Энэтхэг, Пакистан улсын газар нутгийн маргаан хурцдаж, хоёр улс харилцан бие биедээ агаарын цохилт өгч байна. Үүний улмаас өнөөдөр /2019.02.27/маргааны гол бай болсон Кашмирын бүс нутгийн агаарын хилийг зөрчсөн Энэтхэгийн хоёр онгоцыг Пакистан улс буудан унагасан тухайгаа мэдээлжээ. Хоёр онгоцны нэг нь Пакистаны газар нутагт унаж, нисгэгчийг Пакистаны тал баривчилсан бол, нөгөө нь Кашмирын Энэтхэгийн талд унасан байна.
Энэтхэг улс 1971 онд Пакистантай хийсэн дайнаас хойш анх удаа өчигдөр /2019.02.26/ Пакистаны эрх мэдэлд байдаг Кашмирын бүс рүү довтолжээ. Мөн өмнө нь хоёрдугаар сарын 14-нд Пакистан дахь Исламын бүлэглэл болох “Жайш Э Мохаммед” бүлэглэлийн гишүүн Энэтхэгийн цэргийн цувааны ойролцоо амиа золиослон тус улсын цэргийн 40 албан хаагч амь үрэгдсэн билээ.
Энэ халдлагыг Пакистаны засгийн газрын захиалгаар үйлдсэн гэж Энэтхэг үзэж байгаа бол Пакистаны тал үүнийг няцааж буй юм. Энэтхэг улс "Исламын бүлэглэл дахин халдлага үйлдэх байсан учир өчигдөр Кашмир луу довтолсон" гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ