Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн захирлаар Б.Батцэцэг томилогджээ.
Ардчилсан нам МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтран 2012-2016 онд Засгийн газрыг хамтран барих үед Ч.Улаан 2012-2015 онд Сангийн сайдаар ажиллаж байсан. Энэ үед Б.Батцэцэг нь тус яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан аж. Харин 2016 онд Засгийн эрх солигдсоны дараа Б.Батцэцэг нь Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан ч өнгөрсөн 2018 онд Монголдоо ирсэн аж. Түүнд сайд Ч.Улаан итгэл хүлээлгэснээр ЖДҮХС-г удирдах эрх олгоод байна.
Өмнө нь энэ санг С.Төгсбилэг гэх залуу удирдаж байсан. Энэ үед Хүнс хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Б.Батзориг ажиллаж байсан. Гэвч эрх баригч намын 10 гаруй гишүүн ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан нь ил болж, прокурорын газраас энэ асуудалтай холбогдуулж, хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж байсан. Гэвч МАН-ын гишүүд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаж, авч үлдсэн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад буй. Хуульчид ч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан энэхүү хулгайтай тэмцэхээ мэдэгдээд буй бөгөөд хэвтүүл нэртэй хөдөлгөөн ч байгуулагдаад байгаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ