Хорих 461-р ангид хоригдож байсан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хорих ангид хоригдож байсан хүн нас барсан нь хуулийн байгууллага хариуцлага алдсан асуудал гэж олон нийт шүүмжилж буй. Мөн үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч хариуцлага хүлээх ёстой гэх яриа гараад байгаа юм. Тиймээс энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хорих 461-р ангид хоригдож байсан эмэгтэй нас барсан хэрэг гарлаа. Энэ хэргийн талаар олон нийтийн дунд маш олон таамаг явж байна. Ялангуяа хүн амиа хорлож байхад хорих ангийн дотоод журам алдагдсанаас ийм зүйл болсон гэсэн мэдээлэл байна. Салбарын сайдын хувьд та энэ талаар мэдээлэл авсан уу?
-Одоогоор шалгалт хийгдэж байна, шалгалтын дүн гарсны дараа хариуцлагын асуудлыг ярина. Энэ асуудлаар одоогоор хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тодруулбал, хоригдож байсан хүн нас барсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ямар шалтгаантай, яагаад нас барсан талаар шалгалт явуулж байна. Түүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хяналт, шалгалт оруулаад ажиллаж байна. Энэ шалгалтын дүн өнөөдөр эцэслэн гарах байх. Хууль шалгалтын дүн тодорхой болох үед нь асуудал ярина.
-Одоогоор хорих ангид болсон хэрэгтэй холбоотойгоор ямар нэг албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн зүйл бий юу?
-Дотоод хяналт болон эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр шалгалтын дүн гараагүй байна. Шалгалтын дүн гарч ирээгүй байхад хариуцлага ярихад мөчид цаг хугацааны хайч бий болоод байна.
-Гэр бүлийнхэн болон бусад хуульчдын зүгээс амиа хорлох хүн биш байсан гэдэг мэдээллийг өгөөд байгаа?
-Шалгалтын дүн гарч байж л хуулийн байгууллага эцэслэнэ. Ийм эмзэг асуудлаар аль аль талаасаа буруу мэдээлэл цацаж, бурхан болсон хүнийг хамгаалж байгаа юм шиг дүр эсгэж, бүр доромжлоод байж болохгүй. Хүний амьдралын ийм эмзэг асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой.
-Урьдчилсан байдлаар амиа хорлосон уу, өөр шалтгаантай байсан уу гэдэг талаар танд мэдээлэл ирсэн байх?
-Надад ирсэн мэдээлэл, танилцуулга бол байна. Албан ёсоор шалгалт явуулж, мэдээллээ өгөх байх.
-Талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор саатуулсан ч шүүгч хүүтэй нь бас холбоотой гэх мэдээлэл гараад байгаа?
-Энэ асуудлыг АТГ шалгаж, шөнийн 03.00 цагт саатуулж, маргааш нь авч явж байцаасан гэх мэт сэтгэл санааны хүнд байдал байж байгаад л энэ осол гарсан. Тэр шалгалт нь зөв явагдсан, буруу явагдсан гэдэгт прокурор хяналт тавьдаг.
-Ер нь хорих ангийн камерт хүн амиа хорлох хэмжээний үйлдэл хийгээд, цусаараа гэрээслэл бичсэн гэж хүртэл ярьж байхад харгалзагч нь мэдэхгүй байх боломж бий юу?
-Шалгалтын дүнгээс л харна даа.
-Хуульчийнх нь хувьд та талийгаач Л.Бямбааг хэр сайн мэдэх вэ?
-Би танина, бид хамтдаа Улсын прокурорт нэг конторт сууж, 10 гаруй жил ажилласан.
-Алба хааж байсан цэрэг зэвсэгтэй оргож, ОХУ-ын нутаг дэвсгэрт амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн ОХУ болон манай талын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-ОХУ-ын тал шалгаад материалаа манай талд өгөөгүй байна. Мөн хил дотор гарсан асуудал нь цагдаагийн журмаар шалгагдаж байгаа. Энэ хоёр талд гарсан дүгнэлтийг нэгтгэж байгаад мэдээлэл өгөх байх.
-Хорих ангид хүн нас барсан цэрэг өөр улсын нутаг дэвсгэрт амиа алдсан зэрэг үйлдэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцлага хүлээж, сайдын ажлаа өгөх ёстой гэсэн шүүмжлэл их гарах боллоо. Та хариуцлага хүлээх үү?
-Ийм асуудалд ул суурьтай хандахгүй бол хүн хэлмэгдүүлж, хохироох гээд байдаг. Хариуцлага тооцох асуудлыг сүүлийн хоёр, гурав хоногт л над руу чиглүүллээ. Би хариуцлага тооцох нь тооцно. Гэхдээ яг ном журмаар нь асуудалд хандана. Энэ асуудал хариуцлага алдсан эсэх дүгнэлтийг хууль хяналтынхан дүгнэлт гаргасан тохиолдолд тийм тийм хүн хариуцлага алдсан гэдгийг нь тогтоож, хариуцлага тооцно гэж бодож байна. Хэн хариуцлага хүлээх ёстой нь тогтоогдоно. Харин намайг хариуцлага тооц гэж байгаа зүйл бол захиалгатай зүйл. Намайг ажлаа өг гэж байгаа бол шал өөр зорилготой, өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж дугуй эргэчих гээд байгаа учраас тэрнээс өрсч, далимдуулж байгаа зүйлүүд бий.
-Танай салбарт хүн нас барсан асуудал нэг биш удаа гарлаа. Энэ юутай холбоотой юм бэ. Та өөрөө энэ салбарыг ахалж байгаа хүн шүү дээ?
-Өмнө, одоо ч асуудал байна. Цаашид ч асуудал гарахгүй гэх баталгаа алга. Ямар ч гэсэн шалгалтын дүнг л харж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ