АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн арга хэмжээ өчигдөр орой /2019.02.27/ Ханой хотын “Sofitel Legend Metropole Hanoi” зочид буудалд эхэлсэн юм.
Удирдагчид өнгөрсөн жил Сингапурт анх удаа уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцээ хийж байсан бол энэ удаа дээрх асуудлыг бодит ажил болгох арга замыг хэлэлцэх, найрамдлын гэрээ байгуулах тал дээр шийдэлд хүрэх байх гэсэн хүлээлт дэлхий нийтэд байгаа. Ажиглагчид болон судлаачид энэ удаагийн уулзалтаас дээрх асуудлуудыг шууд шийдвэрлэх хэмжээний үр дүн гарахгүй харин үйл явцыг ахиулах болно гэж үзэж байна.
Орон нутгийн цагаар 18.30 цагт уулзсан удирдагчид гар барин мэндчилж, товч мэдэгдэл хийсний дараа бусад төлөөлөгчдийн хамт оройн зоог барьсан байна. Товч мэдэгдэлд хоёр удирдагч аль аль нь сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд, Солонгосын хойгийн хямралыг дуусгавар болгож, дэлхий нийтийн хүлээлтийг бодит үйл хэрэг болгохын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлцгээжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг “агуу удирдагч” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Уулзалтын гол үйл явдлууд өнөөдөр /2019.02.28/ болно.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ