-Үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй зах зээлийн тооцоо судалгаатай эрхлэх мэргэжлийн баг хэрэгтэй байна-
Монгол Улсын хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 84,5 хувь буюу 50600 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид аж. Тэд ДНБ-ийн 20 гаруй, экспортын 0.7 хувийг эзлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд гаргадаг байна. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахаас эхлээд чанарыг сайжруулах. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн баялгийг дотооддоо худалдан авах, төр юуг нь бодлогоор дэмжиж ажиллах вэ?. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд өнөө жил хэдий хэмжээний хөрөнгө оруулалт тусгасан бэ гэх зэрэг олон асуудлыг хөндсөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
Уг чуулганыг Аж үйлдвэрийн яам, УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хамтран зохион байгуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болсон 700 гаруй иргэн оролцож байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэрэглэгчид хэрсүүжиж, чанаргүй өндөр үнэтэй хэрэглээгээ хязгаарлаж, ухаалаг сонголт руу шилжиж, баялаг бүтээгчдээс илүү чанартай, зохист үнэтэй бүтээгдэхүүнийг шаардаж байна. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрүүдэд хөрвөх чадвартай мэргэжилтэн, түлхүүр инженерүүдийг бэлтгэх, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн шинэ зохион байгуулалт хийх, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй зах зээлийн тооцоо судалгаатай эрхлэх мэргэжлийн баг хэрэгтэй байна. Иргэд үнэ хөөрөгдсөн чанаргүй импортын бараанаас татгалзаж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах өргөн боломжийг олгож байна. Энэ цаг үеийг зөв ашиглах хэрэгтэй.
Төрөөс үйлдвэрлэлийг олон үе шаттай санхүүгийн болон санхүүгийн бус арга хэлбэрүүдээр дэмжиж үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр худалдан авах нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагагүй, төлбөрийг уян хатан нөхцлөөр хийх боломжтой болгох;
Венчур үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллагыг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Төрийн бүх шатны төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор учруулахгүй байх, ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд төрийн байгууллагууд худалдан авах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Худалдааны тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд холбогдох өөрчлөлтүүдийг хийж байна.
Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэлд шинэ техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Төр – Хувийн хэвшил – Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах замаар залуучуудын инновацийн дэмжих хөтөлбөрийг боловсруулна” гэлээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ залуучуудын шинэлэг санаан дээр үндэслэн шинжлэх ухааны байгууллагууд ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн тусгай зөвлөгөөг өгөх технопарк байгуулах, харин төрөөс гарааны хөрөнгө оруулалтаар дэмжих замаар хэрэгжүүлэх аж. Ингэснээр техник, технологийн чиглэлээр сурч буй болон төгссөн залуучууд төслөө боловсруулж хамрагдах боломж бүрдэх юм байна.
Нөгөө талаас импортоор орж ирж байгаа барааны хяналтын тогтолцоо сул, эрх зүйн орчин бүрдээгүй нь Монголд үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнийг гадаад улсад дууриан үйлдвэрлэж, монголын болон гадаадын зах зээлд гаргаж бараа бүтээгдэхүүний гарал үүсэл болон оюуны өмчийн эрхийг зөрчих тохиолдол гарч буй аж. Энэ бүхэнтэй тэмцэх зорилгоор Аж үйлдвэрийн яамнаас "Худалдааны тухай хууль"-ийн төсөл боловсруулсан бөгөөд оюуны өмчийн эрхийг зөрчсөн, гарал үүсэл тодорхойгүй бараа, бүтээгдэхүүн импортлохыг хориглох, зах зээлээс эргүүлэн татах, хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгаж өгсөн байна.
Мөн ЖДҮ болон үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэж байгаа бараатай ижил төрлийн барааны импортын татварын хэмжээнд өөрчлөлт оруулах саналыг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Импорт орлох бүтээгдэхүүнийхээ өртөгийг экспортоор нөхөх нь бидний зарчим байх ёстой. Инноваци, үндэсний эдийн засагт шаардлагатай болж буй техник, бааз шинэчлэл, үндэсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын түвшинг дээшлүүлэх, дэлхийн стандартад хүргэх шаардлага ирж байна. Үүнгүйгээр орчин цагийн зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох боломжгүй” гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд 2006 оноос эхэлж, тодорхой зээл олгож эхэлсэн байна. Энэ жилийн тухайд 80 тэрбум төгрөгийг олгох шийдвэр гаргасан. Мөн салбарын яамны холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар ЖДҮ эрхлэгч нарт санхүүгийн бус үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Энэ нь ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх асуудал багтдаг ажээ.
Яг одоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид санал бодлоо хэлж, салбарын хөгжлийг урагшлуулахад яах ёстой талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
17.30 цаг.
Аж үйлдвэрийн яам, УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний зөвлөгөөн”-ийг Төрийн ордонд зохион байгуулах үеэр үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэлээ.
Тухайлбал, “Мэргэн тур” компани арьс, ширээр бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Ингэхдээ цүнх, түрийвч, тэлээ зэргийг түхлүү үйлдвэрлэдэг аж. Ирэх сард Япон руу бүтээгдэхүүнээ экспортлохоор ажиллаж буй юм байна. Мөн үйлдвэрлэгчид жамц давс, зөгийн лав, чацарганаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байлаа.
Тус үзэсгэлэнд ноос, ноолуурын салбарынхан, мөн хүнсний салбарынхан ч бүтээгдэхүүнээ дэлгэж, сурталчилав.
Харин зөвлөгөөний үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс тавьсан чухал асуудлын нэг нь импортын бүтээгдэхүүнээс дотоодынхоо бүтээгдэхүүнийг хамгаалахад төр бодлогоор анхаарах шаардлагатайг санууллаа. Түүнчлэн бичил зээл олгоход насаар нь ялгаварлаж байгаа асуудалд анхаарахыг хүсэв.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Маш ноцтой асуудлыг тавилаа. Ингэж болохгүй. Аж үйлдвэрийн яамнаас энэ чиглэлийн зээлийг олгоход насаар ялгаварлах бодлого бариагүй. Юу хийж чадаж байна, түүнд зээл олгох ёстой. Гол нь төсөл нь амжилттай хэрэгжих, импортыг орлох бүтээгдэхүүн байх нь чухал байгаа” гэлээ. Дээр нь залуучуудаа бодлогоор дэмжихийн тулд “Залуучуудын инноваци” төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсанаа дахин тодотгов. Уг төсөл хэрэгжсэн нөхцөлд үйлдвэрлэл эрхлэхээр зүтгэж байгаа залуусын ажлыг дэмжих бодит нөхцөл бүрдэх ажээ.
ЖДҮ-ийн зээлийн хүү энэ жил өсч, жилийн есөн хувьд хүрсэн байна. Өмнөх жилүүдэд энэ төрлийн зээлийн хүү 7 хувь байсан аж. Хүү ийн нэмэгдсэн шалтгааныг сайд Монголбанкны бодлогын хүү өссөнтэй холбон тайлбарлав.
Долларын ханш өссөнтэй холбоотойгоор төв банкны зүгээс бодлогын хүүгээ өсгөсөн юм. Монголбанкны бодлогын хүү 13 хувьд хүрсэн. Тэгвэл энэ нь ЖДҮ-ийн зээлийн хүүг нэмэх суурь шалтгаан болжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн одоо өндөрлөөд байна. Уг зөвлөгөөнд хот, хөдөөгийн 700 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, салбарын төвшинд хийвэл зохих ажлууудын талаар саналаа хэлж, мөн өөрсдөд тулгарч байгаа бэрхшээлээ ярьсан юм.
Г.ДАРЬ