“Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлт ГХЯ дээр болов

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

“Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлт ГХЯ дээр болов

“Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлт ГХЯ дээр болов

“Монгол, Америкийн Залуучуудын жил”-ийн нээлтийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески,  Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Монгол дахь хөтөлбөрийн дарга К.Кастаня нар үг хэлэв.

“Монгол, Америкийн Залуучуудын жил”-ийн хүрээнд хоёр орны залуусыг хамруулсан соёл, урлаг, спортын арга хэмжээнүүд болон эссэ бичлэгийн уралдаан, Фэйсбүүк форум, Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагаатай холбоотой санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллах, АНУ-ын Нобелийн шагналтан, шилдэг залуу бизнесмен, венчур, хөрөнгө оруулагч, старт-ап компани үүсгэн байгуулагчдыг Монголд урьж туршлага хуваалцах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Залуучуудын жилийн нээлттэй хамтатган “LEAD Alliance 2019” буюу “Ардчиллыг бэхжүүлэгч залуу манлайлагчид”-ын олон улсын III чуулга уулзалтын нээлт болов. Энэхүү чуулга уулзалтад оролцохоор Бутан, Киргиз, Мьянмарын залуусын төлөөлөл ирсэн бөгөөд тэд манай залуустай хамтран Улаанбаатарт чуулна. Оролцогчид өөрсдийн орны залуу манлайлагчдын нийгэм дэх оролцоо, туршлагаасаа хуваалцаж, байгаль орчин, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ил тод байдал, авлигатай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцох юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залууст хандан хэлсэн үгэндээ дэлхий дахинд энхтайван байдлыг тогтоох, сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэхийн чухлыг уриалав.

Залуучуудын жилийн нээлтэд ГХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, LEAD Mongolia хөтөлбөр, Монгол дахь Энхтайвны корпус, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, АНУ-д төгсөгчдийн холбооноос болон холбогдох бусад байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцов.

2019 оныг “Монгол, Америкийн Залуучуудын жил” болгох асуудлыг 2017 онд тохиосон Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд эхлүүлж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 9 дүгээр сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцсон бөгөөд энэхүү арга хэмжээг ийнхүү өргөн оролцоотойгоор тэмдэглэх нь хоёр орны харилцааны цар хүрээг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж