Р.Дагва НИТХ-ын дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

LiveР.Дагва НИТХ-ын дарга боллоо

Р.Дагва НИТХ-ын дарга боллоо
21 : 25
2019-2-28

Р.Дагва НИТХ-ын дарга боллоо

Нэг цаг завсарласан НИТХ үргэлжилж байна. НИТХ-ын даргад ганц нэр дэвшигч үлдсэн тул хуралдааны дэгийн дагуу санал хураалтыг нээлттэй явуулна.  АН-ын бүлэг хуралдааны танхимд орж ирээгүй ч санал хураалт явуулахад Р.Дагва 28 хүний саналаар НИТХ-ын дарга боллоо.

Тэрбээр хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 66.67 хувийн саналыг авчээ.

НИТХ-ын дарга Р.Дагва “Намайг сонгосон төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна. АН-ын бүлэг цагийн завсарлага авсан ч орж ирсэнгүй. Уг нь АН-ын бүлэг орж ирээд суусан бол тун сайхан байх байлаа” гэв

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва: 

Төрсөн он сар өдөр : 1966.11.03

Төгссөн сургууль : МУИС-2002, ИЗОУИС-2012, Удирдлагын академи-2015

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд- Эрх зүйч, Магистр, Доктурант

Ажилласан байдал : МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ

Гавъяа шагнал : Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бусад одон медалууд

Сонгуульт ажил : МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга 

Дашрамд мэдээлэхэд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан нам 11, Монгол Ардын нам 34 суудалтай билээ. 

 

 

20 : 06
2019-2-28

Заалнаас нэр дэвшсэн Ц.Байгалмаа нэрээ татлаа

НИТХ-ын даргыг сонгох хуралдаан үргэлжилж байна. Заалнаас нэр дэвшигч Ц.Байгалмаа горимын санал гаргаж, нэрээ татаж буйгаа мэдэгдэв. 

Ингээд НИТХ-ын даргад ганц нэр дэвшигч буюу Р.Дагва үлдсэн тул нээлттэй санал хураахаар болсон аж. 

Харин АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү маргааш /2019.03.01/ өдрийг хүртэл завсарлага авах санал гаргасан ч хурлын дарга нэг цагийн завсарлага өглөө.

19 : 22
2019-2-28

Нууц санал хураалтаар НИТХ-ын даргыг сонгоно

НИТХ-ын 30 минутын завсарлага дуусч, хуралдаан дөнгөж сая эхэллээ. НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн санал хураалт нууц явагдах юм байна. 

Саналын хуудсанд хоёр нэр дэвшигчийн нэрийг үлдээхээр боллоо. Санал хураалтыг нууцаар явуулахын тулд тооллогын комисс байгуулах ажээ. Тооллогын комисс таван хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Тооллогын комисст орох бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна.

Төлөөлөгч Б.Бямбадорж Г.Төмөрбаатар Н.Батсүмбэрэл Д.Амарбаясгалан гурван хүний нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч Ц.Байгалмаа С.Мөнхчулуун, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарыг дэвшүүлсэн юм.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “МАН-ын бүлгээс нэр бүхий хоёр хүн НИТХ-ын даргын төлөө өрсөлдөж байгаа. АН-ын зүгээс Т.Батцогт, Ц.Одонтунгалаг нарын нэрийг дэвшүүлж байна. Санал хураалтад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж болохгүй учраас би өөрөө санал хураалтад ажиглагчаар оролцоно. Би Д.Амарбаясгаланг нэрээ татаасай гэж хүсч байна” гэв.

Энэ үеэр төлөөлөгч Ё.Цацралтуяа өөрийн нэрийг тооллогын комисст дэвшүүлсэн юм.

Төлөөлөгч Э.Бат-Үүл хэлэхдээ “ Иргэдийн төлөөллийн байгууллага утга учраа алдлаа. Гэтэл өнөөдөр хуралдааны бүртгэлд ороогүй хүн сонгуулийн тооллогын дүнг хянах гэж байна. Өөрсдийгөө ингэж доош нь хийж болохгүй. Бид улс төрийн хамжлагат ард биш. Д.Амарбаясгалан төлөөлөгчийн нэрийн хасах санал оруулж байна” гэв.

МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “Надад санал болгох нэр алга. Хурлын үйл ажиллагааг дэгээр нь явуулах ёстой. Одоо нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн их санал авсан таван хүнийг тооллогын комисст оруул” гэлээ.

Төлөөлөгч Б.Бямбадорж мөн адил “Хурал даргалагчид хэлэхэд хэн олон санал авсан нь комисст орсон нь зөв” гэлээ.

Төлөөлөгч Д.Баттулга “МАН-аас нэр дэвшсэн гурван хүн Р.Дагвын эрх ашгийг хамгаалж байгаа. Тэр гурван хүнийг явуул. Тооллогын комиссын бүрэлдэхүүн тэнцвэртэй байх ёстой” гэсэн юм. Түүнийг ийн хэлсний дараа хурлыг даргалагч Б.Батнасан хоёр нэр дэвшигчидтэй тооллогын комисст оруулах төлөөлөгчдийн талаар ярилцаж байна.

 

17 : 51
2019-2-28

Төлөөлөгч Ц.Байгалмаа НИТХ-ын даргад заалнаас нэрээ дэвшүүллээ

НИТХ-ын даргыг сонгох хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр төлөөлөгчид хотын даргад хандан үг дайлаа.

Төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Хариуцлагагүй ажиллаж байгаа төлөөлөгчдийг чөлөөлөөрэй. Хотын эдийн засгийн хөшүүргийг тодорхой болгох хэрэгтэй байна. Миний бодлоор Улаанбаатар хот аялал жуулчлалд суурилан хөгжих ёстой гэж харж байна. Мөн хотын стандартад анхаарч ажиллах шаардлагатай байна” гэв.

Төлөөлөгч П.Баярхүү “Э.Бат-Үүл төлөөлөгч өө, 2016 оны төсөвт 20 тэрбум төгрөг байгаагүй. Харин банкуудтай ярьсан яриа бол байгаа. Ардын намын 34 хүн төсвийн тодотголоос хассан юм шиг юм ярих юм. 2019 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд 40 тэрбум төгрөг тавьсан. Энэ гэхдээ хангалттай хэмжээний мөнгө биш” гэв.

Үүний дараа НИТХ-ын даргаас С.Амарсайханыг чөлөөлөх талаар хэлэлцлээ. Санал хураалтад оролцсон төлөөлөгчдөөс 28 хүн дэмжиж 73.6 хувийн саналаар С.Амарсайханыг НИТХ-ын даргаас чөлөөллөө. 

Мөн энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл үг хэлэв.  Тэрбээр “Н.Батсүмбэрэлд хандан хэдэн үг хэлмээр байна. 2000 оны наймдугаар сард МАН үнэмлэхүй ялсан. Хамгийн түрүүнд хийсэн ажил нь намайг хүн зодсон хэргээр ганц худагт хийсэн. Хүүг минь надтай зэрэг Төв аймгийн шоронд хийсэн. Н.Батсүмбэрэл намайг Монголын эрх чөлөөний төлөө тэмцсэний төлөө няцаах гэж оролдсоор ирсэн. Гэхдээ чи над шиг эрэлхэг байж сураарай. Би яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр би сүүлд шүүх дээр хүүтэйгээ хамт очсон. Шүүхээр үнэн зөвөө тодруулсны дараа намайг гүжирдсэн хүмүүсээс хариу нэхнэ гэдгийг хэлмээр байна. Энэ тогтоолтой холбогдуулж нэг зүйлийг заах ёстой юм. Ерөнхий сайдын зоргоор асуудлыг шийддэг болжээ. Ерөнхий сайд эхлээд нөгөө талтай зөвшилцөх, ярилцах хэрэгтэй” гэв. Түүний үгийг хурал даргалагч Б.Батнасан тасалж, хурлыг тогтоолыг дагаж явуулахыг санууллаа

Ингээд НИТХ-ын хурлын даргад МАН-ын Удирдах Зөвлөл Р.Дагвын нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүллээ.

Харин энэ үеэр МАН-ын төлөөлөгч А.Бямбадорж хэлэлцэх асуудалтай холбоотойгоор нэг цагийн завсарлага хүссэн ч хурлыг даргалагч Б.Батнасан 30 минутын завсарлага өглөө.

Намынхаа Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад нэр дэвших эрх өвөртөлсөн НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нь 2002 онд МУИС, 2012 онд ИЗОУИС, 2015 онд Удирдлагын академийг тус тус төгсчээ. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. 

МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга юм.

Харин заалнаас өөрийнхөө нэрийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн Ц.Байгалмаа нь 2006 онд Япон улсын Хамамацугийн анагаахын их сургуулийн зочин судлаачаар, 2007 онд Харвардын их сургуулийн анагаах ухааны их сургуульд судлаач багш, 2008 онд АНУ-ын Массачюссэтсийн нэгдсэн эмнэлэгт судлаач эрдэмтэн, 2010 онд Японы Шизуокагийн их сургуульд мэдээллийн технологийн багшаар ажиллаж байжээ. Тэрбээр 2017 оноос хойш НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж буй.

16 : 32
2019-2-28

С.Амарсайхан: Би өөрийгөө иргэншсэн эсэхийг дүгнүүлэх хүн биш

НИТХ дэх МАН-ын бүлэг НИТХ-ын даргыг сонгох хуралдааныг өнөөдөр 15.00 цаг хүртэл хойшлуулсан. Ингээд хуралдаан өнөөдөр 15.30 цагт 76 хувийн ирцтэйгээр эхэллээ. Нийт 44 төлөөлөгчийн 34 нь хуралдаандаа ирсэн байна. Хурлыг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулж байгаа ажээ. 

Хуралдааны үеэр хотын дарга С.Амарсайханаас төлөөлөгч Э.Бат-Үүл дараах хоёр асуултыг асуулаа.

Э.Бат-Үүл “2016 онд төсвийн тодотголоор нийтдээ 40 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд тусгасан. Гэвч наймдугаар сард сонгуулийн дараа төсвийн тодотгол хийж байна мөнгөгүй гэх шалтгаанаар төсвийн тодотголыг хассан. Үүний улмаас 500 гаруй хүн газаргүй орон сууцгүй болсон. Энэ асуудал дээр дахин төсвийн тодотгол хийх үү? Дарга болсон хүмүүс өрөөний тавилга, машин зэргээ солиод дундад зууны дарга шиг болчихдог. Иргэншсэн хотын даргатай болмоор байна. Би засаг дарга байхдаа энгийн л ажлын өрөөтэй байсан. Дарга нарын иргэншсэн биш балиар дундад зууны дарга шиг байдлаас нь салгаж чадах уу?

Хотын дарга С.Амарсайхан асуултад хариулахдаа “2019 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд тодорхой төсөв тусгагдсан. Тухайлбал, дэд бүтцийн асуудлыг сайжруулах замаар хэсэгчилсэн байдлаар гэр хорооллын айлуудыг дэд бүтцэд холбох ажлууд эхнээс нь хийгээд дуусч байна. Төсөвт тодотгол хийхгүй гэдэг асуудал Сангийн яаманд яригдаж байгаа. Гэхдээ холбогдох байгууллагууд төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж үзвэл хийнэ гэж бодож байна. Иргэншсэн хотын дарга байж чадах уу гэж та асуулаа. Би өрөөгөө засаад үнэтэй тавилга аваад тансаглахгүй. Би өрөөгөө солихгүй. Мэдээж би таны хэлж байгаа санааг ойлгож байна. Би хөдөлмөр гэдгийг багаасаа сурч амьдралын үнэ цэнийг ойлгосон. Тийм учраас өөрийгөө иргэншсэн хүн эсэхийг дүгнүүлэх хүн биш” гэв.

Хуралд оролцож буй зарим төлөөлөгчид согтуу байсан бөгөөд төлөөлөгчдийг ёс зүйн хороогоор оруулах шаардлагатай гэдгийг төлөөлөгч Ц.Одонтунгалаг хэлж байсан бол төлөөлөгч Ц.Баатархүү хотын даргад хандан “Намынхаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож” ажиллахыг сануулсан юм.

 

 

11 : 48
2019-2-28

Ц.Баатархүү: НИТХ-ын даргыг сонгох хурлыг хойшлуулсан нь хууль бус үйлдэл

НИТХ (7)

НИТХ дэх МАН-ын бүлэг НИТХ-ын даргыг сонгох хуралдааныг өнөөдөр 15.00 цаг хүртэл хойшлууллаа. 

НИТХ-ын даргын албан тушаалд төлөөлөгч Р.Дагва нэрээ дэвшүүлээд байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээллээр төлөөлөгч Ц.Сандаг-Очир НИТХ-ын даргад нэр дэвшинэ гэх мэдээлэл ч байна.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “Засгийн газрын гишүүд , Ерөнхий сайд, нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслолд оролцож байна.Тэдгээр хүмүүс хуралд амжиж ирэхгүй учраас хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлаж байна” гэв.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хурал зарласан цагтаа эхэлсэнгүй. Байнга болохгүй бүтэхгүй юм ярьж байгаадаа нийслэлчүүдээсээ хүлцэл өчье. АН-ын 11 төлөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагууд ирчхээд байна. Харамсалтай нь, эрх барьж байгаа намынхан хоорондоо учраа олоогүй бололтой. Хуралдахгүй байна. МАН-ын удирдах зөвлөл Р.Дагвыг Иргэдийн хурлын даргад нэрийг нь дэвшүүлсэн. МАН бүлэг энэ асуудлыг шийдэж чадахгүйгээс хурлын танхимд орж ирдэггүй. АН-ын зүгээс иргэдийн хурлыг хуулийн дагуу, дэгийн дагуу цагт нь эхлүүлдэг тасралтгүй удирдлагаар хангаж чаддаг хүнийг дэмжинэ. МАН-ын зүгээс завсарлага авах тухай ярьж байна. Энэ бол хууль зөрчиж байгаа үйлдэл. Хурлаа нээхгүйгээр хурлаа хаах боломжгүй. Энэ бол нийслэлчүүдийг үл хүндэтгэн, хурлыг тасалдуулсан маш хариуцлагагүй явдал боллоо” гэв.

 

11 : 23
2019-2-28

НИТХ-ын даргыг сонгох хурал 09.00 цагт товлогдсон ч эхлээгүй байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын /НИТХ/ ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2019.02.28/09.00 цагт товлогдсон боловч 11.20 цагийн байдлаар эхлээгүй байна.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх учиртай юм. Одоогоор нийслэл дэх намын бүлгүүд өрөө, өрөөндөө хуралдаж байгаа ажээ.

Албан бус мэдээллээр НИТХ-ын даргад заалнаас төлөөлөгч Ц.Сандаг-Очир нэр дэвшинэ гэх мэдээлэл ч байна.

 

09 : 57
2019-2-28

НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр сонгоно

image

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын /НИТХ/ ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2019.02.28/ болно.  Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох юм. Учир нь НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын даргаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүсээд буй юм. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргаар Нийслэл дэх МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг  томилох санал өгсөн. 

Гэхдээ Р.Дагваас гадна бусад төлөөлөгчид НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлж болох юм. 

Бид НИТХ-ын даргыг сонгох тухай мэдээ,  мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж