Зам товчилж, мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Зам товчилж, мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулав

Зам товчилж, мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулав

Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, гол мөрөн, нуурын мөс хайлж, шар усны үер буух эрсдэлтэй болсон тул улс, орон нутгийн чанартай авто зам болон мөсөн замд осол, зөрчил гарах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор авто замын ашиглагч, хариуцагч, автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчдод, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Үүнд:

  1. Авто замын хариуцагч байгууллагууд замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, том жижиг хэмжээний хатуу болон зөөлөн материалын хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах, мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд голдиролын доторх гүүрийн тулгуур, урсгалын хурднаас хамааруулан норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгчийг байршуулах, засварлах, тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтанд орохоор байвал шаардлагатай хамгаалах арга хэмжээг авах;
  2. Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагууд, түүний харъяа байгаа шуурхай ажлын хэсгүүд, засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, материал, хүн хүчийг бэлэн байлгах арга хэмжээг авч ажиллах;
  3. Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч болон захиалагч байгууллагууд тухайн хариуцсан зам, гүүрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг жолооч нарт тогтмол өгч, Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчиж буй иргэд, зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, шуурхай арга хэмжээг зохион байгуулах;
  4. Томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасны дагуу гол, нуурын мөс хөлдөх, хайлах, халиа, цөн түрэлт явагдаж, шар усны үер, гарч дуустал хугацаанд шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох болон Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зохих шийдвэрийг гарган мөрдүүлж ажиллах;
  5. Аймгийн Засаг дарга нар орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулах, мөсөн замын тээврийн үйлчилгээг эхлүүлэх, дуусгах хугацаа, мөсний даац болон тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох асуудлыг Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран шийдвэрлэж байх;
  6. Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрсэн зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авах, анхааруулах, хориглох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх, хөдөлгөөнийг сэргээх шийдвэрийг гаргахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэх;
  7. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын Тээвэр, авто замын асуудал хариуцсан байгууллагууд улс, хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч, тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлж, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах;
  8. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот хурд, даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийж байх;
  9. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд жолооч нартаа үйлчилгээнд гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулахын тулд цас, мөсний хайлалт, шар усны үер гарсан болон тэдгээрийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын талаарх судалгаа, мэдээллийг өгч, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авах;
  10. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, техникийн шаардлагыг хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх, жолоочийн ажил, амралтын зохицуулалтын байдалд анхаарч ажиллах;
  11. Тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд гарахын өмнө жолоочийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хангасан байдлыг шалгаж, замын хуудсыг баталгаажуулж байх;
  12. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй, эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэл, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг авахуулж байх зэрэг болно.

Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж