"Би нийгмийн бухимдлыг тайлахын тулд нэр дэвшиж байна"

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

"Би нийгмийн бухимдлыг тайлахын тулд нэр дэвшиж байна"

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит ХХ Их хурал Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Тус Их хурлаар МҮХАҮТ-ын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг хэлэлцэхээс гадна Удирдлагын шинэ багийг сонгоно. Энэ удаагийн Их хуралд МҮХАҮТ-ын тэргүүлэгчид, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс гадна ААН-үүдийг төлөөлж хот, хөдөөгийн 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД  НЭР ДЭВШИГЧИД:

  1. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг
  2. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр одоо ажиллаж буй Б.Лхагважав
  3. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан
  4. “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин
  5. "Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл

Хурлын эхлэл хэсэг хэвлэлийнхэнд нээлттэй байсан бол одоо хаалттайгаар хуралдаж байна. Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хурлын үеэр тус танхимын дүрэмд өөрчлөлт оруулах эрхийг нь Удирдах зөвлөлөөс салгасан атал үүнийг зөрчиж байгааг эсэргүүцсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа. 

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ:

“Өнөөдөр энэ хурал хүчин төгөлдөр болох эсэх нь эргэлзээтэй. МҮХАҮТ-ын дүрмийн 7.9.1 дахь заалтыг түдгэлзүүлсүгэй буюу Удирдах зөвлөл нь гишүүдийнхээ өмнөөс түр өөрчлөлт дүрэмд оруулна гэдэг нь  хууль бус заалт гэж шүүхээс түдгэлзүүлсэн бичиг нь өнөөдөр ирсэн. Гэтэл өнөөдөр танхимынхаа эрхийг хууль бусаар авах нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Өнөөдрийн хуралд танхимын гишүүн бус 200 хүн оролцож байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлдөг хамгийн гол байгууллага нь хайрцаглагдаж, гадуур гүтгэлэг хүртэл явуулж байгаа нь харамсалтай. Оюутнуудыг хөлсөлж биткойныг эсэргүүцүүлж байна. Өнгөрсөн Их хурал 2014 оны арванхоёрдугаар сарын 08-нд болсон. Дүрэмдээ дөрвөн жилийн бүрэн эрхтэй байна гээд заасан байдаг. Одоогийн удирдлагуудын бүрэн эрх нь дууссан гэсэн үг. Хоёрдугаарт, танхимын гишүүд дөрвөн жилд нэг удаа МҮХАҮТ-ын хийсэн ажлын тайланг авах гэж хуралдах болохоос биш тэдний муухан найруулсан жүжгийг үзэх гэж ирээгүй. Танхимын удирдлагууд  амь тэмцэн байж эрх мэдлээ хадгалах бүхий л аргыг хийж байна. Гишүүдээ сонсох хүсэл зориг алга.

UFC” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН:

МҮХАҮТ өнөөдөр олон улсын жишигт хүрсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Монголд нийт 150 мянга орчим ААН бүртгэлтэй байдгаас үүний 40 мянга нь үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өнөөдрийн хуралд 600 орчим ААН-ийн төлөөлөл ирсэн байна. Энэ нь тооны хувьд МҮХАҮТ Монголын нийт бизнес эрхлэгчдийг төлөөлж чадахгүй байгааг илтгэж байгаа юм. Цаашид танхим гишүүнчлэлийн асуудлаа тодорхой болгох ёстой. Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ чиглэлд түлхүү ажиллана.

“БУЯН” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Б.ЖАРГАЛСАЙХАН-аас  МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид яагаад нэр дэвшиж байгаа талаар асуухад тэрбээр “Найз нөхдийн зүгээс надад хандан “Та бол улс төрийн ажил хийж байсан хүн. Улстөрчдийн ихэнхийг нь таньж мэднэ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болсноор арай өндөр шаардлага тавьж нийгэмд үүссэн бухимдлыг тайлахад илүү их идэвх зүтгэлтэй оролцох хүний нэг. Тийм учраас танхимын удирдлагад орж өрсөлд” гэдгийг хэлсэн” гэв. Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Хуралд оролцож байгаа компаниудын төлөөлөл бусдын нөлөөгөөр сонголт хийх хэмжээний жижигхэн гэж харахгүй байна. Өөрсдийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийгээсэй гэж хүсч байна. Надад тэдний үзэл бодолд хөндлөнгөөс нөлөөлөх  хүсэл  алга.

Санал хураалтыг цахимаар авч дэлгэцэд санал хураалтын дүнг шууд харуулах бөгөөд хуралд оролцогчид "MNCCI" гэсэн тусгай аппликейшн татаж авснаар саналаа өгөх юм.

МҮХАҮТ-ын ээлжит ХХ Их хурлаар яг одоо Хяналтын зөвлөлийн 2015-2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж байна.

Сонирхуулахад, МҮХАҮТ нь 59 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, 21 аймагт салбар танхимтай, 3500 гаруй гишүүн байгууллага, дэргэдээ 20 гаруй бизнесийн зөвлөлтэй, дэлхийн долоон оронд өргөмжит төлөөлөгчийн газартай бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төлөөлдөг, бие даасан хуультай ТББ юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж