АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр олон жил ажиллаж, түүний бүх л арыг хариуцан, асуудлуудыг нь шийдвэрлэдэг байсан “Трампын засварчин” хочит Майкл Коэн өнгөрсөн оноос эхлэн татвараас зугтсан, сонгуулийн төсвөөс завшсан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
Тэрбээр шүүхэд дуудагдсан цагаас эхлээд Трампын хийж байсан шударга бус үйлдлүүдийг илчилж, Трамп өөрийн бузар булай хэргүүдийг нуун далдлахын тулд өөрийг нь хэлмэгдүүлж байна гэж мэдэгдэж байгаа юм.
Тэгвэл тэрбээр өчигдөр /2019.02.28/ конгрессийн сонсголд оролцохдоо Ерөнхийлөгчийн талаар маш олон ноцтой баримтуудыг дахин дэлгэж, 500 орчим удаа хүмүүсийг сүрдүүлэх даалгавар авч байсан тухайгаа зарласан байна.
Коэны хэлснээр, Дональд Трамп 2016 оны сонгуулийг луйвардсан нь үнэн, Оросуудаас дэмжлэг авсан, албан тушаалаа бизнесийн зорилгоор ашигладаг, гэр бүлээс гадуурх харилцаа, порно жүжигчинтэй холбоотой гэх мэдээллүүд ч бүгд үнэн, тэр ч байтугай түүнд 500 орчим удаа бусдыг сүрдүүлэх даалгавар өгч байсан гэж мэдүүлжээ.
Харин Ханойд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай түүхэн уулзалт хийж буй Дональд Трамп Коэны мэдэгдлийг эрс няцааж, ялаас мултрахын тулд худал мэдээлэл тарааж байна гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Түүний хэлсэн дээрх үгс нь одоо болж буй Ким, Трамп нарын уулзалтын үр дүнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, Трампыг хазгай гишгэхийг хүлээж суугаа Ардчилсан намын бүлгийнхэнд маш таатай хэрэг болж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ