Ц.Нямдорж хуулийн биш барилгын сайд хийх байжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж хуулийн биш барилгын сайд хийх байжээ

Ц.Нямдорж хуулийн биш барилгын сайд хийх байжээ

“Намайг ажлаа өг гэж байгаа нь захиалгатай үйлдэл”. Энэ бол ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан шүүгчтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн news.mn-д өгсөн тайлбар.

Түүнээс сэтгүүлч “Хорих ангид хүн нас барсан, хилийн цэрэг гаднын нутагт амиа алдсан зэрэг үйлдэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцлага хүлээж, сайдын ажлаа өгөх ёстой гэсэн шүүмжлэл гарах боллоо. Та хариуцлага хүлээх үүгэж асуухад Ц.Нямдорж сайдын өгсөн хариулт нь “Би хариуцлага тооцох нь тооцно. Харин намайг ажлаа өг гэж байгаа бол шал өөр зорилготой, өөр асуудал”.

Товчхондоо, Ц.Нямдорж сайд салбарт нь гарсан хүн амины хэрэгт ямар ч хариуцлага хүлээхгүйгээ тун ойлгомжтойгоор, товч, тодорхой илэрхийлж.  Удирдаж байгаа салбарт нь хоёрын хоёр нууцлаг үхэл гарсан байтал, арга ядахнаа арван жил нэг конторт ажиллаж ирсний хувьд улаан нүүр хэцүү гэгчээр амнаас нь уучлаарай гэдэг үг унаж болмоор доо. Уг нь, Ц.Нямдорж сайд Монголын номер нэг шударга хүн биз дээ.

Энэ салбарт хаана нь юу болдгийг, ямар гажиг, бэрхшээл, цоорхой, зүүдэл байгааг бараг нүдэлчихсэн шахуу, ядаж л сайхан ярьдаг шигээ хийчих сэтгэлтэй байсан бол төрийн нэрийн өмнөөс цэрэгт хүүгээ үдсэн ээж, төрийн хуулиар шоронд саатуулсан сэжигтний хүү хоёр өнөөдөр тэнгэр хол, газар хатуу тавиланг амсахгүй байсан ч байж мэднэ.

 У.Хүрэлсүхийн Засгийн танхимд жил гаруй ажиллаж байгаа “хашир хуульч”, “мэргэжлийн сайд” Ц.Нямдорж ажлаа авснаас хойш чухам юу амжуулав гэж түүнээс асуух нь зүйн хэрэг бөгөөд энэ нь захиалгатай асуулт огтоос биш юм. Тиймээс Ц.Нямдорж хуулийн салбарт эргэн ирэхдээ ямархуу өөрчлөлт, шинэчлэлт хийв ээ гэх асуултыг түүнд дахин, дахин тавимаар байна. Хүнд суртал, авлига хээл хахуульд идэгдсэн, төрийн мөрдэстэй хувцсаар ард иргэдээ айлгаж, ичээсэн, дарамталж, шантаажилдаг энэ салбарыг эрүүлжүүлж, иргэнд үйлчилдэг болгож чадсан уу. Үгүй.

Хуучин буурин дээрээ дөрвөнтээ “хөрвөөж” буй Ц.Нямдорж үнэндээ тууз хайчилж, хүн муулахаас өөрийг хийсэнгүй, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд.  Энэ нь магадгүй түүний гаргууд хийж чаддаг, хувийн эрх ашигт ашигтайгаар нөлөөлдөг байж мэдэх л юм.

Ямартай ч Ц.Нямдоржийн үед  Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газрын барилгуудыг шинээр барьж, ашиглалтад оруулсан гэх түүх үлдэх нь үлдэх л байх. Эсрэгээрээ түүний үед хуулийн салбарын шинэчлэл гацаж, "Босоо хөх"-ийнхөн болоод цэнхэр үстүүд цагдаа, шүүхийн ажлыг хийх болсон тухай ч түүх мөн үлдэнэ. Аль нь Монгол Улсын хөгжилд, аль нь Монгол Улсын Хууль зүйн сайд Ц.Нямдоржид ашигтайг цаг хугацаа шүүх биз.

Түүний “барьж ашиглалтад” оруулсан барилгуудыг харахад МАН-ынхан түүнд хуулийн салбарыг биш барилгын салбарыг хариуцуулсан бол бас чиг хоосонгүй байх байж. Х.Баделханы дэргэд ядаж л хоёр барилга ашиглалтад оруулаад тууз хайчилчихсан хүн шүү дээ. Шулуухан хэлэхэд, Ц.Нямдорж хуулийн биш барилгын сайд л баймаар.

Гэхдээ, Ц.Нямдоржоос барилга барихыг хэн ч шаардаагүй, нэхээгүй. Харин Монголын хууль эрх зүйн орчны шинэчлэлт, шударга ёсыг л түүнээс олон хүн хүлээсэн. Жишээлбэл, Ц.Нямдоржийг гүтгэвэл сэтгүүлч Зөрчлийн хуулиар ял шийтгэл хүлээдэг, харин Ц.Нямдорж хэн нэгнийг гүтгэвэл хариуцлагагүй өнгөрдөг ийм шударга бус хуультай, энэ мэт хуулиудаа өөрчлөөсэй, хуулийн салбарт цэвэр агаар оруулаасай гэж хүссэн, итгэсэн. Гэвч, хамгаас чангаар, нэхэл хатуутай бусдаас хариуцлага, ёс зүй нэхдэг Ц.Нямдорж өөрөө өнөөдөр хариуцлагаас бултаж, мэлзэж сууна. Арай ч зурагт үзээгүй, мэдээ сонсоогүй гэж хэлсэнгүй.

Гэхдээ тэрбээр сэтгүүлчийн тавьсан "Танай салбарт хүн нас барсан асуудал нэг биш удаа гарлаа. Энэ нь юутай холбоотой вэ?" гэх асуултад "Өмнө, одоо ч асуудал байна. Цаашид ч асуудал гарахгүй гэх баталгаа алга" гэж хариулснаас нь харвал Ц.Нямдорж сайд тэтгэвэртээ гарах цаг нэгэнтээ болжээ. Уг нь ийм асуудал дахиад гаргахгүйн төлөө тэр ажиллах, ийм асуудал гарсных нь төлөө тэр ёс зүйн хариуцлага хүлээх ёстой байсан юм. Тэгэхээр Х.Тэмүүжингийн хэлсэнчлэн  ирж яваа цагийн дууг харьж яваа  хүн дуулдаггүй гэж үнэн ажгуу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж