Цагдан хорих ангид саатуулагдсан шүүгч эмэгтэй амь насаа алдсан хэргийн талаар хуульчдын төлөөлөл өнөөдөр /2019.02.27/ мэдээлэл хийлээ. Хуульчдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардсан юм.
Мэдээллийн эхэнд хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалтын газар саатуулагдсан иргэн амиа алдсан асуудал нэг бус удаа гарлаа. Та бүхний санаж байгаагаар ЗТХЯ-ны удирдах ажилтан ажлын байран дээрээ балмад этгээдийн гарт амиа алдсан. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтан ажлын байран дээрээ хутгалуулж биедээ гэмтэл авсан. Хамгийн сүүлд цэргийн алба хашиж байсан хоёр ч байлдагч амиа алдсан хэрэг гараад байна. Үүнээс харахад нийгмийг цочроосон цуврал хэргүүд ердийн үзэгдэл мэт гарах боллоо.
Үндсэн хуульд Монголын нийгэм хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байна гэж заасан. Дээрх хэргүүдээс харахад Монгол Улсын иргэн баталгаатай амьд явах ёстой гэсэн заалтыг зөрчиж буй юм. Өөрөөр хэлбэл иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалж чадахгүй “террорист” төртэй болчихлоо. Тиймээс хуульчдын зүгээс энэ үйл явдлыг чимээгүй ажиглаад өнгөрөхийг хүссэнгүй. Бидний зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх хэргүүдэд анхаарлаа хандуулж, Монгол Улсын иргэний амь насыг хамгаалах чиглэлээр яаралтай хуралдаж, зөвлөмж гаргахыг хүсч байна” гэж ярилаа.
Э.АРИУН
Холбоотой мэдээ