Энэ онд болох спортын хамгийн том үйл явдал бол сагсан бөмбөгийн 2019 ДАШТ юм. Ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 15-ны хооронд БНХАУ-ын найман хотод зохион байгуулагдах сагсан бөмбөгийн ДАШТ-д таван тивийн 32 улсын шигшээ баг өрсөлдөнө. Тэмцээнд оролцох багуудын тив тус бүрийн сонгон шалгаруулалт уржигдар өндөрлөсөн бөгөөд 32 улсын шигшээ багийн нэр бүрэн тодорчээ.
Хамгийн сүүлийн эрхүүдийг уржигдар Европ тивийн төлөлөл Монтенегро, Америк тивийн төлөөлөл Пуэрто-Рико болон БНДоминикан улсууд авсан байна. Европын бүсийн I хэсэгт багтсан Монтенегро улсын шигшээ баг сонгон шалгаруулалтын хамгийн сүүлийн тоглолтоо Латви улсын багтай хийж 74-80 харьцаатай хожигдож хэсэгтээ хожил, хожигдлын харьцаагаар Латвитай тэнцсэн. Гэвч хоёр багийн 2 тоглолтын нийлбэр оноогоор Монтенегро 158 оноо авсан бол Латви 155 оноо авснаар Монтенегро дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.
Америкийн бүсээс Пуэрто-Рико улсын шигшээ баг Уругвайн шигшээ багийг 65-61 харьцаатай хожиж эрхээ авсан бол БНДоминикан улсын шигшээ баг F хэсгийн 4-рт шалгарч, дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ. Дэлхийн аваргын хэсгийн сугалааны үйл ажиллагаа гуравдугаар сарын 16-нд БНХАУ-ын Шенжен хотноо болно.
ДАШТ-Д ОРОЛЦОХ ШИГШЭЭ БАГУУД:
- Ази: Хятад, Япон, Өмнөд Солонгос, Иран, Йордан, Филиппин
- Австрали ба Номхон далай: Австрали, Шинэ Зеланд
- Африк: Ангол, Кот-д’Ивуар, Нигери, Сенегал, Тунис
- Америк: АНУ, Бразил, Аргентин, Канад, БНДоминикан, Пуэрто-Рико, Венесуэл
- Европ: Испани, Серби, ОХУ, Польш, Литва, Турк, Франц, Чех, Герман, Грек, Итали, Монтенегро
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ