Төсвийн байнгын хороо үдээс хойшхи хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай байв. Засгийн газраас өнгөрөгч баасан гаригт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг яаралтай хэлэлцэх дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирээд байсан юм. Төсвийн тухай хуульд дараах өөрчлөлтүүд оруулахаар оруулж ирсэн.
Тодруулбал “60.5-т аймаг, нийслэлийн хөгжлийн сан нь тухайн хуулийн 60.2.6-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн хөгжлийн санд олгоно, “60.6. Аймаг, нийслэлийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогын 50-иас доошгүй хувийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай орших сум, дүүргийн хөгжлийн санд олгоно зэрэг заалтуудыг нэмж тусгахаар болжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Х.Даваасүрэн нар дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь орон нутгийн удирдлагыг авлигадах замаар зөвшөөрөл авах заалт оруулж ирснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан юм. уг асуудлаар санал хураахад байнгын хорооны 12 гишүүний 7 нь дэмжсэнээр уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Харин Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхи нь дэмжлээ.Уг хуульд эрчим хүч, төмөр замын салбарын өрийг улсын өрөөс хасах тухай асуудлыг тусгаж оруулж ирсэн юм.
С.ОТГОН
Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуульд орж буй өөрчлөлтүүд
- 3/60 дугаар зүйлийн 60.7 дах хэсэг:
“60.7. Энэ хуулийн 60.2.6-д заасан эх үүсвэрийг ашигт малтмал ашигласан, 60.2.7-т заасан эх үүсвэрийг тусгай зөвшөөрлийн талбай байрлах аймаг, нийслэлийн хөгжлийн санд улсын төсвөөс шилжүүлнэ.”
- 4/60 дугаар зүйлийн 60.8 дах хэсэг:
“60.8. Энэ хуулийн 60.2.6-д заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар тогтооно.”
- 5/60 дугаар зүйлийн 60.9 дэх хэсэг:
“60.9. Энэ хуулийн 60.6, 60.7-д заасан нутаг дэвсгэр нь 2 болон түүнээс дээш тооны засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийг хамрах бол хувь тэнцүүлэх замаар орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хийнэ.”
- 6/60 дугаар зүйлийн 60.10 дах хэсэг:
“60.10. Энэ хуулийн 60.5-60.9-д заасан орлогын шилжүүлэг хийх нарийвчилсан аргачлалыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
- 7/ 60 дугаар зүйлийн 60.2.6 дах заалт:
“60.2.6. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувь”
- 8/ 60 дугаар зүйлийн 60.2.7 дах заалт:
“60.2.7. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь”.
2 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсгийг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:
1/ 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэг:
“59.2. Аймаг, нийслэл нь орон нутгийн хөгжлийн сангаас энэ хуулийн 59.1.1-59.1.5-т заасан орлогын шилжүүлгийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн хөгжлийн санд энэ хуулийн 59.3-т заасан үзүүлэлтийг харгалзан хуваарилна.”
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.