрвөн гадаад хэлтэй, сургагч багш Г.Хонгорзул

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Дөрвөн гадаад хэлтэй, сургагч багш Г.Хонгорзул

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноо танилцуулъя. Энэ удаагийн зочноор Монгол Улсын ардын багш, доктор, профессор С.Галсан агсны том охин Г.Хонгорзулыг онцолж байна.

Тэрбээр хэл судлаач мэргэжилтэй бөгөөд англи, япон, орос, хятад хэлтэй. Хэл судлаач мэргэжилтэй бүсгүй маань  “JCI” байгууллагын гишүүн “Эерэг сэтгэлгээний давалгаа” хэмээх хувь хүний хөгжил, боловсролд чиглэсэн төслийн сургагч багшаар 2015 оноос хойш ажиллаж байгаа. Уг ажлаараа 2018 онд АНУ-ын Засгийн газрын солилцооны хөтөлбөрүүдийн нэг “Community Solution Progran leader хөтөлбөрийн оролцогчоор Монгол Улсаас шалгарч, дөрвөн сарын хугацаанд АНУ дахь төрийн бус байгууллагад ажиллаж байгаад эх орондоо ирээд байгаа билээ. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.

ГАЛСАНГИЙН ХОНГОРЗУЛ: 1988.06.25

Төгссөн сургууль:

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар дунд сургууль /2006 он/

Хэл судлаач дээд сургуулийн Англи-Орос хэлний багш бакалавр /2008 он/

Монгол Улсын Их сургуулийн Япон судлалын бакалавр /2010 он/

Хэл судлаач дээд сургуулийн Хэл шинжлэлийн ухааны магистр /2011 он/

А.С.Пушкины нэрэмжит Орос хэл, Уран зохиолын их сургуулийн докторантад суралцаж байгаа

Мэргэжил:
Хэл судлаач

Одоо эрхэлж буй ажил:
Positive Mind төслийн сургагч багш

Сошиал хуудас: 
HZL Galsan /фэйсбүүк/

ХҮҮХЭД БАЙХДАА ЯМАР ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙВ?

-Би багадаа дуу, хөгжимд их сонирхолтой хүүхэд байлаа. Арван жилээ орос гуравдугаар сургуульд суралцаж төгссөн. Ангийнхаа онц сурлагатны нэг. Бас олон хүүхдэд хуулуулж, тусалдаг сурагч байлаа. Хүүхдүүд тусламж хүсэхээр нь би “Үгүй” гэж хэлж чаддаггүй учраас их ханддаг байсан байх. Ер нь заримдаа өөрийгөө мартаад хүмүүст туслах зантай. Энэ зан маань намайг сургагч багш болоход ихээр нөлөөлсөн болов уу.

Оюутан байхдаа бүжгийн хамтлагт бүжиглэдэг байсан. Гэхдээ миний хувьд мэргэжлээ гадаад хэлний чиглэлээр сонгосон. Гадаад хэлний мэдлэгтээ суурилан Монголд ажилд орох хамгийн амар байдаг учраас банк, уул уурхай, гадаад худалдаа, олон улсын төслүүд дээр ажиллаж байсан. Энэ бүх ажил маань гадаад оронд хөгжил хэрхэн явагддаг талаар олж мэдэх туршлага болсон.

НИЙГЭМ РҮҮ ХАНДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ ГАР БИЕ ОРОЛЦОХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Би 2013 онд анх залуучуудын хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Уг хөгжлийн хөтөлбөрт оролцогч залуус чөлөөт цагаа нийгмийн идэвхитэй үйл ажиллагаанд зориулдаг байсан. Тэр нь надад үлгэр дууриалал болсон гэж хэлж болно. Тэгээд 2013 ондоо “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг их дэмждэг болсон. Мөн нэг удаагийн хандивын үйл ажиллагаанд оролцдог байлаа.

Миний хувьд нийгэмд хандаж нэг зүйл хийх хүсэл байсан боловч хаана хамрагдвал тогтвортойгоор нийгмийн асуудлыг шийдэхэд тусалж чадах вэ гэдгээ сайн мэдэхгүй байсан. Тухайн үед зарим найзууд маань JCI байгууллагад гишүүнээр элсчихсэн. Уг байгууллага маань сонирхолтой төсөл хөтөлбөрөөр асуудлыг үндсээр нь хэрхэн өөрчилж болох вэ гэдэгт чиглэж байсан учраас гишүүнээр элссэн. Тэгээд энэ байгууллагадаа “Эерэг сэтгэлгээний давалгаа” хэмээх хувь хүний хөгжил, боловсролд чиглэсэн төслийн сургагч багшаар 2015 оноос хойш ажиллаж байгаа.

ЭХ ОРОНДОО БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАЖ БАЙСАН БОЛ АНУ-Д БАС ДҮРВЭГСЭДИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАЖЭЭ. АМЕРИК, МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ЯЛГАА?

-Миний төсөл АНУ руу анх удаа явсан. Миний гэлтгүй монгол залуусын төсөөллөөр АНУ хөгжсөн улс учраас бидний амьдралд тохиолддог асуудлуудыг шийдсэн байдаг гэж төсөөлдөг. Гэтэл Олон улсын хөтөлбөрийнхөө хүрээнд нийгмийн эмзэг бүлэгт тусламж үзүүлээд явж байхад тийм их ялгаа байдаггүй юм билээ. Бидэнтэй яг л адилхан тэдэнд өдрийн хоолгүй яах вэ, хаана хонох вэ, их сургуулийнхаа төлбөрийг хэрхэн төлөх вэ гээд олон асуудал өдөр тутам тулгардаг.

Гэхдээ монгол хүүхдүүд илүү хэрсүү юм шиг санагдсан. Харин Америк хүүхдүүд монгол 15 настай хүүхдийн ур чадваруудыг эзэмшиж чадаагүй байх жишээтэй. Үүнтэй холбоотойгоор америк хүүхдүүдийн төлөвшил нь удаан, гэнэн зантай юм билээ. Тэгэхээр миний хувьд хүүхдийн насны онцлогт тохирсон хөтөлбөр, судалгааг хийх болсон. Би АНУ-д Азийн дүрвэгч гэр бүлийн хүүхдүүдэд ирээдүйн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ, нийгмийн асуудлыг шийдэх ямар бизнесийн загвар байдаг талаар сургалт зохион байгуулсан. Америк хүүхдүүдийн давуу тал нь Монгол хүүхдүүдийг бодвол бие дааж юмыг хийж сурсан байдаг. Америк хүүхдэд мэдээллийн сэжүүр өгөхөд өөрөө тэр мэдээллээ дэлгэрэнгүй судалж чаддаг.

ГАДААД ХЭЛ СУРАХАД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ. ӨДӨРТ Л ХЭДЭН ҮГ ЦЭЭЖЛЭЭД БАЙХ УУ ЭСВЭЛ ОРЧИН ЧУХАЛ ЮМ УУ?

-Гадаад хэл сурахын тулд орчинд нь орчих л юм бол хэл амархан гэсэн ташаа ойлголт байдаг. Бодитоор нь тухайн улсад очоод урт болон богино хугацааны вакумжуулсан сургалтад сурсан хүмүүс гадаад хэл суралгүй ирэх нь элбэг. Тоо хязгааргүй байдаг шиг хэл гэдэг чинь хязгааргүй. Мөн үргэлж хэл хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл. Хэрвээ гадаад хэл сурахаар өөртөө зорилго тавьсан бол “Бэрхшээлтэй, хүнд шүү. Чи маш их хичээл зүтгэл гаргах ёстой шүү” гэж сэтгэлгээгээ анхнаасаа бэлдэх ёстой. Гэтэл манай залуус “Гадаад хэл сурахад хамгийн амархан арга юу байна” гэж асуугаад байдаг. Үнэндээ сурах гэж байгаа орны хэлээрээ кино үзэх нь чихээ онгойлгоход хэрэгтэй. Ярианы ур чадвараа сайжруулахын тулд тухайн орны хүмүүстэй, гадаад хэлтэй хүмүүстэй харилцах хэрэгтэй. Тухайн хэл дээрээ ном унших нь дүрэм болоод үгийн хэрэглээг ойлгоход тустай. Тиймээс гадаад хэл сурах нь ердөөсөө амар зүйл биш. Бас суралцаж дуусдаг ч зүйл биш. Нэгэнтээ гадаад хэл сурахаар эхэлсэн бол дуусахгүй гэсэн хүлээлттэйгээр, зоригтойгоор сурах ёстой. Зарим залуус маань гадаад хэл сурахгүй хойш тавьсаар гэнэт л амархан сурчих юм шиг боддог.

Гадаад хэл сурснаар маш олон давуу тал бий болдог. Үүнийг гадаад хэл сурсан хүмүүс л олж хардаг. “Нэг хэл мэдвэл нэг хүн. Олон хэл мэдвэл тэр хэлнийхээ тоогоор хүн болдог” гэсэн үг бий. Учир нь монгол, орос, англи хэл мэддэг бол ярьж буй хэлээ солих болгонд дотоод хувь хүн нь бас өөрчлөгдөж байдаг. Зан төлөв нь хүртэл өөрчлөгддөг. Тэгэхээр “Миний ганц бие хүрэлцэхгүй байна” гэж ярьдаг хүмүүс олон хэл сурснаар гурван тархи зэрэг ажиллаж байгаа юм шиг болчихдог. Дээрээс нь боломж гараад, орчноо өөрчлөөд гадаад улсад богино хугацаагаар явбал заавал яв гэж зөвлөдөг. Яагаад гэвэл гадаад оронд амьдарсан хүмүүс шийдвэр гаргах чадвар нь илүү сайжирсан байдаг. Мөн америк хүн англи хэлээрээ л яриад, гадаад хэл эзэмших шаардлагагүй амьдарч болно. Гэтэл монгол залуус маань зайлшгүй гадаад хэл сурч, Олон улсын төвшинд гарах гээд байгаа учраас олон давуу тал үүснэ шүү дээ. Манай орны залуус гадаад хэлээ сурчих л юм бол бусад орны залуусаас хоёр дахин илүү байж чадна.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Бие бялдраа хөгжүүлэх талаасаа гэвэл кардиогоор хичээллэдэг. Бас кикбоксын дасгалуудыг хийдэг. Ингэснээр оюун санаа төвлөрөх, биеэ хянах, зүрхэнд зөв ачааллыг өгч, стресстэхгүй байх боломжтой. Хоёр жилийн өмнөөс ном уншдаг болсон. Ихэвчлэн англи хэл дээрх номнуудыг уншдаг. Чөлөөт цагаараа орчуулгын ном редакторлах ажил хийдэг.  Хүмүүс тусламж  гуйхаар “үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болоод ихэнх цаг заваа хүнд туслах, хамтарч ажиллах, төлөвлөхөд зарцуулдаг даа.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Америкийн хөтөлбөрт зөвхөн дөрвөн сарын хугацаанд хамрагдаад, ажиллаад дуусчихдаггүй. Эх орондоо ирээд зургаан сарын дотор тэндээ сурч мэдсэн зүйлээрээ төсөл хийх шаардлага тавьдаг юм. Үндсэндээ хөтөлбөр маань дөрвөн сар АНУ-д зургаан сар эх орондоо хэрэгждэг гэсэн үг. Бид тогтмол АНУ-ын Засгийн газар руу тайлангаа явуулж байдаг. Тэнд сурч мэдсэн зүйл дээрээ тулгуурлан ойрын хугацаанд төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Миний АНУ-д ажиллаж байсан төрийн бус байгууллага маань Азийн улс орнуудаас АНУ руу дүрвэж ирсэн Ази гэр бүлийн өсвөр насны хүүхдүүдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан. Дүрвэгсэдийн хүүхдүүд учраас сэтгэл санааны хүнд цаг үеийг туулсан хүүхдүүд байдаг. Тийм учраас тэдэнд бусдын тусламж дэмжлэг, хөгжлийн боломж зайлшгүй шаардлагатай. Тэр хүүхдүүдэд миний ажиллаж байсан байгууллага үнэ төлбөргүй урлаг, спорт, дуу, хөгжим зэрэг авьяасыг нь хөгжүүлэх хөтөлбөрөөс гадна компьютер график, видео яаж хийх вэ, код хэрхэн бичих талаар зааж сургадаг.

Би тэр хүүхдүүдтэй ажиллаж, зан төлөвийн судалгаа хийсэн. Эх орондоо ажиллаж байсан “Эерэг сэтгэлгээний давалгаа” төсөлтэй бас холбоотой ажил байсан. Би ойрын хугацаанд өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголтоо хийхээс нь өмнө XXI зуунд хамгийн өндөр боломж олгох код бичих ур чадвартай холбоотой мэргэжлүүдийг зааж сургах төсөл хэрэгжүүлэх бодолтой байна. АНУ-д код бичих чадварыг 10 наснаасаа эхлэн суралцдаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсад залуус их, дээд сургуульд орсны дараа л код бичих талаар судалж, дөнгөж суралцаж байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

Манай гэр бүл бүгдээрээ эрдмийн хүмүүс. Тиймээс миний хувьд аав, ээжийнхээ хийж буй ажлыг үргэлжлүүлэх зорилготой. Залуу хүн учраас өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорч, олон салбарт ажиллаж үзсэн. Тэр болгондоо тодорхой хэмжээний амжилтуудыг гаргаж байсан. Хэцүү зүйлүүд ч гэсэн олон тохиолдсон. Тэр бүх бэрхшээлийг эхнээс нь даван туулж сурж байна. Цаашдаа нас тогтоод ирэхээрээ нийгэмдээ хувь хүний хөгжил рүү чиглэсэн их, дээд сургуультай болох мөрөөдөлтэй.  Манай аав, ээж дээд сургуультай байсан ч 10-аад жилийн өмнө хаагдсан юм. Аав маань орос хэлтэй, дэлхийд алдартай эрдэмтэн хүн байсан. Ардын багш, доктор, профессор С.Галсан гэж хүн миний аав. Хүмүүс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орсноор нь их сайн мэддэг. Би ирээдүйд аавынхаа эрдмийн замналыг үргэлжлүүлж, дээд сургуулийнх нь үйл ажиллагааг дахин сэргээх бодолтой байгаа.

Дэлхийн 67 орны нийт 92 оролцогч хөтөлбөрөө төгсөөд АНУ-ын Засгийн газраас батламжаа гардан авсаны дараа

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Би өөрөө англи, япон, орос, бага зэрэг хятад хэлээр ярьдаг. Мөн арван жилийн сургуульд байхдаа герман хэл, оюутан байхдаа солонгос хэл сурч байсан. Польш улсад амьдарч байхдаа багадаа польшоор цэвэр ярьдаг байсан юм. Тийм болохоор надаас хүмүүс “Хүүхдэдээ хэдэн наснаас нь гадаад хэл заах вэ, технологи өндөр хөжсөн энэ нийгэмд гадаад хэл хэрэгтэй юу, хэл сурахад оройтдог уу” гэж их асуудаг. Англи хэл бол дэлхий ертөнц дэх бүх мэдээлэлд нэвтрэх жижигхэн түлхүүр. Англи хэлийг сурчих л юм бол дэлхийг та атгалаа л гэсэн үг. Тэгээд гар утсан дээрээ эрхий хуруугаараа дараад бүх мэдээллийг авна. Орчин цагт ганц монгол хэлээр мэдээлэл олж авахад бэрхшээлтэй. Харин англи хэлтэй болсноор дэлхийн топ их дээд сургуулийн хөтөлбөрүүд бүх сэдэв, түвшнээрээ интернэтэд үнэгүй, нээлттэй, англи хэлнээ бэлэн байгаа. Тэгэхээр би гэртээ хүссэн цагтаа мэдээлэл аваад, судалгаа хийх боломжтой болно гэсэн үг.

Энэ бүх боломжоо монгол залуус маань гадаад хэлний мэдлэггүйгээс хязгаарлаад байна. Мөн XXI зуунд дөнгөж мэргэжлээ сонгох гэж байгаа залуус маань код бичиж сурах хэрэгтэй. Учир нь ирээдүйд код мэдэхгүй хүн боловсон хүчин гэж тооцогдохоо болих гээд байна. Тийм учраас залуусаа ирээдүйгээ баталгаатай байлгахын тулд одооноос эхлэн код бичиж сураарай. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд программист мэргэжлээр суралцаж, ур чадвартай болж чадвал өндөр үнэлэгдэх боломж бий шүү.

АНУ-д солилцоогоор очсон бүх манлайлагч дундаас 20 залуусыг шалгаруулан тусгай хөтөлбөрт хамруулдаг ба энэ жил анх удаа Монгол хүн шалгаран, панелистаар оролцсон

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж