Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Катарын нийслэл Доха хотноо зохион байгуулагдаж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх НҮБ-ын XIII их хуралд оролцож байна. Эл хурал дөрөвдүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм. НҮБ-ын их хуралд нийт 70 гаруй орны сайд, дэд сайд нар оролцож, Олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжихэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого стратегийг хэрэгжүүлэх, Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн эсрэг авах хариу арга хэмжээг өргөжүүлэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Хурлын үеэр Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл Монгол Улсад хийгдэж буй эрүүгийн болон цагдаагийн байгууллагын шинэчлэлийн талаар танилцуулж, мөн Монгол Улсад тулгараад байгаа шинэ төрлийн гэмт хэргүүд тухайлбал хүн худалдаалах гэмт хэрэг, хар тамхи, хориотой соёлын өвийг хилээр зөөвөрлөх гэмт хэрэгтэй тэмцэхэд Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нэн шаардлагатай байгааг онцолжээ.
Д.ЦЭЭНЭ