“Дэлхийн мисс-2018” тэмцээний үндэсний ялагч Э.Энхриймаагийн санаачилж буй “Сүрьеэгүй Монгол” төсөлд БНХАУ-ын ЭСЯ-аас 100 мянган юань хандивлажээ. Мисс бүсгүйн үүсгэн байгуулсан “Энхрий эрдэнэ” сангийн байранд өнөөдөр /2019.02.27/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Шин Хаймин хүрэлцэн ирж, түүнд батламж гардуулан өглөө.
Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Шин Хаймин болон түүний соёлын зөвлөх И Вэй, “Энхрий эрдэнэ” сангийн тэргүүн Э.Энхриймаа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцав. Энэ үеэр мисс Э.Энхриймаа хандивын мөнгөөрөө Монгол Улсдаа сүрьеэ өвчнийг эсрэг төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран нэн шаардлагатай байгаа ажилд зарцуулж, та бүхэнд эргэн тайлагнах болно гэдгийг хэлж байв.
Э.ЭНХРИЙМАА: СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ИД ХИЙЖ БҮТЭЭХ НАСНЫ ЗАЛУУС ӨВЧИЛЖ БАЙНА
-Миний хувьд 2018 онд үндэсний ялагч болж, “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохдоо хүмүүнлэгийн сэдвээ маш удаан хайж, судалсан. Тэр үеэр сүрьеэ өвчний талаарх судалгаа миний сэтгэлийг ихээр эмзэглүүлсэн юм. Учир нь гадуур явж буй гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээгч байдаг. Халдвар тээгч болсон 10 хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвддөг гэсэн судалгаа бий. Хэрвээ энэ судалгаагаар явбал манай улсад одоогийн байдлаар сүрьеэгээр өвчилсөн 100 мянга гаруй хүн байна. Энэ өвчтөнүүдийн бараг 80 хувийг ид хийж бүтээх 18-35 насныхан эзэлж байгаа нь харамсалтай. Тийм учраас энэ сүрьеэ өвчинг эдгээх, сүрьеэ өвчний халдварын тоог бууруулахаар өөрийн “Энхрий эрдэнэ” сангаа байгуулсан.
Би Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй байнга хамтран ажилладаг. Бидний зүгээс эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран хандивын мөнгөө ямар төсөлд зарцуулах талаараа ярилцана. “Энхрий эрдэнэ” сан маань байгуулагдаад таван сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд “Сүрьеэгүй Монголын төлөө” видео танилцуулгаас гадна “Сүрьеэгүй гэр бүл” гар зургийн уралдааныг 21 аймгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. Мөн “+100 төгрөг” аяныг улс даяар зохион байгуулж, 2500 сүрьеэгээр өвчилсөн хүнд амин дэм авч өгсөн. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүс хоёр жил гаруй хугацаанд эмчлэгддэг. Тэр хугацаанд дүлий болох, элэг нь ажиллагаагүй болох зэрэг үр дагавар гардаг учраас урьдчилан сэргийлэх амин дэм авч өгсөн тухайгаа ярилаа.
ШИН ХАЙМИН: Э.ЭНХРИЙМААГИЙН САНААЧИЛЖ БУЙ “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” ТӨСЛИЙГ ЦААШИД ДЭМЖИН АЖИЛЛАНА
–Дэлхийн мисс-2018” тэмцээний үндэсний ялагч Э.Энхриймаагийн үүсгэн байгуулсан “Энхрий эрдэнэ” санд зочилж байгаадаа таатай байна. Мисс бүсгүй маань өөрийн сангаа нээгээд таван сарын хугацаа өнгөрч байгаа хэдий ч сүрьеэ өвчний талаар олон нийтэд мэдээлэл өгч, бусдад тустай үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулжээ. Манай ард түмэн “Агуу хайранд хил хязгаар гэж байхгүй” гэж ярьдаг. Тиймээс хүн төрөлхтөний хайрын төлөө бүтээж буй хүмүүнлэгийн үйлс нь дэлхийн хэмжээнд өргөжинө гэдэгт итгэлтэй байна.
Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа хил залгаа оршдог найрсаг хөрш орнууд билээ. Манай хоёр улсын хооронд 4700 гаруй километр урт хилийн шугам бий. Энэ хилийн шугам нь хоёр улсын найрсаг харилцааг холбож буй тууз юм. Ойрын жилүүдэд манай хоёр улсын хоорондын харилцаа хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо гэсэн гурван талын хамтын ажиллагаа хөгжиж байна.
Энэ жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Мисс Э.Энхриймаа Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн мисс-2018” тэмцээнд амжилттай оролцсон. Хятад улсад ч гэсэн Монголын мисс бүсгүйг олон хүмүүс дагадаг. Мисс Э.Энхриймаагийн санаачилж буй “Сүрьеэгүй Монгол” төслийг цаашид дэмжин ажиллах болно гэв.
Д.НЯМХҮҮ: "СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЭЛЧ"-ЭЭР МИСС Э.ЭНХРИЙМААГ БАТЛАМЖИЛНА
Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд чамгүй аюул дагуулж буй сүрьеэ өвчний эсрэг аяныг мисс Э.Энхриймаа маань зохион байгуулж байгаа нь чухал юм. Мөн энэ өвчний эсрэг эх орондоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна дэлхийн бусад оронд олон хүнийг уриалан дуудаж, тэдний оролцоог татан оруулж байгаа нь сайшаалтай. Мисс бүсгүй маань ийм чухал санаачлага гарган, БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаньд хандан захидал бичсэн юм.
Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Шин Хаймин “Ирэх зургадугаар сард Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд болон “Энхрий эрдэнэ” сангийн төлөөлөл БНХАУ-д ирэхийг урьж байна. Энэ уулзалтаар Хятадын сүрьеэ өвчинтэй тэмцдэг ижил байгууллагуудтай холбоо тогтоож, туршлага хуваалцан, хамтран ажиллах хүсэлтийг тавих юм. Мөн 2019 оны зургадугаар сард багтан Монгол Улсын сүрьеэ халдварт өвчинтэй тэмцэх элчээр мисс Э.Энхриймааг батламжилна.
Манай улсад жил бүр шинээр 4000 хүн сүрьеэгээр өвчилж байна. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тоо улам нэмэгдэх хандлагатай болоод байна. Энэ нь нэг хүн сүрьеэгээр өвдсөн тохиолдолд 24 сар буюу хоёр жилийн дараа эмчлэгддэг. Гэтэл олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн хүн 36 сар буюу гурван жил хүртэл удаан эдгэдэг. Нэг өвчтэй хүний цаана гэр бүл нь эрүүл мэнд, санхүүгийн дарамтад ордог. Тиймээс бид сүрьеэгийн 24 сарын эмчилгээг есөн сар болгох томоохон төсөл хэрэгжүүлж байна. Энэ удаан эмчлэгдэж буй сүрьеэгээр өвчилсөн нэг хүнд бараг 50 сая төгрөг зарцуулдаг бол сүрьеэ өвчнийг эрт илрүүлэн эмчилж чадвал нэг хүний зардлаар 20 гаруй хүнийг эмчлэх боломжтой болох юм” гэдгийг хэлж байв.
М.НАСАНБАТ: ГАНЦ ОХИНООРОО ҮРГЭЛЖ БАХАРХДАГ
-Охиноо “Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцох шийдвэр гаргах тэр мөчид гэр бүл нь хүмүүнлэгийн үйлстэн байдаг гэдгийг ухамсарласан байдаг. Тийм учраас охин Э.Энхриймаагаа бүхий л талаар бид дэмжин ажилладаг. Бид анх хүмүүнлэгийн үйлсийнхээ сэдвийг хайж, олон ч газраар судалгаа хийж явсан. Үүний үр дүнд манай улсын хүн амын дунд сүрьеэ өвчний тархалт өндөр, эмэнд дасалтай сүрьеэ сүүлийн жилүүдэд аюултай хэмжээнд хүрч байгаа судалгаатай танилцаж, сэдвээ сонгосон.
Манайх ам бүл зургуулаа. Охин Э.Энхриймаа маань нэг ах, хоёр эрэгтэй дүүтэй. Миний хувьд ганц охиноороо үргэлж бахархдаг. Ах, дүү, аав нь гээд бид бүгд охиныхоо их үйлсийг дэмждэг юм.
гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ