Монголбанк: Цаашид өрхийн хэрэглээ нэмэгдэж, хөрөнгө оруулалт өснө

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Монголбанк: Цаашид өрхийн хэрэглээ нэмэгдэж, хөрөнгө оруулалт өснө

Монголбанк: Цаашид өрхийн хэрэглээ нэмэгдэж, хөрөнгө оруулалт өснө

Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.02.27/ боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг билээ.

Өнөөдрийн ээлжит хурлаар арилжааны банкнуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүд, банкyудын ипотекийн зээлийн тайлангийн гол үзүүлэлтүүд болон ханшийн статистик, төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээллийг Судалгаа статистикийн газрын захирал Статистикийн захирал Б.Батсүрэн танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 24.6 хувьд  хүрч 19.6 их наяд  төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 0.9%-иар буюу 168.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

Нийт мөнгөний нийлүүлэлтийн 51.7 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлж байгаа бол 15.7 хувийг валютын хадгаламж, 15.2 хувийг төгрөгийн харилцах, 14.2 хувийг валютын харилцах, үлдсэн 3.3хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө бүрдүүлж байна.

Нийт хадгаламжийн хэмжээ 13.1 их наяд төгрөгт хүрснээс 84.4 хувийг иргэдийн хадгаламж, 15.6 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн хадгаламжийн 81.3 хувийг, байгууллагын хадгаламжийн 57.2 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлжээ.

Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсч, 17.1 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 36 хувиар өсч, 8.9 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 16 хувиар өсч 7.9 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Нийт зээлийн 85 хувийг, иргэдийн зээлийн 98.4 хувийг, хувийн байгууллагын зээлийн 69 хувийг төгрөгийн зээл бүрдүүлж байна.

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 13 тэрбум төгрөг буюу 2 хувиар буурчээ. Чанаргүй зээл өмнөх сараас 3.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн нийт зээлийн 81 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ 

Тайлант сард ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн 74.8 хувь нь хөтөлбөрийн зээл, 23 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.2 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлсэн байна. 609 зээлдэгчид 37.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 36 хувь нь хөтөлбөрийн, 64 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл аж.

Иргэдээс татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү /ЖДХ /11.4 хувь, хувийн байгууллагаас татсан төгрөгийн хадгаламжийн ЖДХ 5.6 хувь байна. Тайлант сард иргэдэд шинээр олгосон төгрөгийн зээлийн ЖДХ 18 хувь нь  хувийн байгууллагад олгосон төгрөгийн зээлийн ЖДХ 16.5  хувь байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд Мөнгөний бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар танилцуулав.

Монголбанкнаас макро зохистой бодлогын арга хэмжээ авсны хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаар 70 хувь, хугацааны хязгаар 30 сар байхаар тогтоосон. Энэ нь нэг талаас эдийн засгийг нөгөө талаас хэрэглэгчийг хамгаалах зорилготой гэдгийг Монголбанкнаас тайлбарлаж байгаа юм.

"Иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх, мөн иргэдийн зээл рүү чиглэсэн зээлийн эх үүсвэрийг бизнесийн зээл рүү чиглүүлэх. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх алсын зорилготой. Өрөөр өнөөдрийн хэрэглээгээ санхүүжүүлэх үйл явц даамжирвал ирээдүйн орлогоосоо өрөө төлөх тул ирээдүйн хэрэглээнд нь сөрөг нөлөөтэй байдаг.

Иргэд цалин, тэтгэвэр гэх мэт тогтмол орлогоо барьцаалж зээл авсан тохиолдолд зээлийн сарын төлбөр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах орлогын 75.5 хувиас хэтэрвэл наад захын амьжиргааны зарлагаа танах эсвэл нэмж зээл авах, зээлээ сунгах шаардлагатай болох тул өрхийн өрийн дарамт нэмэгдэх, зээлгүйгээр амьдрах боломжгүй болж өрийн торонд орж, түүнээс гарч чадахгүй байх эрсдэл нэмэгдэнэ.

Иймээс өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоосноор зээлдэгч нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэх шаардлагыг тавьж байгаа нь тэднийг хамгаалж байгаа хэрэг  гэдгийг  Монголбанкнаас тодотгож байна.

Түүнчлэн Монголбанкнаас валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувь болгон нэмэгдүүлсэн. Заавал байлгах нөөцийн хувь гадаад валютын эх үүсвэрт 12 хувь, төгрөгийн эх үүсвэрт 10.5 хувь болгожээ.

Тайлант хугацаанд эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор урсгал дансны алдагдал өссөнөөр төлбөрийн тэнцэл 141 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн оны гуравдугаар сард хуралдаж, бодлогын хүүг 10 хувь болгож бууруулсан.

БОДЛОГЫН ХҮҮГИЙН ӨӨРЧЛӨЛТ:

  • 2016.08-р cap: 15 хувь /4.5 нэгж хувиар өсгөсөн/
  • 2016.12-р cap: 14 хувь /1 нэгж хувиар бууруулсан/
  • 2017.03-р cap: 14 хувь /хэвээр үлдээсэн/
  • 2017.06-р cap: 12 хувь /2 нэгж хувиар бууруулсан/
  • 2017.12-р cap: 11 хувь /1 нэгж хувиар бууруулсан/
  • 2018.03-р cap: 10 хувь /1 нэгж хувиар бууруулсан/

Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурсан, зээлийн нийлүүлэлт өссөн, 2015 оноос өсөлтгүй байсан ААН-ийн зээлийн өсөлт 2018  хоёрдугаар улирлаас сэргэжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ЦААШДЫН ТӨЛӨВ: 

  • Өрхийн хэрэглээ нэмэгдэнэ,
  • Хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжино,
  • Нүүрсний экспорт нэмэгдэнэ,
  • Уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэнэ,
  • Санхүүжилтийн эх үүсвэр: Бизнесийн зээлийн өсөлт нэмэгдэх, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн секторын гадаад зээл хэвийн үргэлжилнэ гэж Монголбанк төсөөлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж