Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүс нутгийнхаа аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортолж, ам.доллар олох цаг мөч ойртсоор байна. Ийм боломж ойртсоныг баталсан нэг арга хэмжээ маргааш /2019.03.01/“Блю Скай” зочид буудлын хурлын танхимд болох нь. Товчхондоо Азийн супер сүлжээнд оролцогчид Монголд уулзалдахаар товложээ. Уг олон улсын хурлыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Монголын бизнесийн зөвлөл юм. Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай энэ сэдвээр ярилцлаа.
-Та Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачлагад эхнээс нь идэвхтэй оролцогчдын нэг. Энэ төслийн судалгааны ажил удахгүй дуусна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй судалгааны үр дүнд Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага байгуулах зөвлөмж гаргаж байгаа гэж сонслоо. Манайхаас Япон, Хятад, Орос, Солонгост экспортлох эрчим хүчний экспортыг хариуцах байгууллагыг хэлээд байна уу?
-Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн 25 хувь буюу 21 их наяд ам.доллар, худалдааны 20 хувийг эзэлдэг, нийт 1.75 тэрбум хүн оршин суудаг том бүс нутаг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дэлхийн нийт хэрэглээний 37 хувь буюу есөн их наяд киловатт цаг байна. Иймд бүс нутгийн эрчим хүчний шинэ зах зээл бий болгох том зорилго бидний өмнө байгаа. Энэ зорилгоо ажил болохын тулд шат дараатай олон ажил хийгдэнэ л дээ. Судалгаанаас гарч байгаа нэг зөвлөмж бол зах зээлийг бий болгох зохицуулалтын байгууллага байгуулах. Тэр байгууллага нь Монгол Улсад төвтэй байвал зүгээр гэсэн санаа яригдаж байна. Европын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ сүүлийн 40 жилийн хугацаанд 36 орныг нэгтгэн олон үе шатлалтай хѳгжиж байна. Нэгдсэн зохицуулалтын бүтэц, журамтай, гурван янзын зах зээлийн аргачлалаар ѳнѳѳдѳр ажиллаж байх жишээтай. Анзаарвал Европын Холбооноосоо олон гишүүнтэй байгаа биз.
-Яагаад заавал Монголыг онцолсон юм бол?
-Монгол бол Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний зах зээлийн яг дунд нь оршдог улс. Ирээдүйд энэ зах зээлийн гол үйлдвэрлэгч буюу экспортлогч орон болно гэж үзэж байгаа. ОХУ, БНХАУ холбосон гол дамжуулах шугамууд манай нутаг дэвсгэрт тавигдана. Хамгийн гол нь улс төрийн хамгийн дээд төвшиндөө хүртэл энэ санаачлагыг дэмжиж байгаа. Тийм учраас Улаанбаатарт төвтэй шинэ механизмыг бий болгоё гэсэн санаачлага гаргаж байна. Нэгдсэн үндэстний байгууллагын бүс нутгийн эдийн засгийн байгууллага, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг Монгол Улсын идэвх санаачлагыг үнэлж, дэмжиж байгаа.
-Улс төрийн дээд түвшний дэмжлэгийн хувьд УИХ-аас бусад түвшний анхааралд орчихсон юм байна. Ерөнхийлөгч Владивостокийн чуулганд оролцохлоо энэ төслийг дэмжье гэж бусад улсын төрийн тэргүүн нарт уриалсан, Засгийн газар болон салбарын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй судалгаа хийгдэж байна. Азийн супер сүлжээний хамгийн том ач холбогдол гэвэл та юуг онцлох вэ?
-Эдийн засгийн хувьд хамгийн их ач холбогдолтой. Зүүн хойд Азийн улсууд хоорондоо цахилгаан эрчим хүч худалдаалах нь ач холбогдолтой гэсэн дүгнэлтүүд гараад байна. Хамгийн шилдэг, сүүлийн үеийн дамжуулах сүлжээний, өндөр хүчдэлийн ухаалаг сүлжээний технологийг ашиглах бүрэн боломжтой нь тогтоогдсон. Эдгээр сүлжээг хооронд нь аль цэгээс аль цэгт нь яаж холбох вэ гэдэгт маш тодорхой зураг, схемүүд гарчихлаа. Одоо дараагийн шатанд зах зээл бий болгох талаас нь ажиллая гэж байна л даа. Та бид хоёрын яриад суугаа олон улсын хамтарсан байгууллага байгуулах асуудал яригдаж эхэлсэн нь ийм учиртай. Мэдээж, таван улсыг нэгтгэсэн, таван улсын хамтарсан байгууллага байгуулна гэдэг бол нүсэр ажил. Энэ байгууллагын зорилго нь ямар байх, дүрэм журам нь юу байх, хэн хэн нь яаж оролцох билээ гэх мэтээс эхлээд шийдэл хайх, зохицуулах өчнөөн ажил бий. Энэ ажил дээр 2019 онд нэлээд хөдөлмөр зарах төлөв харагдаж байгаа. Баасан гаригт буюу маргааш болох олон улсын хуралдаан дээр хэлэлцүүлэх асуудлын нэгд багтаж байна. Бусад улс ямар санаачлагатай байх нь вэ. Түүнийг нь анзааръя. Бүгдийг Монголтойгоо ойртуулах, хийх нь бидний гол зорилго. Ингэж чадвал эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө нь тэр хэрээр ихэснэ.
-Манай улс уул уурхайн салбараас хамаарсан эдийн засагтай. Солонгоруулъя гэж ярьдаг ч бүтэлтэй үр дүнд хүрсэн зүйл алга. Япон, Хятад гэх мэт аварга зах зээл рүү сэргээгдэх эрчим хүчээ зараад эхэлбэл эдийн засаг нэг салбарын хамаарлаас гарах нь ээ?
–Монгол Улсын эдийн засаг нэг салбарын хамаарлаас гаргах нь энэ төслийн маш том давуу талуудын нэг. Монголын хувьд өнөөдөр хаанаас нь ч харсан экспортын хувьд нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг л эдийн засаг, манай экспортын 90% нэг салбарын л үйлдвэрлэл. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр сайн үед эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Үнэ нь уначихаар эдийн засагт шууд сөргөөр нөлөөлдөг. Тэр утгаараа нэг салбарын хамаарлаас гарахаас аргагүй нөхцөл байдал дунд бид амьдарч байна. Монголд үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг нээх, тэр нь зах зээлтэйгээ уялдсан байх нь их чухал. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгийн зах зээлүүдийн хүсэлтэй уялдаж эдийн засгийн бүтцээ өөрчлөх, бүтэц өөрчлөх асуудалтайгаа уялдуулж шинэ үйлдвэрлэлийн салбаруудыг бий болгох гэсэн өнцгөөс асуудлыг харах хэрэгцээ, шаардлага үүсчихсэн.
-Өөрсдөө дотооддоо хэрэгцээгээ хангаж хүчрэхгүй байж, юун гадагшаа эрчим хүч экспортлож мөнгө олох вэ гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогддог. Энэ тал дээр та тайлбар өгөөч?
-Ирээдүйн экспортын боломж гэдэг зүйлийг өнөөдрийн богино хугацааны эрчим хүчний хангамж бол хоёр ѳѳр асуудал. Өөрөөр хэлбэл, холын зорилгоо ойрын зовлонтойгоо хольж хутгах хэрэггүй. Өнөөдрийн хувьд эрчим хүчний системээ улам аюулгүй болгох, өөрөөр хэлбэл сүлжээндээ нэмэлт хөрөнгө оруулалтууд хийж байж дотоодын хэрэглээнийхээ сэргээгдэх эрчим хүчийг дэмжих шаардлагатай байгаа. Ингэхийн тулд шинэ технологи, ухаалаг сүлжээ гээд олон асуудлыг шийдэх учиртай. Засгийн газар 2019 оныг ухаалаг сүлжээ, технологийн жил гээд зарлачихсан. Шинэ технологийг түлхүү ашиглахыг зорьж яваа гэсэн л санаа. Сүлжээг удирддаг шинэ технологи, шинэ арга барилуудыг илүүд үзэж, эрчим хүчний хураагуур, батарейн шинэ технологийг Монголдоо удахгүй ашиглаж эхлэх гэж байна. Дэлхийн трэндүүд Монголд хүссэн хүсээгүй маш хурдан нэвтэрч байгаагийн наад захын жишээ. Үүнийг л маш цэгцтэйгээр холыг харсан байдлаар хөгжүүлэх санаачлага гаргаж байгаа юм. Бас нэг зүйлийг онцлоход зөвхөн бид нар үүнийг яриад яваа биш л дээ. Бүс нутгийн улсууд хоорондоо судалж ярилцаад нэлээд олон жил болж байна. Шат шатандаа судалгаануудаа хийж, үр дүнг нь нотлоод хэлэлцүүлээд явж байгаа.
-Бүс нутгийн улсуудаас гадна барууны том компаниуд сонирхоод эхэлсэн байна. Азийн супер сүлжээний төслийн судалгааны үр дүн өндөр харагдаж байгаа учраас тэр байх, тийм үү?
-Тэгж ойлгож болно. Америк, Европын технологийн том компаниуд Зүүн хойд Азийн супер сүлжээг маш том бизнесийн боломж гэдгийг мэдэрчихсэн. Цаашид хөгжвөл Монголд хөрөнгө оруулъя, шинэ үйлдвэрлэл нэвтрүүлье гэдэг талаас нь харж байна.
-Азийн хөгжлийн банкны судалгаан дээр ажиллаж байгаа Францын компанийн төлөөлөл саяхан нэг хэвлэлд төслийн үр дүнгийн таван удаагийн уулзалтын хоёрыг нь Монголд, бусдыг нь Хятад, Япон, Солонгос зэрэг улсад хийлээ гэж ярьсан харагдсан. Одоо Монголд төвтэй олон улсын байгууллага байгуулах зөвлөмж гарахаар болж. Ийм идэвхтэй байр суурьтай байх нь бидэнд ямар ашигтай вэ?
-Олон улсын хэмжээнд асуудлыг хэлэлцэж, манлайллыг үзүүлж байгаа нь манай улсын хувьд маш чухал. Яахаараа дандаа хурал хийдэг юм, бүтэхгүй юм ярилаа гэсэн шүүмжлэл сонсогддог л доо. Бид хийхгүй бол хэн нэгэн өрсөөд хийчихнэ. Анх гаргасан санаачлага, манлайллаа бусдад алдахгүй байх нь чухал. Хүн хэлээрээ гэсэн үг бий. Аль болох олон хүн Монголд ирээд энэ сэдвийг олон талаас нь хэлэлцдэг талбар, боломжийг бий болговол Монгол бүс нутгийн судалгааны төв болох боломжтой. Зарим улс, хотыг харахад тодорхой нэг сэдвээр мэргэшсэн байдаг. БНСУ л гэхэд Уур амьсгалын ѳѳрчлѳлт, санхүүжилт, технологитой холбоотой олон улсын том тѳв болсон байх жишээтэй. Супер сүлжээний дамжуулах технологи, шинэ зах зээл, зохицуулалт гэхээр хүн бүр Монголд ирж туршлага, мэдлэгээ хуваалцдаг талбар болвол үр нөлөө нь бидэнд эерэгээр тусна. Тэр хэрээр бие даасан байдал маань нэмэгдэнэ, дархлаажина.
-Маргааш болох уулзалтын үеэр Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг дэлхий даяар танилцуулж байгаа шинэ судалгааныхаа сонирхолтой үр дүнг танилцуулах юм билээ. Яг ямар судалгаа хийсэн юм бол?
–Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг саяхан бүтэн жилийн хугацаанд дэлхийн нэр хүндтэй улсуудтай хамтраад нэг судалгаа хийсэн л дээ. Сэргээгдэх эрчим хүч хүн төрөлхтний амьдралд юу авчирч, ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг судалсан юм.
-Тэгээд ямар үр дүн гарсан бол?
-Шинэ технологи, сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар олон улсын харилцааны уламжлалт хэв маяг эвдэгдэж байна гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь та хэн нэгнээс хамаардаг байсан бол өнөөдөр тэр хамаарал арилж байна гэдэг нь бидний хувьд цоо шинэ хандлага. Хамааралд нь байсан улс чинь харин танаас хамаардаг болжээ, дэлхий даяар ийм өөрчлөлт үзүүлж байна гэдгийг судлаад гаргаад ирсэн гэсэн үг. Таны асуултандаа дурдсанчлан Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлаг энэ судалгаагаа албан ёсоор Монголд танилцуулна. Өөрөөр хэлбэл, маргааш болох хурал дээр танилцуулна. Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий даяар явж танилцуулж байгаа юм.
-Сонирхолтой судалгаа санагдлаа. Өөр ямар үр дүнгүүд гарч вэ?
-Шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч хүний амьдралд маш эерэгээр нөлөөлж эхэлснийг тоо, баримттайгаар тогтоосныг судалгааных нь үр дүнгээс харж болно. Хоёрдугаарт, улс орны эдийн засгийн амьдралд эрчим хүчний аюулгүй байдлын суурь концепцууд өөрчлөгдөөд эхэлчихэж. Тодруулж хэлбэл, тухайн улсад ашигтайгаар өөрчлөгдөж эхэлснийг Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийнхан онцолж байна. Ингээд харахаар Монголдоо энэ шинэ салбарыг улам чамбай хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулах нь бидний ойрын зорилго болоод байна. Холын зорилго маань судалгаануудыг дараагийн шатанд гаргах, олон улсын байгууллагыг Монголдоо байгуулах зэрэг зүйлийг шат шатанд нь хэлэлцүүлээд дэмжлэг авч хэрэгжүүлэх зүг рүү ажиллана.
-Том зах зээлүүд Монголоос сэргээгдэх эрчим хүч авъя гэж хүсч зориод яваа нь бидний маш том давуу тал гэж би сэтгүүлчийнхээ хувьд харж байна. Тэр утгаараа энэ төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг босгох тийм хэцүү биш гэж ойлгож болох уу?
-Зах зээлтэйгээ уялдсан юм хийх гээд байна л даа. Таны онцолсноор хүний хүсч байгаа зүйлийг үйлдвэрлээд заръя гэсэн санаа. Дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч улсууд Монголыг хүрээлээд оршиж байгааг ѳмнѳ тэмдэглэсэн. Тэр улсууд Монголоос тодорхой хэмжээний эрчим хүчээ авах тухай л асуудал яригдаж байна. Тухайн улсуудын хэрэглээтэй харьцуулаад үзвэл бидний борлуулах гэж байгаа зүйл багахан хувийг нь эзэлнэ. Жишээлвэл, БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1.5 террават, хэрэглээ нь 5,700 террават цаг. Японы суурилагдсан хүчин чадал 315 гегаватт, хэрэглээ нь 1,100 террават цаг.Дэлхийн хамгийн том хэрэглэгч бол Хятад, дөрөв дэх том хэрэглэгч нь Япон, Ѳмнѳд Солонгос долоо дахь том хэрэглэгч. Эдний хувьд маш бага хэмжээний импортыг супер сүлжээгээр дамжуулж Монголоос авах төсөөлөлтэй байгаа. Бидний хувьд том сонсогдоод байгаа ч тэдний хувьд тийм том тоо биш. Хамгийн гол нь хэрэглэгчид авна гэж байна. Хэдийгээр их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах ч эцэст нь харьцуулаад үзэхээр Монголд шинэ нар, салхины станц байгуулаад тэндээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг хэрэглэх нь Японд илүү ашигтай тусаад байгаа юм. Ийм том зах зээл, том хэрэглэгчид байгаа учраас мэргэжлийн улсын хувьд хөрөнгө оруулалт босгох дээр санаа зовдоггүй. Асар том боломж, зах зээл, орон зай дээр компаниуд бизнесийнхээ зарчмаар оролцоод явна. Харин Монголын хувьд тэр боломжийг нь эрх зүй, бизнес, бодлогын талаас нь нээж өгөх асуудлыг дараагийн шатанд шийдвэрлэхээр зорьж байна.
Холбоотой мэдээ