ШХАБ-ын гишүүн хоёр орны зөрчил хурцдав

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын гишүүн хоёр орны зөрчил хурцдав

ШХАБ-ын гишүүн хоёр орны зөрчил хурцдав

Пакистаны хилийг давсан гэх шалтгаанаар лхагва гаригт Энэтхэгийн байлдааны хоёр онгоцыг буудаж унагаасан нь хоёр орны хооронд удаан үргэлжилж буй зөрчил хурцадсаны дохио боллоо. Цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Пакистан улс хоорондоо Кашмирын бүс нутгийг булаалдан олон жилийн турш зөрчил маргаантай явж иржээ. Пакистаны нисэх хүчнийхэн Энэтхэгийн байлдааны онгоцнуудыг буудаж унагаасны дараа шархтсан нэг нисгэгчийг нөгөөгийнх нь хамт баривчилсан байна. Үүнээс хэдхэн цагийн өмнө Энэтхэгийн талаас их буугаар буудсан гэж Пакистаны албаныхан мэдэгдэж байв. Энэтхэгийн талаас гал нээсний улмаас дундуураа хуваагдсан Кашмирын бүс нутагт зургаан хүн амь үрэгдэж, өөр олон хүн гэмтсэн аж. Пакистаны албаныхан Энэтхэгийн цэргүүдийг эмчилж, сайн харж байгаа гэж мэдэгдсэн боловч нутаг буцаах талаар дурдаагүй байна. Түүнчлэн тэд зөрчлийг хурцатгахыг хүсээгүй гэхдээ ямарваа дайралтад бэлэн байсан гэж мэдэгджээ. Харин Шинэ Дели дэх Энэтхэгийн албаныхан энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна гэжээ. Өмнө нь Энэтхэгийн цагдаагийн газар тус улсын нисэх хүчний онгоц Кашмир дахь тус улсын эзэмшлийн хэсэгт унаж осолдсон гэж мэдэгдэж байжээ.

Хэрэг гарсны дараа Энэтхэгийн эзэмшлийн Кашмирын бүс нутаг дахь Сринагар хот дахь нисэх буудлыг аюулгүй байдлын үүднээс түр хугацаагаар хаасныг мэдэгджээ. Харин Энэтхэгийн хэвлэлүүд Пакистантай хил залгаа Пунжаб мужид хоёр нисэх буудлыг хаасан гэв. Кашмирын бүс нутгийг Энэтхэг, Пакистан улс хуваан хяналтаа тогтоосон боловч хоёулаа бүхлээр нь эзэмшихээр булаалдаж байна. Кашмирт хоёр талын цэргүүд нэгнийхээ эсрэг гал нээх явдал цөөнгүй тохиолддог боловч энэ удаагийн зөрчил өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Кашмирт явж байсан Энэтхэгийн хагас цэрэгжсэн хүчнийхний цуваа руу амиа золиослогч дайрч бөмбөг дэлбэлснээс болжээ. Халдлагыг Жайш-э-Мухаммад гэх Пакистанд төвтэй жихад бүлэглэл үйлдсэнээ мэдэгдсэн аж. Халдлагын улмаас Энэтхэгийн 40 цэрэг амь үрэгджээ. Энэ хэрэгт Пакистаны Засгийн газар холбоогүй хэмээн мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаанд Энэтхэгийн талд туслахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

ХЭРҮҮЛИЙН АЛИМ КАШМИР

Энэтхэг, Пакистан хоорондын удаа дараагийн дайн тулааны гол шалтгаан нь Жаму ба Кашмир муж. Их Британи нь Энэтхэгт тусгаар тогтнол олгохдоо исламын шашинтнууд дийлэнх олонх болж амьдардаг газар нутгийг Пакистан нэртэй улс болгож салгасан байдаг. Ингэж салгах явцад исламын шашинтан олноор амьдардаг Жаму ба Кашмир нь хинду хаантай ч иргэдийнх нь дийлэнх нь лалын шашинтай бие даасан тусгаар улс болж үлджээ. Гэвч исламын шашинт иргэд нь хинди шашинт хааны мэдэлд амьдрахыг хүсэлгүй бослого гаргасан. 1947 онд эхэлсэн бослогыг хаан нь өөрийн хүчээр дарж чадахгүй байсан тул энэтхэгчүүдээс цэргийн тусламж хүссэнээр хоёр жил үргэлжилсэн эхний дайн дэгдсэн түүхтэй. Энэ дайны явцад Жаму ба Кашмир гэдэг хаант улс оршихоо больж газар нутгийнх нь 60 хувь Энэтхэгт, 40 хувь Пакистанд очсоноор дууссан юм. Үүнээс хойш Кашмир мужийн харъяалал нь Энэтхэг ба Пакистан хоорондын хэрүүлийн алим болсоор ирсэн. Энэтхэгийн талд үлдсэн хэсэг дэх лалын шашинтнууд салан тусгаарлаж Пакистанд нэгдэхийн төлөө олон жилийн турш партизаны дайн явуулж, үүнийг нь Пакистаны тусгай алба, армийнхан идэвхтэй дэмжсээр ирсэн түүхтэй. Ийм нөхцөлд дайн дэгдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал гэдэг нь ойлгомжтой. 1947-1949 оны эхний дайнаас хойш энэ хоёр 1965 он, 1971 он, 1999 онд байлдаад авсан. Энэ хооронд хэдхэн өдрийн өмнө болсонтой адил жижиг мөргөлдөөн тоо томшгүй олон болсон. 1999 оноос хойш Кашмир дахь зөрчлийг талууд дайн болгочхолгүй хянасаар ирсэн.

ЭНЭТХЭГ, ПАКИСТАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА

Энэ хоёр улс тус бүртээ 90-110 нэгж цөмийн цэнэгт зэвсэгтэй. Урьд нь цөмийн зэвсэг хэрэглэхээр нэгнээ сүрдүүлж дайн эхэлдгийн даваан дээр ОХУ, АНУ гэсэн хоёр их гүрэн оролцон болиулж байжээ.

Энэтхэг, Пакистан улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудад хамт гишүүнээр элссэн байдаг. Гэвч хоёр орны хоорондын зөрчил эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд багагүй хүндрэл учруулдаг байна. Тухайлбал, өмнө нь 2016 онд Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 19 дэх дээд хурлыг Исламабад хотод болох байсныг хоёр орны хил дээр үүссэн зөрчлөөс болж цуцалж байжээ. Пакистанаас Энэтхэг рүү нийлүүлэх экспортын хэмжээ 2003 онд 84 сая ам.доллар байсан бол 10 жилийн хугацаанд 403 сая ам.доллар болж өсчээ. Гэвч хоёр орны хилийн зөрчил хурцдах бүрд гадаад худалдааны эргэлт багасдаг байна. Энэтхэгээс Пакистан руу химийн бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, хүнсний ногоо зэргийг экспортолдог аж.  Хоёр орны хооронд солилцсон гол бараа, худалдааны 80 орчим хувь нь түүхий эсвэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж