Өнөө шөнө Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг Ус цаг уурын орчны хүрээлэнгээс анхааруулаад байгаа.
Эдгээр өдрүүдэд зарим аймгуудад хээрийн түймэр гарч байна. Өнгөрөгч Даваа гаригт Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гарсан түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг хамран шатаж, одоогоор бүрэн унтраагүй байна. Мягмар гаригт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын өгсөн мэдээллээр түймрийн уршгаар 6 айлын гэр болон хаваржаа, өвөлжөө өртөж, мөн цөөнгүй тооны мал шатсан. Түмэнцогт сумын иргэд түймрийг унтраахаар бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлж байгааг хэлж байна. Мөн зэргэлдээх аймаг, сумдаас түймрийг унтраахаар нэмэлт хүч гараад байгаа аж.
Ус цаг уурын орчны хүрээлэнгийн өгсөн мэдээллээр өнөөдөр тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 14-ний 21 цагаас 04 дүгээр сарын 15-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 7-12 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
Ч.БОЛОР