“Манай театр бол хүний сэтгэлийг эмчилдэг газар. Бид хүний сэтгэлийг эмчилж, тархинд нь хүрч, тархийг эмгэггүй, эрүүл саруул, оюунлаг байлгах гэж зүтгэдэг. Өнөөгийн нийгэмд өөрөө өөрийгөө таньж мэдээгүй хүн биднийг жолоодож явна” гэдэг эмгэнэл. Бид өнөөдөр хүнийг таньж чадахгүй байгаа учраас сонголтоо зөв хийж чадахаа байжээ” хэмээн “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драмын жүжгийн найруулагч Н.Наранбаатар жүжгийнхээ агуулгын тухай товч өгүүлэв.
Ийн Улсын драмын эрдмийн театрын 2019 оны шинэ уран бүтээл болох “Бүсгүйн зурвас” жүжиг театрын тайзнаас үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр /2013.02.28/ цоо шинэ уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 онд гурван том шинэ бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Үүний эхлэл нь “Бүсгүйн жүжиг”. Тус театрын зүгээс 2019 онд зохиолчдын дунд жүжгийн зохиолын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, театрын тайзнаа монгол жүжиг хийхээр төлөвлөөд байгаа талаар театрын захирал Д.Цэрэнсамбуу яриандаа дурдав. Мөнх зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх хоёрхон дүртэй зохиолыг бүтэн жүжиг болгон 20-иод шинэ дүр гаргаж ирсэн нь найруулагчийн ур чадвар гэдгийг ч уран бүтээлчид онцолж байлаа.
Б.ЖАРГАЛСАЙХАН: АРХАЙ САЙДЫН ДҮР МИНИЙ ДОТООД ЕРТӨНЦТЭЙ ИХ ЗӨРЧИЛДСӨН
-“Бүсгүйн зурвас” жүжгийн гол дүрд тоглож буй Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайханы хувьд сайд Архайгийн дүр бүтээж буй. Тэрбээр “Архай сайдын дүр миний өмнө нь бүтээж байсан дүрүүдээс тэс өөр. Дүр маань өөрөө улстөрч нэртэй боловч эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хойноос юугаа ч золиосолж чаддаг шуналтай, худал хуурмаг хүний дүр. Ер нь бол хүнээс гарч болох ааш араншин юу байна, тэр муу зүйлийг хийхэд хүн ямар л аргыг хэрэглэж дээшээ гардаг вэ гэдгийг дүрээрээ гаргана. Өнгөн дээрээ сайхан зангиа зүүсэн хүмүүс. Энэ дүрээ судалж байхад миний дотоод ертөнцтэй маш их зөрчилдөж байсан. Үнэхээр Архай сайдын дүр миний хувьд ажиллахад хүнд дүр байлаа. Гэхдээ энэ бол уран бүтээлчийн хувьд заавал гаргах ёстой дүр юм.
Г.УРНАА: ТЕАТРЫНХАА ТАЙЗНАА ХОЁР ДАХЬ УДААГАА ХАНЬТАЙГАА ГОЛ ДҮРД ТОГЛОЖ БАЙНА
-Миний хувьд “Бүсгүйн зурвас” жүжгийн чухал гол дүр биш. Гэхдээ миний дүрийн хэлж буй үг болгон монгол эмэгтэйн ухаантай зан чанарыг харуулах юм. Монголын сайхан эмэгтэйчүүд бүх муу муухайг мэдэрсэн ч мэдрээгүй юм шиг амьдарч чаддаг. Тийм учраас үг бүрийг өөрийн зүрх сэтгэлийн гүнээс хэлж, ажилласан. Мөн Туяагийн дүр бол балетчин эмэгтэй. Тэр эрхэмсэг байдал, өөрийн мэргэжлийн хэвшсэн зан чанарыг сайн судалж, ажиллалаа. Нийгмийн огшоотол дугарч чадсан нийгмийн уянгын драмын жүжиг болж, чадсан. Би ханьтайгаа хамтраад дэлгэцийн олон бүтээлд гол дүрд тоглосон. Харин энэ удаа театрынхаа тайзнаа хоёр дахь удаагаа “Бүсгүйн зурвас” жүжигт хамтран тоглолоо.
Б.ЗОЛЗАЯА: СЭТГҮҮЛЧ ИТГЭЛИЙН ДҮРД ТОГЛОСОН
Миний хувьд “Бүсгүйн зурвас” жүжигт сэтгүүлч Итгэлийн дүрд тоглосон. Дүрийн маань хувьд дөрөв дэх засаглалын үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийн мөн чанарыг өгүүлнэ. Би маш их догдолж байна. Надад маш том үүрэг хариуцлага мэдрэгдэж байна. Надад итгэж энэ сайхан дүрийг өгсөн хамт олондоо баярлалаа. Та бүхэн “Бүсгүйн зурвас” жүжгийн зорин ирж үзээрэй гэж хэлье.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ