Алдарт найруулагч, кино зохиолч Жэймс Камероны зохиол "Alita: Battle angel" адал явдалт, уран зөгнөлт кино Монголд төдийгүй дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тус киноны найруулагчаар Роберт Родригоз ажилласан ба гол дүрд жүжигчин Роза Салазар тогложээ.
Сонирхуулахад, тус кинонд АНУ-д амьдардаг монгол бүсгүй гол дүрийнх нь орлон тоглогчоор ажилласан гэнэ. Түүнийг О.Уугантуяа гэдэг. Одоо 32 настай. Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ын Флорида мужийн Майами хотод амьдардаг ажээ. Монгол нугараач бүсгүй 23 жил уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд одоогоор Австралийн Сидней хотын “Opera house”-т шоу тоглолтоор ажиллаж байгаа аж.
Түүнтэй сошиал хаягаар нь холбогдож мэдээлэл авсан юм. Тэрбээр “Анх надтай таньдаг циркийн жүжигчин маань холбогдоод “Яаралтай уран сайхны киноны орлон тоглогч хийх хүн хэрэгтэй байна” гэж дуудсан. Зураг авалтын талбай дээр очиход өөр нэг орос нугараач охин бас ирсэн байсан. Тэгээд орлон тоглогчийн дүрд намайг сонгож авсан юм. Адал явдалт, уран зөгнөлт "Alita: Battle angel" уран сайхны киноны зураг авалт 2017 оны нэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Техас мужид болсон. Миний хувьд гурван сарын турш ирэн, очин бараг нэг сар зураг авалтад оролцсон” гэв. Тэрбээр өмнө нь 2017 онд АНУ-ын Бостон хотноо "The Greatest Showman" киноны туслах дүрд монгол охинтой хамтран тоглож байжээ.
Холбоотой мэдээ