Долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэнэ

Долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэнэ

Засгийн газрын өнөөдөр /2019.02.27/-ийн хуралдаанаар Тусгай сангуудад хийсэн шалгалтын хариу цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцсэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Сангийн яамнаас Засгийн газрын 29 санд шалгалт хийсэн бөгөөд 29 сангийн долоог нь татан буулгах тогтоолын Засгийн газраас баталжээ.  Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон санг татан буулгахаар болжээ.  Ингэхдээ сангуудтай холбоотой хуульд өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Мөн зээлтэй холбоотой Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гурван санг нэгтгэх шийдвэрийг гаргаснаас гадна Авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн гурван сангийн үйл ажиллагааг сайжруулахаар болжээ.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Боловсролын зээлийн санд маш их диплом барьцаа маягаар байж байдаг. Диплом нь өөрөө барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа учраас уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. 1997 оноос хойш 1893 хүн Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурч,  52.3 сая ам.доллар зарцуулагдсанаас 32.7 сая нь эргэн төлөгдсөн” гэлээ.

Бүх сангуудад нийт 14 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна. Тодруулбал, ямар нэгэн шийдвэр гаргахдаа мэргэжлийн холбоодыг оролцуулах, үйл ажиллагааг ил тод болгох, холбогдох бүхий л мэдээллийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд зэрэг үүргийг өгчээ.  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нийт 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 47 тэрбумын зөрчил нь тендерийг зохион байгуулахтай холбоотойгоор гарчээ. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтрэлттэй байгаа аж.

Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөгдөөгүй 100 гаруй тэрбум төгрөг байгаа аж. Тиймээс уг сангаас зээл авсан хүмүүсийг зээлийг нь эргэн төлүүлэх юм байна. Нэг  компани хэд, хэдэн сангаас зээл авсан зөрчил илэрсэн байна. Тиймээс зээлтэй компаниудын мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болжээ. Цаашид сангуудтай холбоотой үйл ажиллагааг цэгцэлж, чангатгах шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Мөн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдгийг хориглох, төрийн албан тушаалтан зээл авдгийг болиулах зэрэг арга хэмжээг авахаар болжээ.

Ч.УЛААН: ЖДҮХС САНГИЙН ЯАМАНД 100 ТЭРБУМЫН ӨРТЭЙ

Мөн энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийж өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулсан билээ. Харин энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын сангуудад авах арга хэмжээний тогтоолыг баталсан юм. Тус тогтоолд долоон санг татан буулгаж, зээл олгодог гурван санг нэгтгэх, гурван сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тусгасан байна.

ЖДҮХС өөрөө Сангийн яамнаас 100 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж өгөөгүй өнөөдрийг хүрчээ. Тус өр нь 2008 оноос хойш хуримтлагджээ. Тэрбээр “Засгийн газрын сангуудад санхүүгийн багагүй зөрчил байна. Шалгалтын мөрөөр өр авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулна. Мөн зээлээ зориулалтын дугуу ашиглаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, албан тушаалтантай хариуцлага тооцно. Бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн нэр хүнд нь хөндөгдөж таарна. ЖДҮХС өөрөө асар их хэмжээний өртэй байгаа. 100 тэрбум төгрөгийн хугацаа хэтрэсэн өртэй байна. Одоо төлөгдөж орж ирж байгаа зээлүүд өрөнд суутгагдсан байна.

Цаашдаа Сангийн яамтай зээлээ хэрхэн барагдуулах талаар ярилцаж байна. Ингээд энэ жилийн төлөвлөгөөнд тусгасан зарцуулах ёстой зүйлдээ санхүүжилтээ зарцуулна. Үүний хажуугаар зээлээ төлөх хуваариа шинэчлээд зээлээ төлөөд явна. Тэгэхгүй бол зээл олгох эх үүсвэр орж ирэхгүй өрөндөө шууд суутгагдаад явчих эрсдэлтэй нөхцөл үүсээд байна. Мөн дээрээс нь гэрээний дагуу алданги төлнө” гэсэн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж