Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллав | News.MN

Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллав

Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллав

Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2019.2.26/ Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтанбулаг хилийн боомт, Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албыг түшиглэн хэрэгжүүлж буй Хилийн үйлчилгээг сайжруулах төсөл, Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төслийн явцтай газар дээр нь танилцлаа.

Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал 2014 онд чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд шилжсэнээс  хойш чөлөөт бүсийн нутаг дэвсгэрээр зорчиж буй хүний тоо, нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг Шадар сайдад танилцуулаад чөлөөт бүс үйл ажиллагаагаа тэлэхэд хамгийн тулгамдсан хэрэгцээ нь бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил болохыг  тайлбарлаж, энэ асуудлын шийдэлд дэмжлэг хүслээ.

Алтанбулаг чөлөөт бүсэд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллагуудын удирдлага оролцсон уулзалтын үеэр яг зэргэлдээ оршдог Алтанбулаг боомт, Алтанбулаг чөлөөт бүс,  Алтанбулаг сумын  дэд бүтэц,  ялангуяа цэвэр, бохир усны хангамжийг харилцан уялдаатай шийдэх арга замыг эрэлхийлэхээр ярилцлаа.

Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийв. Эдгээр төслийн хүрээнд Алтанбулаг боомтыг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлж, боомтоор дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээврийн урсгалыг салгаж, шинээр авто зам тавьж нэвтрэх урсгалыг чөлөөтэй болгохын зэрэгцээ Сүхбаатар хотод Мал эмнэлгийн лаборатори, Алтанбулаг боомтод Хүнсний аюулгүй байдлын лаборатори, Ургамал, малын хорио цээрийн байгууламж шинээр барих юм байна.

Монгол орны умард хаалга болсон Алтанбулаг боомтын нүүр царайг өөрчлөх чухал байгууламжуудын бүтээн байгуулалт удахгүй эхлэх гэж байгаад сэлэнгэчүүд баяртай байгааг аймгийн Засаг дарга Ш.Оргил илэрхийлж байлаа.

Шадар сайд томилолтоо өндөрлүүлэхийн өмнө Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг зарлан хуралдуулж, цас бага орсноос хуурайшилт их байгаа энэ хавар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бололцоот бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг комиссын гишүүдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл,мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж