Монголын хэвлэлийн хүрээлэн Юнеско, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болон Холбооны Бүгд найрамдах Герман улсын Дойче Велле академийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын үндэсний форумыг өнөөдөр /2019.02.27/ зохион байгуулж байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах энэхүү форумын талаар “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын хэрэгцээ шаардлага ач холбогдлыг олон нийт хэвлэл мэдээлэл, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх зорилготой. Мэдээлэл, мэдлэг бол орчийн үеийн нийгмийн хөгжлийн гол стратеги. Тиймээс иргэддээ мэдээллийг хэрхэн мэдлэгтэйгээр олж авч ашиглаж, бүтээж, бусдад түгээх мэдлэг, чадварыг олгох нь улс үндэстний амин чухал асуудал гарцаагүй мөн” гэдгийг онцолж байсан юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
–Хэвлэл мэдээллийн суурь боловсрол гэж юуг хэлж байна вэ?
-Хэвлэл мэдээлэлтэй харьцах суурь боловсрол гэдэг нь бичиг үсэг тайлагдсаны дараагийн шатны боловсрол юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн нийгэмд орчин үеийн техник технологи, мэдээллийн хөгжсөн орчин нөхцөлд хүн уншиж, бичиж чаддаг байх нь хангалтгүй. Ингэхдээ буруу мэдээлэлд итгэдэг, мэдээлэлд шүүмжлэлтэй ханддаггүй учир сурталчилгааг үнэн зөв, бодит мэдээлэл гэж хүлээн авдаг, арилжааны сурталчилгааг бодит мэдээллээс ялгаж салгадаггүй, хүүхдүүд фэйсбүүкээр цацагдаж буй нэгнийхээ үзэл бодлыг бодит үйл явдал гэж хүлээж авдаг.
Монголчууд бүгд шахам бичиг үсгийн боловсролтой ч их хэмжээний мэдээллийн үер дунд хэрэгцээтэй, үнэн бодит, итгэл үнэмшилтэй мэдээллийг ялгаж салгаж байна уу гэвэл ихэнх нь үгүй. Тэгэхээр бичиг үсгийн боловсрол, хэвлэл мэдээллийн суурь боловсрол хоорондоо ялгаатай.
Жирийн иргэн өдөр бүр олон янзын эх сурвалж болох телевиз, радио, сонин, сайт, гар утас, интернет зэрэг хэрэгслээр маш олон тооны мэдээлэл авч байна. Өөрөөр хэлбэл, баримттай сэтгүүл зүйн мэдээ мэдээлэл, хувь хүний үзэл бодол, садар самуунд уруу татсан, гэмт хэргийг өөгшүүлсэн, тоглоомын шинжтэй зэрэг их хэмжээний мэдээлэл дунд бид амьдарч байна. Ямар эх сурвалжид итгэх эсвэл үл итгэх, ямар сувгаас болгоомжлох, мэдээлэлд хэрхэн шүүмжлэлтэй хандах, цаашлаад бодитой мэдээллийг олж авах чадвартай болохыг энэ цаг үе шаардаж байна.
ЗАЛУУС ШҮҮМЖЛЭН ДҮГНЭХ ЧАДВАРГҮЙ БОЛОХОД ТУН ОЙРХОН БАЙНА
-Бусад улс орнуудтай харьцуулахад мэдээллийн суурь боловсрол ямар түвшинд байна гэсэн үг вэ?
–Зарим улсын Засгийн газар хэвлэл мэдээллийн суурь боловсролоор Үндэсний хэмжээний бодлого боловсруулж, үндэсний аюулгүй байдалтай холбон боловсролын тогтолцоондоо шингээж байна. Дэлхий нийтэд энэ хөдөлгөөн идэвхтэй өрнөж байгаа ч манай орны хувьд хоцрогдолтой байгаа. Тиймээс үндэсний хэмжээнд энэ асуудалд анхаарал тавихаас аргагүй. Учир нь энэ бол үндэсний ашиг сонирхол. Эл асуудалд анхаарал хандуулахгүй бол хүүхэд залуус мэдээллээр бөмбөгдүүлсээр байгаад нэг мэдэхэд интернэт тоглоомд донтсон, зар сурталчилгаа, хувь хүний үзэл бодолд төөрсөн, улс нийгэмд юу болж байгааг үнэлэх чадваргүй, хэрэгцээт мэдээллээ бодит эх сурвалжаас аваад шүүмжлэн дүгнэх чадваргүй болоход хүрэхэд тун ойрхон байна.
-Мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхдээ юуг анхаарах ёстой вэ?
-Хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй бидний өдөр тутмын амьдралд технологи маш хурдтай хөгжсөн. Бидэнд давуу тал олгож байгаа ч нөгөө талаар мушгин гуйвуулсан мэдээллийг хүлээн авах, түгээх боломж тэлж байна гэсэн үг. Товчхондоо, мэдээллийг олон нийтэд хүргэхдээ бусдыг гүтгэж, доромжилж болохгүй, ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой.
Үндэсний форумд хэвлэл мэдээлэл, төрийн болон төрийн бус байгууллага, багш эрдэмтэн судлаачдын төлөөлөл болох 60 гаруй хүн ирсэн байв. Тэд “Өмнө нь мэдээллийн хэрэгслийг үр дүнтэй ашиглах, мэдээллийг үнэлж цэгнэх, зөв хариуцлагатай ашиглах, цахим технологийн тусламжтайгаар мэдээлэл бүтээх түгээхтэй холбоотой үүрэг хариуцлагын талаар тэр бүр өргөн хүрээнд хэлэлцэж байгаагүй. Энэ удаа их үр дүнтэй форум болж байна” хэмээн ярьж байлаа.
Форумын үеэр хэлэлцсэн асуудал, санал зөвлөмжид тулгуурлан Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэх аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ