Оросын залуучууд 16-17 насандаа бэлгийн амьдралд орж, энэ байдал нь төрөлтөд нөлөөлж байгааг ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ. “Залуус эрт бэлгийн харьцаанд орж, гэр бүлтэй болохоосоо өмнө бэлгийн замаар халдварладаг өвчин “цуглуулж байна” хэмээн Эрүүл мэндийн яамны Нөхөн үржихүйн шинжээч Олег Аполихин “Эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах тулгамдсан асуудлууд” дугуй ширээний ярианы үеэр хэлсэн байна.
Улс орны нөхөн үржихүйн чадвар нөхөн үржихүйн насны хүмүүсийн эрүүл мэнд, бэлгийн амьдралын сахилга батаас ихээхэн хамаарч байгааг энэхүү дугуй ширээний ярианы үеэр онцлон хэлэлцжээ. Олег Аполихины хэлснээр хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн 77,4 хувь нь ямар нэг өвчинтэй байгаа ажээ.
“Байдал яагаад ийм байгааг судалж үзэхэд залуучууд эр, эмгүй 16-17 насандаа, зарим нь бүр түүнээс ч эрт бэлгийн харьцаанд орж байгаатай холбоотой байсан. Гэр бүл зохиох бодолгүйгээр ингэж бэлгийн харьцаанд орж байгаа нь бэлгийн замын халдварт өвчин авах нөхцөл болж байна. Ингэж халдвар авсан хүмүүс гэр бүл зохион хүүхэд төрүүлэх болоход эрсдэл гарч байна” гэж тэр хэллээ.
Оросын залуучуудын гэр бүл зохиох дундаж нас нь эмэгтэйчүүдийн хувьд 24-26, эрчүүдийн хувьд 26-29 нас байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ